Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангид цэргийн алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг зүү залгисан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүнийг Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж дууссанаас нь хойш нийслэл хот дахь Дотоодын цэргийн 0164 дүгээр ангид шилжүүлсэн. Гэсэн ч Увс аймгийн Цагдаагийн хэлтэсээс ХХЕГ-т хандан байлдагчийг шилжүүлэн авах хүсэлтээ илэрхийлсэн ажээ. Энэ хүсэлтийг хүлээн авч Увс аймгийн Цагдаагийн газарт П.Хэнмэдэхийг хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар ХХЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баасанжаргалаас тодруулахад “Байлдагч П.Хэнмэдэхэд Увс аймгийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн хуулийн 280.1 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Цэргийн албанаас зайлс хийхийн тулд биедээ хүнд гэмтэл учруулсан гэж түүнийг буруутгасан. Байлдагчийг өчигдөр (уржигдар) Увс аймаг руу шилжүүлсэн. Онгоцоор авч явсан байгаа. П.Хэнмэдэхэд Б.Баатар дэслэгч хүчээр зүү залгиулаагүй гэж цагдаагийн байгууллага үзсэн. Тийм учраас байлдагч   хүн гүтгэсэн гэсэн гэм буруутаад тооцогдож, ЭХ-ийн хоёр зүйл ангиар буруутгагдаж магадгүй юм. Тэрбээр 0164 дүгээр ангид алба хааж байхдаа мөн зүү залгисан байсан нь тогтоогдсон. Биед нь нэгжлэг хийхэд хувааж бэлтгэсэн төмөр утас гарч ирсэн. Энэ нь өөрөө санаатай зүү залгисан гэдэг нь нотлогдож байна” гэдэг мэдээллийг өглөө.

Энэ хэрэгтэй холбоотойгоор хилийн цэргийн 0311 дүгээр ангийн дэслэгч Б.Баатарыг ажлаас нь түтгэлцүүлсэн юм. Хэрэв П.Хэнмэдэх дэслэгчээ гүтгэсэн нь тогтоогдвол Б.Баатарыг ажлаас нь чөлөөлүүлсэн хугацаанд цалин болон бусад төлбөрийн торгуул хүлээх гэнэ. Цагдаагийн байгууллагад сэжигтнээр татагдсан П.Хэнмэдэхийн аав А.Пүрэв-Очирын хувьд хүүгээ санаатай зүү залгиагүй, дарамтад орсон гэдэг байр суурьтай байгаа билээ.

 

Т.Амартүвшин