“Мобиком” корпораци С.Жавлангийн дуунуудаар 300 сая орчим төгрөгийн орлого олсон нь тогтоогджээ
2013/10/10
“Мобиком” корпораци 2008, 2009, 2010 онд гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунуудыг зөвшөөрөлгүйгээр гар утасны бүх үйлчилгээнд ашигласан байдаг. Энэ асуудлаар “Мобиком” корпорацид хандахад, хариуд нь “Манайх 13 сая төгрөг л олсон. Түүнийг нь өгье” гэсэн. Тиймээс шүүхэд хандаж, шинжээч томилоход “Мобиком” корпораци С.Жавхлангийн дуунаас 300 орчим сая төгрөгийн орлого, ашиг олсон нь тогтоогдсон байна.Ингээд шинжээчийн дүгнэлт гараад асуудал шийдэгдэж байхад “Монгол контент” гэх компани гарч ирсэн байна. Тэд “Мобиком” корпораци С.Жавхлангийн дууг хулгайлаагүй, манай компани ашигласан гэж мэдэгдэх болсон аж. Тус “Монгол контент” компани С.Жавхлангийн дууг гэрээ байгуулахгүйгээр авч ашигласан үйлдэлдээ хоёр жилийн өмнө Оюуны өмчийн газраас захиргааны арга хэмжээ авахуулсан байжээ. Ингээд тус компани хоёр жилийн өмнөх асуудлыг сөхөж Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс болж С.Жавхлан “Мобиком” хоёрын асуудлыг шийдвэрлүүлэх гэхээр “Монгол контент” компани Оюуны өмчийн газрын Захиргааны хэргийн шүүхэд байгаа хэргийг шийдэж дууссаны дараа шийднэ гээд буцаачихсан гэнэ. “Хоёр компани гэж харагдаж байгаа боловч хэрэг дээрээ ашиг сонирхол нэгтэй байгаа. Одоогоор энэ хэрэг хэзээ хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна” хэмээн С.Жавхлангийн өмгөөлөгч Ц.Монгол ярьсан юм.
Зочин · 2013/10/12
Yu ve mongol content chini mobicom l gesen ug sh dee.