Дорнод аймгийн Хэрлэн суманд энэ сарын 6-нд 7 настай хүүг захиалгаар амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч, нийгмийг цочирдуулаад байна.

Өчигдөр орой Дорнод аймгийн нутгийн зөвлөл Зүүн хүрээ Дашчойлон хийдийн лам хүүд эмгэнэл илэрхийлж бурхны оронд очих замыг гэрэлтүүлж амар амгалан нойрсог хэмээн ном айлтгаж буян хурсан юм. Эрх чөлөөний талбайд нутгийн иргэд болон нийслэлийн иргэд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 7 настай хүүгийн гэгээн дурсгалд зориулж зул өргөж, эмгэнэл илэрхийллээ. Хуран цугларсан иргэд болон нутгийн зөвлөлийн гишүүдээс сэтгэгдэл болон үзэл бодлыг нь сонссон юм.

Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Билэгсайхан: Нийгэм хоосролд орж байгаагийн тод илрэл болж байна. Мөнгө байвал УИХ-ын гишүүний суудал, албан тушаал гээд бүгдийг худалдаж авч болдог гэсэн сэтгэхүйтэй болжээ. Маш их хөрөнгө, мөнгө идчихээд шийтгэлгүй үлдэж болж байна. Хайр сэтгэл, хүний амийг хүртэл худалдаж авч байна. Энэ бол аймшигтай. Харамсалтай хэрэг болсонд маш их харамсаж, үүнийг таслан зогсоох дараа дараагийн хүн ийм хүнд байдалд нийгмийг бүү оруулаасай гээд оногдсон шийтгэлийг оногдуулж өгөөсэй гэж бодож байна.”

Нэрээ нууцлахыг хүссэн иргэн: Нийгэм “Гэгээрээсэй гэж бодож байна. Их харамсаж буяны ажлыг зохион байгуулж байна. Мөн Дорнод аймгийн УИХ-ын гишүүд Н.Номтойбаяр, Х. Болорчулуун нар ирсэнгүй. Ирнэ үү гэсэн хүсэлт явуулсан боловч ирсэнгүй хэмээн хэллээ. Дорнод аймгийн Засаг Дарга Нийслэлд Улаанбаатар хотод байна гэсэн боловч ирсэнгүй. Энэ бол асуудалд хамгийн их анхаарлаа хандуулах ёстой хүмүүс. Гэтэл үүнийг “үл” тоож байна. Бид бол хэл дамжуулж заавал ирээрэй гэсэн боловч ирсэнгүй. УИХ-ын гишүүд идэж уухаа бодож явна.

Зул өргөх ёслолд 10 сартай бяцхан охиноо тэвэрсэн хүн харанхуй шөнө ирж зул өргөж байлаа. Тэрээр “Амьдралд хандах хандлагаа өөрчлөөсэй. Хүүхдийг багаас нь төлөвшүүлнэ гэдэг маш чухал. Энэ бол өнөөдөр шийдэгдэх асуудал биш. Миний бодлоор шийтгэлийг зөв оногдуулах нь зүйтэй байна. Цочроо өгөөсэй, Ард иргэдийг цочроож, нийгмийг аймшигтай цочролд оруулсан юм чинь эргүүлээд тухайн 24 настай бүсгүйд энэ хэмжээний анхаарал татсан шийтгэл оногдуулаасай гэж бодож байна.” Гэв.

Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн: Хамгийн хатуу шийтгэлийг оногдуулж дараа дараагийн хүнд болон хүмүүс цочроо, сэрэмжлүүлэг болж хатуу шийтгэл оногдуулаасай гэж бодож байна. Хятад улсад аймшигт энэ хэрэг гарсан бол хамгийн аймшигтай шийтгэлийг оногдуулдаг. Өөр оронд ч мөн адил хатуу арга хэмжээ авах байсан. Бусад оронд ийм хэрцгий, үр хүүхдээрээ дэнжин тавьсан муухай золиосны дурлал байхгүй гэж бодож байна. Үүнийг төр засагт байгаа хүмүүс анхаарлаа хандуулж мэргэн ухаан гаргаж, хатуу шийтгэл оногдуулж ард түмэндээ дуу чимээ, анхааруулга өгөөсэй гэж бодож байна.

Мөн зул өргөж, эмгэнэл илэрхийлж байсан жирийн эмэгтэй хэлэхдээ: Ирээдүй хойч үеийг авч явах залгамж үеийн залууст хайрлах, энэрэх, хүмүүжлийн хичээл 10 жилийн боловсролын системд оруулах хэрэгтэй байна. 7 настай хүүхдийг 200 мянган төгрөгөөр захиалж алуулна гэдэг бол хэн бүхний сэтгэл, оюун бодолд орохгүй санаа. Гэтэл 24 настай тэр тусмаа хоёр ой хүрээгүй хүүхэдтэй эх хүнээс ийм аймшигтай бодол, үйлдэл гарна гэдэг үнэхээр аймшигтай санагдаж байна. Тохирсон ял шийтгэл оногдуулна гэж найдаж байна хэмээн ярилаа.

Сүүлийн үед 1990 оноос хойш төрсөн залуус аймшигт хэрэг үйлдэх болсон. Тухайлбал, 2014 онд дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй байна. Эцэгтэй нь сууж амьдрал зохиож явахдаа 4 настай охиныг үргэлж дарамталж, олон удаа зодож гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нийслэлчүүд төв талбайд зул өргөж эмгэнэл илэрхийлж байсан. Гэтэл ард иргэдийн тэр их харамсал, уйтгар гуниг төр засгийн чихэнд сонсогдож юм бодогдуулаагүй бололтой.

Мөн “Бааранд танилцсан залуугаа дагаад Шар хадны эцэст очсон хоёр эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан. Толгой, гарыг нь тасалж, эмэгтэйн толгойг жорлонд хаясан эрүүл хүний ухаан бодлоос гарахааргүй аймшигт хэрэг гарч мөн л нийгмийг цочирдуулаад авсан. Үнэхээр аймаар. Охидоо танихгүй хүн дагаж битгий явж бай. Эцэст нь ийм харамсалтай хэргийн золиос болно” гэсэн мэдээлэл гадуур тарж байлаа.

Сэрэмж хаана ч илүүдэхгүй шүү. Тиймээс эцэг эхчүүд та бид үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, зөв хүн болгон төлөвшүүлэх чухал байна.

 

М.Буянжаргал