1.5 тэрбумаас бага орлоготой байгууллага НЭГ хувийн татвар төлнө
2016/10/03
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар өнөөдөр бүх байгууллага олсон орлогынхоо 10 хувийг татварт өгч байгаа. Тэгвэл жилд олж байгаа орлогоос нь хамаарч татварын хэмжээ 1 эсвэл 10 хувь байх хуулийн төслийг Сангийн сайд өргөн барьсан байна. Өөрөөр хэлбэд жилийн орлого нь 1.5 тэрбум хүрэхгүй бол НЭГ хувийн татвар төлөх юм.
Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Энэ нөхцөл байдалд бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэж буй аж ахуйн нэгж байна. Иймээс нэр бүхий салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд НЭГ хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан болно.
Жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалтыг хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдах, улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байгаа. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмэж татах нөхцөл бүрдэж байгаа гэдгийг хуулийн төсөл санаачлагч хэлж байсан юм.
Уг хуулийн төслийг энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэлнэ. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2016/10/04
1,5 тэр бумаас доош зарим нэгэн АА нэгж гэж басл ялгаварлан гадуурхсан хууль орууулж ирж байгаа шүүдээ.Эд бүгд л татвар төлдөг. Зориг гаргаад бүгдийг хамруулчихгүй дээ.
зочин · 2016/10/04
ухаантай хүмүүс гэж үүнийг л хэлдэг байхдаа хүнрүүгээ чиглэсэн бодлого гэж үүнийг л хэлдэг байхдаа анх удаа ийм сайхан мэдээ сонсож байна. бас оюутнуудад хавтгайруулж мөнгө өгдөгөө больсон нь зөв автобусанд хөнгөлөлтэй зорчих бас л зөв
Зочин · 2016/10/03
nice