Үргэлжлэл...

-“САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ. САЙН ЯВААД ИРЭЭРЭЙ, ЭЭЖ ЭЭ” ГЭЭД ҮЛДСЭН ХӨВГҮҮД МИНЬ ХЭЗЭЭ Ч ИРЭХГҮЙГЭЭР ЯВААД ӨГӨХ ЮМ ГЭЖ ХЭН САНАХ БИЛЭЭ.-

Хөвсгөл нууранд осолдсон талийгаач 26 настай Нямдалай, 15 настай Баттулга нарын ээж П.Чулуунтай цөөн хором ярилцлаа. Түүнийг Мөрөн хотод байхад нь уулзсан юм.

-Осол гарах үед та гэртээ байсан уу. Энэ талаар хэдийд мэдсэн бэ?

-Би осол болох үед байгаагүй. Хажууханд байдаг амралтын газрын захирал нь Мөрөн хот руу явж барилгын материал авчрах гэсэн ганцаараа болчихоод байна гэхээр нь би хамт дунд хүүгээ дагуулаад явсан. Ядаж наана, цаанаас нь өргөөд дуслаад ирье л гэж бодсон.

Том хүү өглөө завиа далайгаас татаж гаргаад “Салхитай байна. Өнөөдөр далайд гарахгүй ээ” гээд дунд дүүтэйгээ үлдсэн. Би та хоёр өдөр хоол хийж идээрэй гээд явсан. Хүмүүсийн ярианаас сонсоход өдөр цаг агаар тогтуун сайхан болсон юм шиг байгаа юм. Том хүү завьтай далайд ганцаараа гарахыг хүмүүс харсан байна лээ. Улаан хантааз өмссөн байсан гэсэн. Харин бага хүү нуурын захад, зогсоолын хажууханд нь байдаг сагсны талбай дээр тоглож байсан юм билээ. Миний таамаглаж байгаагаар том хүү маань завиа зогсоолд тавих хоорондоо дүүгээ дуудаж хамт харьж хоол хийж идье гэсэн болов уу. Ингээд манай хүүг завиа уях хооронд л дүүгийн хүүхдүүд гүйж очсон байх. Хүүхдүүдийн тоглож байсан тоглоом, дугуй зэрэг нь далайн хажууханд байсан нь олдсон. Яахав жаахан хүүхдүүд хойно “Ах аа завинд чинь сууж үзье” л гэж гуйсан байх. Хүү ч юм бодолгүй дүү нараа ганц тойроод баярлуулъя л гэж бодсон байх. Хүү минь дүү нартаа аврах хантааз ядаж өмсүүлэхгүй ч яав даа.

-Завины урдаас арваад хантааз олдсон байсан гэсэн?

-Харин тийм байна лээ. Гэрт завины сургалтад суухад нь өгсөн хантааз хүртэл шинээрээ байсан. Ойрхон эргээд ирье гэж бодтол завь нь тийрээд хол явчихсан болов уу. Мотор нь л асуудалтай. Хүүгийн маань хуруунууд тос болсон байсан. Мотороо янзлах гэж оролдсон юм шиг байна лээ. Янз бүрийн л юм бодох юм.

-Та аймгийн төвөөс хэдийд ирсэн бэ?

-Тав, зургаан цаг болж байхад ирсэн шиг санагдаж байна. Бүх зүйл дууссан байсан.

-Осол болсныг мэдсэн байсан биз дээ?

-Мэдсэн. Хадам дүү залгаад “Чиний хүү миний хүүхдүүдийг минь ус руу авч яваад алчихлаа” гэж хашгирч уйлсан. Би чухам юу болоод байгааг тухайн үед ойлгоогүй. Тэгээд хамт явсан дунд хүүгээ Одгэрэл эгчтэйгээ яриад юу болсныг асуугаадах гэсэн. Яахав хадам дүү маань хоёрын хоёр хүүхдээ алдсан хүн тухайн үед сэтгэл санаа нь тогтворгүй байсан учраас надад тэгж хандсан байх. Би юм бодоогүй ээ. Адилхан л эх хүн шүү дээ. Өглөөхөн “Санаа зоволтгүй ээ. Сайн яваад ирээрэй, ээж ээ” гээд үлдсэн хөвгүүд минь хэзээ ч ирэхгүйгээр яваад өгөх юм гэж хэн санах билээ. Би ч бушуухан Мөрөнгөөс гарсан. Иртэл онцгой байдлын аврагчид дөрвөн хүүхдийн цогцсыг уснаас гаргасан байсан. Дүүгийн маань хоёр хүү, бас хүү, тэгээд миний 26 настай хүү. Харин бага хүү маань байгаагүй. Хамаатан садангийн хүмүүс “Биеэ бариарай. Таны бага хүүг хамт явсан. Цогцос нь олдохгүй байна” гэсэн. Надад үнэхээр хүнд байсан. Хайран сайхан хүүхдүүд. Яагаад ийм юм болчихов оо гэж бодохоос үлдсэн насандаа ч харуусаад барахгүй байх. Миний нөхөр хэдэн жилийн өмнө бас завьтай нууранд яваад амиа алдсан. Би хамгийн ойрын гурван сайхан эр хүнээ би энэ нуурандаа алдчихлаа. Олон жил загасчилж, амьдралаа залгуулж буй далайгаа буруутгалтай биш. Хайхрамжгүй орхиод явсан өөрийгөө буруутгаад л сууж байна.

-Хүүхдүүд тань завь унах туршлагатай юу. Ер нь аавыгаа дагаж далайд их гардаг байсан гэж сонссон?

-Манайх нэг завьтай байсан. Ханийгаа өөд болоход тэр завийг зарчихсан. Харин хэд хоногийн өмнөөс том хүү завь худалдаж авъя, тэгвэл бид мөнгөөр гачигдахгүй болно гээд байхаар нь өөрөө мэд гээд орхисон. Харин ах, дүү нар жаахан дургүй байсан. Дэмий гээд. Би ч хүүгээ зүтгээд байхаар нь хориглоогүй. Аавыгаа дагаж далайд гарч, завь ч жолооддог байсан болохоор болох байлгүй гэж бодсон. Хүү эхний өдөр 65 мянган төгрөг, дараагийн өдөр 75 мянган төгрөг олсон.

-Завиндаа хүн суулгаад уу?

-Тийм. Нэг хүн 15-20 мянган төгрөгөөр суулгаж байгаа гэсэн байх аа. Эхний өдөр гурван хүн ирээд гуйгаад байхаар нь хоёроос нь мөнгө аваад нэгнээс бонус гээд мөнгө авсангүй гэсээр орж ирсэн. Харин осол болдог өдрийн өглөө энэ жил 12 дугаар ангид орох дүүдээ “Ах нь мөнгө олоод дүүдээ гайгүй өвлийн куртик, гутал авч өгнө өө” гэж хэлж байсан. Гэтэл ийм юм болчихлоо. Ганцаараа үлдсэн хүү маань сэтгэлээр унаад дуу ч гарахаа байсан. Хамтдаа эрхэлж, тоглодог байсан ах, дүү хоёроо алдсан болохоор ямар л олиг байхав.

-Том хүү тань эхнэр хүүхэдтэй гэсэн. Талийгаачдын ажил явдлын үеэр ирсэн үү. Та холбогдож амжсан уу?

-Хүүгийн эхнэр хүүхэдтэйгээ тусдаа амьдарч байгаа. Жаахан түнжин тааруу. Энэ намар хүү хэдэн төгрөг олж гэр авч тусдаа гарч Мөрөнд амьдрахгүй бол эхнэр, хүүхдээ алдах нь гэж байсан, хөөрхий. Би ч хажуугаас нь олигтой дэмжээд өгч чадахгүй юм. Өвөлдөө эсгийгээр таавчиг, бойтог гэх мэт гар урлалын юм хийж зарж хэдэн төгрөг олдог.Зундаа амралтын газруудад ойр зуурын ажил хийж хэдэн төгрөг олно. Хоол унднаасаа ч илүү гарахгүй, муу хүүгээ ч тусад нь гаргаж чадахгүй явсаар алдлаа. Сая худуудтай утсаар ярьж эхнэр, хүүхдэд нь номын дуу ч болтугай сонсгоё гэж хэлсэн. Хамт явж ном уншуулсан. Ард үлдсэн алгын чинээ үрийг нь харахаар өр өмрөөд байх юм.

-Ер нь хөвгүүд тань тантай хэр дотно байсан бэ?

-Байнга л санаа бодлоо хуваалцдаг байсан. Миний хүүхдүүд уг нь хүнд муу зүйл хийхээр, элдэв ааш зантай хүүхдүүд биш. Их зөөлөн. Яахав боломж бололцоогүй болохоор эрдэм номын мөр бүтэн хөөлгөж чадаагүй. Дунд хүү өнгөрсөн жил сургуулиа дүүргэсэн. Их, дээд сургуульд оруулж чадаагүй хар бор ажил хийгээд л явж байна. Харин хоёр ах нь дүүгээ эрдэм, номтой хүн болгоно гэж их ярьдаг байсан. Бага хүү маань цахилгааны инженер болох сонирхолтой. Харин ах нар нь барилгын инженер болбол зүгээр гэж зөвлөдөг байсан. Гэтэл ингээд нус, нулимс болоод сууж байх гэж. Би хүүхдүүддээ байнга хэлдэг байсан. Далайд заавал хантаазтай гарч бай гэж. Миний нөхөр ч бас хэнэггүй зангаасаа болж эндсэн. Энэ нутгийн хүмүүс ч гэсэн цаашид ийм алдаа гаргаж, насаараа харамсах зүйл битгий хийгээсэй гэж бодож байна гэв.

Хатгал сумынхан ихэнх нь нуураа бараадан амьдралаа залгуулдаг байна. Нуурын эрэг даган амьдардаг иргэд болон амралтын газраас гадна, аймаг, сум, цаашлаад аялах сонирхолтой ирсэн хүмүүс ихэнхдээ өөрсдийн завьтайгаа ямар ч зөвшөөрөлгүйгээр далайд гардаг гэнэ. Усан замыг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй учраас хэн нь ч мэргэжилтнүүдийн үгийг тоодоггүй бололтой. Аялал, жуулчлалын мэргэжилтэн Б.Амартүвшингийн мэдээлснээр бол Хөвсгөл далайд жилд дунджаар 8000 гадаадын жуулчин, 16-17 мянган дотоодын жуулчин ирж аялдаг байна. Гэвч эрэг дагуух амралтын бааз, хувь хүмүүс ердөө 1500 жуулчин хүлээн авах боломжтой. Харин үлдсэн нь өөрсдийн завь, майхантайгаа аялдаг гэхэд болно. Эрэг дагуух амралтын баазаас гадна Хатгалын сумын төв дээрх айл болгон хашаандаа дор хаяж хоёр шовгор байшинтай. Нэг хүн нэг өдөр хамгийн багадаа 50 мянган төгрөгөөр хонох тарифтай. Харин амралтын баазууд 120-250 мянган төгрөгийн ханштай. Өнөө жилийн хувьд жуулчид бага байсан гэнэ. Ер нь гадны жуулчид сүүлийн жилүүдэд эрс багасчээ. Аялал жуулчлалын мэргэжилтний яриагаар бол орчин нөхцөлтэй холбоотой аж. Гадны жуулчдад нутгийн хэтэрхий өндөр үнээр үйлчилгээ үзүүлэх, наад зах нь далайд гарах завь стандарт, шаардлага хангахгүй учраас дахиж ирээд байх сонирхолгүй бололтой. Учир нь гадны жуулчид аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг байна. Харин монголчууд хямд үнээр тохиролцож л байвал ямар нэг стандарт шаардлага хамаагүй бололтой. Энэ тухай жуулчид ч ярьж байна. Канадын жуулчин “Би Монголын тухай, тэр дундаа Хөвсгөл далайг их гоё гэж найзаасаа сонссон. Найзуудтайгаа амрахаар зорьж ирсэн. Энэ аяллыг их удаан хүлээсэн. Байгаль бол үнэн гайхамшигтай. Надад зарим зүйл таалагдаагүй. Завь хөлслүүлдэг хүмүүс ихэнх нь хуучны завьтай. Хамаг хувцас ус болчихсон. Аврах хантааз байна уу гэж асуусан. Тэгсэн зүгээр уядаг оосортой хантааз өгсөн. Их эрсдэлтэй. Мэдээж жолооч нар нь их зоригтой” гэж сэтгэгдлээсээ хуваалцав. Эрэг дагуух амралтын газар ялангуяа завь хөлсөөр унуулдаг иргэдэд шаардлага тавихаар “Чи хэн юм.Би насаараа энэ далайд завьтай явлаа. Тэр үнэтэй тансаг завийг чинь бид худалдаж авч дийлэхгүй. Ажилгүй хүн өөр яаж гэр бүлээ тэжээх юм” гээд хавьтуулдаггүй бололтой. Бас нутгийн иргэд Хөвсгөлийнхөн их ашиг оллоо гээд байдаг үнэндээ болсон болоогүй хэдэн амралтын баазууд зундаа бужигначихаад яваад өгдөг. Бид нутгаа сахиж үлдсэн хог новшийг нь цэвэрлэж үлддэг. Далайн Захиргааны газар байдаг. Гэвч дорвитой зохицуулалт байхгүй гэдгийг хэлж байсан. Хэрвээ ямар нэг зохицуулалтгүйгээр, хараа хяналтгүй ийм маягаар яваад байвал хүн болгон дураараа аашилж, амиа алдах хүний тоо улам нэмэгдэх болно гэдгийг нутгийнхан онцолж байлаа.