Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Хүүхдийн пар­кийг хүүхдэд нь өгнө” гэж уриалаад хоёр жил орчим хугацаа өнгөрлөө. Энэ уриал­гыг сонсоод баярлаагүй, бахар­хаагүй, дэмжээгүй мон­гол хүн байхгүй. Хүүхэд бүр хүүхдийн паркаар хүс­сэнээрээ тоглож, зугаалж, наа­даж, наргиж болох нь гэж итгэсэн. Энэ итгэлийг бүх монголчуудынх байсан гэж бодвол А.Мөнхбат ерөн­хийлөгчийг ардын баатраар тодруулсан ч багадах байв. Зөвхөн санаачилсных нь төлөө шүү дээ. Гол нь түүний санаа­чилгыг энгийн иргэд төдийгүй Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг хувааж эзэмшсэн газрын эзэд нь бүгд дэмжсэн гэж болно. Тэгэхээр зөвхөн ардын баатраар тодруулаад зог­сохгүй ард түмний гавьяат, Ерөнхийлөгчийн өгдөг албан ёсны гавьяат, Хөдөлмөрийн баатар гэсэн цол гуншинг түүнд нэгэн зэрэг олгуулчих сэтгэл төрөх нь бий.

Учир нь түүний санаачилгаас үүдэн УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэхэд өөрийн эзэмшдэг 1,1 га газартаа бүхэлд нь хүүхдийн парк байгуулж, хүссэн хүүхэд бүрийг үнэгүй тоглуулах боломжтой гэдгээ зарласан. Цаашлаад “Бодь” группын хувь эзэмшигч УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд ч мөн “Хүүхдийн төлөө газраа өгөхөд татгалзах зүйлгүй” гэх маягаар ам алдсан. Уг паркад “Шангрила” зочид буудлын сүлжээг барьж, байгуулж буй “М-Си-Эс” групп “Буудлынхаа нэгээс таван давхрыг хүүхэд, залуучуудад зориулж, тохижуулна” гэдэг амлалт өгсөн.

Түүнчлэн энэ бүхнийг эцэслэн шийдэх эрх мэдэлтэй Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч “Хүүхдийн паркийг хүүхдэд нь үлдээх хэрэгтэй гэдэг дээр бат зогсоно” гэж байв. Эндээс харахад Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тоглоомын талбай хуучныхаа байдалд орж, томоос том болох боломж нээлттэй байгаа аж. Тиймээс А.Мөнхбат ерөнхийлөгчөөс “Та хүүхдийн паркаа аварчихсан уу” гэж асууя. Гэм буруутай гэгдээд байсан эзэн холбогдогчид нь “Хүүхдийн паркаа хүүхдийнх хэвээр үлдээнэ” гээд байхад ингэж асуухгүй гээд ч яах билээ. Болдог бол УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнө дээрх асуултынхаа бодитой хариултыг олоод үзчихсэн юмсан.

Тэгэхгүй бол зарим нэг хүмүүс “Худлаа жүжиглээд байгаа юм биш үү. Тэр А.Мөнхбат чинь ер нь манай тал уу, баавгайн тал уу. Газрын эзэд нь “Газраа хүүхдэд” гэчхээд байхад А.Мөнхбат дарга гэнэт гарч ирсэн шигээ гэнэт чимээгүй болчих юм” гэх яриаг мэр сэр гаргаад л байна лээ шүү, цаана чинь.

 

Г.Отгонжаргал