Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэл хүргэж байна.

Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны машин "Nissan Patrol" автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон. Ослын улмаас онцгой байдлын алба хаагчид болон энгийн иргэд нийлсэн долоон хүн амиа алдаж, дэргэдэх 207 дугаар байрны оршин суугчид хоёр жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарч байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрыг буулгаж дууссан бөгөөд ирэх хавраас шинээр барилгын ажлыг эхлүүлэх талаар нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн удаатай.

Гал түймрийн улмаас нөхрөө алдсан н.Батчимэг "Бид осол болсноос хойш удаа дараа холбогдох эрх баригчид, албан тушаалтнуудтай уулзах хүсэлт гаргасан ч тоож байгаагүй. Хамгийн сүүлийн байдлаар Ерөнхий сайд Г.Занданшатарт 2025 оны арваннэгдүгээр сард уулзах хүсэлтээ илгээсэн. 

Энэ оны нэгдүгээр сард уулзах боломжгүй гэсэн хариу өгч байна. Биднийг ялгаварлан гадуурхаж байна. Магадгүй хохирсон иргэдийн дунд өндөр албан тушаалтай, нэр хүндтэй хүн байсан бол ингэж хандахгүй байсан байх. 

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны иргэдийн түрээсийн төлбөрийг сар бүр өгч байна. Байрыг нь хүртэл нурааж шинээр, чанартай барилга барина гэж Хотын дарга Х.Нямбаатар өөрөө лайв хийж мэдэгдсэн. Бид яах вэ? Хүний амь үнэгүй болчихсон юм уу?" гэв.

Аавыгаа алдсан хохирогч Б.Эрдэнэ-Очир "Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө миний аав Төмөрбаатар тэнд зорчиж явсан. Тухайн үед осолд өртөж түлэгдээд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр бурхан болсон. Тэнд хэн нэгний хайртай хүн зүгээр явж байгаад өртөж амиа алдсан гэдгийг төр мартсан байх. Хэрэг ямар үе шатанд яваа юм. Сэтгэцэд учирсан хохирлоо дүгнүүлэхгүй бол хохирлын мөнгө өгөхгүй гэсэн. Тухайн үед хэрэггүй гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл 1,8 жилийн дараа үнэлүүл гэж байгаа юм. Бид тэр нас барсан онцгойгийн алба хаагчдын ар гэртэй барьцаагүй. Гэхдээ яагаад бид зүв зүгээр байж байгаад хүнээ алдаж хохирч үлдэх ёстой юм бэ" хэмээн ярилаа.

н.Батбаатар "Монгол Улсад төрд 36 жил ажилласан ганцхан жилийн дараа тэтгэвэртээ суух гэж байсан аавыгаа энэ ослоор алдсан. Үнэхээр харамсалтай байна" гэлээ.