Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн хэдэн тугал үхжээ. Жирийн үед ганц нэгээрээ үхэж л байдаг мал энэ удаа 20 гарч талийжээ.

Зүв зүгээр бэлчиж байсан тугал нь ингээд цувраад унаад өгөхөөр эзэн нь гайхах нь мэдээж. Яав ийв л болжээ. Энэ явдал эхэлсэн түүх нь ийм. Магадгүй энэ бяцхан түүх 2012-2013 оны дуулиант явдлуудын нэг болох байх. Говийн ганц айлын мал хорогдсон шалтгааныг тодруулахаар Ерөнхий сайд нь захирамж гаргаж, 28 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр ажлын хэсэг томилсон. Асуудал энд хүртлээ өндөр авах болсон шалтгаан нь хэн нэгэн хүн “Танай тугал уранаас болж хордож үхсэн” гэж малчин Д.Норсүрэнгийн чихэнд шивнэчихсэнд байгаа юм. Ингээд жил гаруй сунжирсан асуудлын учиг саяхан тайлагдсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайдын томилсон ажлын хэсэг,БНСУ-ын олон улсын шинжээчдийн хамтарсан дүгнэлтээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хорогдсон 20-иод тугалын үхлийн шалтгаан нь селени гэдэг химийн нэгдэл  болж таарсан. Үнэндээ энэ хэргийн эзэн нь уран ч биш, “Кожеговь” компани ч биш селени гэдэг хэн бүхний мэдээд байдаггүй химийн бодис болсон нь сонирхолтой. Тэгэхээр энэхүү бодис хаанаас гарч ирэв гэдэг асуудал зүй ёсоор босч ирнэ. Тиймээс селени гэдэг бодис хаанаас гарч ирсэн байж болохыг ШУА-ын Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд болон “Арева Монгол” болон “Кожеговь” компанийн эх сурвалжаас тодруулахыг зорилоо.

 

Юуны өмнө селени нь байгалд оршиж байдаг түмэн бодисын нэг нь гэдгийг онцолъё. Тэр бүү хэл малын биед ч тохирох тунгаараа оршиж байдаг гэнэ. Учир нь, энэ бодис булчингийн эдийн хөгжлийг тэтгэж өгдөг ид шидтэй. Хэрэв селенийн хэмжээ багадвал мал селений дутагдалд орно. Эсрэгээрээ ихэдвэл хордлогод орно. Энэ тохиолдолд Д.Норсүрэнгийн тугалнууд селений хордлогод орж үхсэн болохыг лабораторын шинжилгээгээр тогтоосон. Түүнчлэн селени нь улирал болон газар зүйн бүсээс хамаарч газрын гүнд агуулга нь хэлбэлздэг байгалийн элемент юм байна. 1982-1987 онд Монголын говьд Оросын геологийн хайгуулынхны хийсэн судалгаагаар говийн хөрсөн дэх селенийн агуулга маш өндөр байгааг тогтоож байжээ. Тэгэхээр “Кожеговь” компанийг Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж эхлэхээс ч өмнө тус нутагт селенийн агуулга өндөр байсан гэсэн үг. Тийм учраас селений өндөр агуулгыг “Кожеговь”-ын үйл ажиллагаатай холбох нь утгагүй хэрэг болно.  Ер нь бол говийн бүс нутагт селенийн агуулга өндөр байдгийг эрдэмтэд ч хэлдэг. Тэгвэл Д.Норсүрэнгийн үхэр сүрэг ямар цэгээс селений хордлогод өртсөн байж болох вэ. Селени бол говийн бүс нутагт хөрс ба усанд агуулагддаг байгалийн элемент гэдгийг хэлсэн. Тийм учраас Д.Норсүрэнгийн үхэр өнгөрсөн жил хаашаа явж, юу идсэнийг бид мэдэх нь байтугай таамаглах ч аргагүй юм.

Гэхдээ нэг асуулт байна. “Кожеговь” компанийн газар дор уусган олборлох туршилт нь зэргэлдээ байгаа малчны худгуудын усны чанарт нөлөөлөх боломж бий юү. Энэ талаар тус компанийнхнаас тодруулахад, “ Газар дор уусган олборлох туршилтын бүс буюу гүний уст үе болон малчны худгууд байрладаг уст үеүдийн хооронд ямар ч холбоо байхгүй. Газар дор уусган олборлох туршилт малчны худгийн усан дахь селенийн агуулгыг өөрчлөх ямар ч боломжгүй. “Кожеговь” компанийн гүйцэтгэсэн гидрологийн хянан шинжилгээний үр дүнгээр газар дор уусган олборлох туршилтын бүсээс 50 метрийн цаана орших малчны худгуудын усанд уг туршилтын нөлөөлөл байхгүй гэдгийг баталсан” гэсэн хариу өгч байна лээ. Тэдний хариултыг албаны эх сурвалжаас тодруулахад, “Кожеговь ХХК-ний шаврын цэгүүд говийн бүсийн хөрс, устай адил түвшний селенийг агуулдаг. 2012 оны жил тутмын хянан шинжилгээний үзүүлэлтээр шаврын цэгүүд дэхь селенийн агуулга нь 1,3-4,8 ppm буюу Монгол Улсын хөрсний стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс (лавлагаа: MNS 5850) доогуур төвшинд байсан. Кожеговь компаний багийн хийсэн шинжилгээний бүх үр дүнг Засгийн Газар, Цөмийн Энергийн газар хянадаг” гэсэн хариу өгч байв.

Ер нь бол 2009 оноос хойш Кожеговь компаний Дулаан Уул, Дулаан, Өмнөд ба Зөөвч Овоо тусгай зөвшөөрлийн талбайд орших малчны худгуудын усанд шинжилгээ хийж байгаа юм байна. Селенийн агуулга нь цаг хугацаанаас хамаарч маш их зөрүүтэй хэлбэлздэг ба хамгийн өндөр агуулга нь 0,15-0,2 ppm орчим байжээ. Судалгаанаас харахад, хамгийн өндөр агуулга нь 2010 оны зургаа ба долдугаар саруудад ажиглагдсан бөгөөд эрдэмтэд үүнийг 2010 оны зун онцгой гантай байснаар тайлбарлаж байв. Харин , “Кожеговь”-ийн  газар дор уусган олборлох туршилт 2010 оны арванхоёрдугаарр сарын 1-нд эхэлж, 2011 оны зургадугаар сарын 26-нд дууссан. 2011 оноос хойш агуулга нь 0,05 ppm-ээс ч бага байсаар байна. Тиймээс газар дор уусган олборлох технологи ба газар дор уусган олборлох туршилт, уг туршилтын улмаас байгалийн селенийн агуулга өсөж болох уу гэдэг асуултад хамтдаа хариулт эрье.

Селени бол усанд агуулагддаг урантай адил байгалийн бодис юм. Селени цацраг идэвхгүй ч уран хуримтлалын геологийн үйл явц нь селенийг хуримтлуулдаг үйл явцтай адил тул эдгээр элементүүд хамт оршиж байх нь элбэг тохиолддог. Газар дор уусган олборлох туршилтыг уран олборлох боломжит нөхцлийг шалгах зорилгоор гүйцэтгэсэн. Газар дор уусган олборлох арга нь байгаль орчинд хязгаарлагдмал маш бага нөлөөлөл үзүүлдэг болохыг энэ бүсэд хийгдсэн хянан шинжилгээний үр дүнгээс харж болно.  

“Арева Монгол” компаний охин компани “Кожеговь”-ийн хайгуулын үйл ажиллагаа газрын гадаргууд байгаа селенийн төвшинд огт нөлөөгүй. Мөн “Кожеговь” компани нь өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд ямар ч селенийг ашигладаггүй ба бий болгодоггүй гэж байна.

 

Түүнчлэн “Арева Монгол,” “Кожеговь” нь Монголын байгаль орчныг хамгаалах стандартад бүрэн нийцсэн өрөмдлөгийн стандарт арга барилыг хэрэглэдэг гэнэ.

Геологчдийн хэлж байгаагаар бол газар дор уусган олборлох туршилт хийгдсэн уст үе (100 гаруй метрийн гүнд) болон малчдын ашигладаг усан үеүд (15 орчим метрийн гүнд)-ийн хооронд ямар ч боломжит холбоо байхгүй гэнэ.

Туршилт нь худгийн усан дахь селений түвшин өөрчлөгдөхөд хүргэх боломжгүй бөгөөд гидрологийн хянан шинжилгээний үр дүн үүнийг баталж байгаа юм.

Эцэст нь, “Кожеговь” компани нь хайгуулын үйл ажиллагаа явуулах бүртээ хөрс, ус, агаар, ургамал, ан амьтанд хамаарагдах байгаль орчны байнгын хяналтыг тавьж хэрэгжүүлдэг гэдгийг онцлон тэмдэглэж байна. Эдгээр ажлын үр дүнг бие даасан байгууллагууд (Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам, Цөмийн Энергийн Газар) хянадаг бөгөөд хүн болон амьтанд нөлөөлөх эрсдэл байхгүй гэдгийг тогтоожээ. Тэгэхээр малчин Д.Норсүрэнгийн тугалнуудыг хордуулсан селений эх сурвалжийг өөр “цэг”-ээс хайх хэрэгтэй болж байгаа юм. Гэвч байгаль эх гэдэг таашгүй олон нууцыг өөртөө агуулдаг билээ.

 

Л.Тулга