2016 оны наймдугаар сарын 7. Хүй долоон худагийн замд “Toyota Prius” маркийн машин “Toyota Land Cruiser”-тэй мөргөлдсөн ноцтой осол гарав.

Ослын улмаас “Prius” дотор сууж явсан дөрвөн том хүн, гурван хүүхэд нас барж, өөр таван хүн гэмтэл авчээ. 2016 оны наймдугаар сарын 19. Зуслан явах замд “Subaru” маркийн машин урсгал сөрж, өөр машинтай мөргөлдсөний улмаас жолооч нь газар дээрээ нас барлаа.

Сард 30 буюу өдөрт нэг хүн ослын улмаас хорвоог зуурдаар орхиж байна

Машин голоороо хоёр хуваагдсан дүр зураг олон хүний сэтгэлийг сэрдхийлгэсэн нь тодорхой.

Зам тээврийн ноцтой ослын талаарх иймэрхүү мэдээ хэвлэлээр байнга цацагдаж байна. Бид ч үүнд нь дасах маягтай болж ирэв. Гэхдээ бид өдөр бүр хэн нэгнийгээ ослоор нөгөө ертөнц рүү илгээгээд байх олуулаа бил үү? Ноцтой ослын талаар цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэж, сэрэмжлүүлсээр байгаа ч зуурдын үхэл ар араасаа тохиосоор.

Улс орон хөгжихийн хэрээр дэд бүтэц, зам харгуй сайжирсаар байгаа нь сайшаалтай. Сүүлийн гуравхан жилийн дотор зургаан аймаг нийслэлтэй засмал замаар холбогдов. Одоо баруун зүгийн хэдхэн аймаг үлдсэн. Ирэх жил 21 аймгаа холбоод дуусчих ерөнхий төлөвлөгөөтэй. Зам дагаад хөгжил ирдэг болохоор энэ мэдээж сайн мэдээ. Харин сүүлийн үед зам дагаад үхэл ирдэг болжээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн ноцтой ослын дийлэнх нь орон нутгийн замд гарч байгаа болохоор ийн хэлсэн хэрэг. Ингэж бөөн бөөнөөрөө үхэж байхаар энхэл донхолтой шороон замаараа сажилж явах нь өлзийтэй ч юм шиг. Тиймээс засмал зам битгий тавиач гэсэн тэрслүү бодол төрөөд байна.

Замын цагдаагийн газрын статистик мэдээнд анхаарлаа хандуулъя. 2016 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1196 бүртгэгджээ. Гэхдээ энэ бол зөвхөн гэмт хэргийн шинжтэй ослын тоо. Харин нийт ослын хэмжээг аваад үзвэл хамаагүй их тоо гарна. Эхний найман сард зөвхөн нийслэл хотын хэмжээнд ослын 54135 дуудлага иржээ. Мэдээж нийт ослын дийлэнх нь нийслэл хотод гардаг. Харин хүний амь нас хохирсон ноцтой ослын тоогоор орон нутгийн зам толгой цохиж буй.

Статистикаас харвал оны эхний найман сард зам тээврийн ослын улмаас нийт 247 хүн нас бараад байгаа аж. Тэдний 183 нь буюу 74 хувь нь орон нутгийн замд амь насаа алдсан юм. Сард 30 буюу өдөрт нэг хүн ослын улмаас зуурдаар хорвоог орхиж буйг эндээс харж болно.

Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдийн мэдээг сөхөж харвал хөдөөгийн замд хоёр хүн ослоор эндсэн байна. Тухайлбал, өнгөрсөн бямба гарагийн 13.00 цагийн орчимд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэдэг газар засмал зам дээр “Corolla” машин онхолдож, жолооч нь газар дээрээ нас барсан. Харин ням гарагт мөн тус аймгийн Хашаат суманд мөн л засмал зам дээр мотоцикль онхолдож, хамт зорчиж явсан 31 настай залуу нас барсан байна.

Албаны хүний хэлж буйгаар нийт ослын 96 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, ноцтой ослын 80 гаруй хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй аж. Хотын түгжрэлд мөлхсөөр байгаад бухимдаж гүйцсэн жолооч нар хөдөөний замд гарангуутаа гишгэж өгнө. 100 мильтэй яваа жолооч бараг удаандаа орох байх. Ингэж салхи татуулан хурдлах нь цаг хэмнэх ч араасаа аймшигт осол дагуулсаар байдаг.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нийт осол болоод амиа алдсан хүний тоо бага зэрэг буурсан юм билээ. Гэхдээ буурч байна гээд санаа амар сууж боломгүй. Өдөр бүр нэг хүн автын ослоор амиа алдана гэдэг дэндүү хайран биз дээ.

Нийт ослын 96 хувь нь жолоочийн буруугаас болдог

Одоо бид яах ёстой вэ? Урьдын адил ослын мэдээллээ бүртгээд, дотроо халаглаад суух уу? Орон нутгийн замд гарч буй ноцтой ослыг бууруулах ямар арга зам байна вэ? Бусад улсын туршлагыг харвал орон нутгийн замаа камержуулж, жолооч нар хурд хэтрүүлж байгаа эсэхийг хянадаг. Хэрэв хурд хэтрүүлсэн нь камерт бичигдэж үлдвэл торгуулийн хуудас хүргүүлэх болно. Мэдээж камер олон байх тусам хяналтын бүс хүрээгээ тэлж, хурдлах дуртай жолооч нарыг хазаарлаж чадна. Үр дүнд нь ослын тоо буурах энгийн гаргалгаатай.

Энэ аргыг бид мэддэг үү гэвэл тийм. Гэвч хөрөнгө мөнгөний гачаалаас болоод хэрэгжүүлж чаддаггүй. Одоо улсын хэмжээнд ийм камер гарын таван хуруунд багтахаар цөөн байдаг юм билээ. Километр бүрт камер тавьдаггүй юм аа гэхэд осол байнга гараад байдаг хэсгүүддээ зоочихвол бага ч гэсэн үр дүн гарна гэж бодогдох юм. Түүнчлэн зам тээврийн осолд жолоочийн ур чадвар, хувийн соёл маш их нөлөөтэй. Жолоочоо сайн бэлтгэж чаддаг өндөр хөгжилтэй оронд осол харьцангуй бага гардгаас үүнийг харж болно. Тухайлбал, Африк тивд жилд ойролцоогоор 250 мянган хүн автын ослоор өөд болдог бол Европт энэ тоо 84 мянга орчим.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар жил бүр 1.25 сая хүн автомашины ослоор нас барж байна. 25 секунд тутамд нэг хүн амиа алдаж буй гэсэн үг. Монгол хүн ам цөөтэй болохоор бусад улстай харьцуулахад ослын тоо бага. Гэхдээ 100 мянган хүн тутамд ослоор амиа алдаж буй хүний тоогоор (21) бид 62 дугаарт жагсчээ. Жолооч бэлдэх гэж халтуурддаг, төгссөн хэд нь хөдөөгийн замд гарахаараа галзуу мэт хурдалдаг учраас аймшигт осол гарсаар байх болно.

Я.Соронзонболд: Төв аймгийн нутагт хамгийн их осол гарч байна

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболдтой уулзаж, зам тээврийн ослын талаар ярилцлаа.

-Орон нутгийн замд ноцтой осол гарч, хүний амь хохирсон мэдээлэл гарсаар байна. Аль аймгийн нутагт осол их гарч байна вэ?
-Мэдээж нийт ослын дийлэнх нь нийслэл хотод гарч байгаа. 50, 60 мянган осол бүртгэгдэхэд 40 гаруй мянга нь нийслэлд байх жишээтэй. Харин хүн нас барсан, хүнд гэмтэл авсан хүнд ослын дийлэнх нь орон нутгийн замд гардаг. Тэр дундаа дийлэнх нь Төв аймгийн нутагт зонхилж байна.

Мөн Булган, Орхон, Замын-Үүдийн зам дээр ноцтой осол их гардаг. Сүүлийн жилүүдэд мотоцикльтой явж байгаад осолдох тохиолдол их гарах боллоо. 2016 оны эхний найман сарын байдлаар мотоцикльтой явж байгаад осолд орж, амиа алдсан 43 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 38 нь орон нутгийн замд болсон байна. Мөн согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний амь нас хохирох тохиолдол гарсаар байна.

-Орон нутагт гарсан осол ихэвчлэн хурд хэтрүүлснээс болдог уу?
-Орон нутагт гарч байгаа, хүний амь нас хохироод буй осол үндсэндээ тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулаагүйгээс үүдэлтэй. Орон нутгийн замд заавал 80 км/цаг хурдлах шаардлагагүй шүү дээ. Тухайн нөхцөл байдлаасаа болоод цагт таван км хүртэл хурдаа саах тохиолдол гарна. Машины бүрэн бүтэн байдал, ачаа, сууж яваа хүний тоо, цаг агаарын нөхцөл байдал, замын эвдрэлээс шалтгаалаад хурдаа тохируулж явах ёстой.

Гэтэл жолооч нар хурдаа зөв тохируулж яваагүйгээс болоод ноцтой осол гараад байна. Хөгжилтэй оронд бол тээврийн хэрэгслийн бүртгэлжилт маш сайн. Бүртгэлийн дагуу хариуцлага тооцдог. Хариуцлага тооцохын тулд хянаж чадаж байна. Энэ хяналтыг камерын тусламжтайгаар л хийнэ.

-Орон нутгийн замд хяналтын камер хэр олон байдаг вэ?
-Баянчандмань, Лүн, Багануур, Багахангай чиглэлийн, хотоос гарах замд хяналтын цэгүүд бий. Энд 24 цагийн турш хяналт тавьж ажилладаг. Харин өөр газарт байрлуулсан хяналтын камер алга.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ