Өсвөр насны хүүхэд болон залуусын дунд бэлгийн замын өвчлөл буурахгүй жилээс жилд нэмэгдэж байгааг халдвар судлалын эмч нар мэдэгдсэн юм. Тодруулбал тэмбүү өвчний тохиолдол 2015 онд өмнөх онтой харьцуулахад 800 хүнээр нэмэгдсэн байна.

Манай улсад идэр болон өсвөр насны залуус хүн амын ихэнх хувийг эзэлдэг. Гэтэл 15-24 насны залуус замбараагүй бэлгийн хавьталд орох нь ихээхэн нэмэгдсэн нь судалгаагаар харагдаж байгаа юм. Тэр дундаа тэмбүү өвчнөөр 20-44 насны хүмүүс өвчлөх ихссэн ба 20-24 насныхны дунд тэмбүү өвчний халдвартай хүмүүс их байгааг хэллээ.

Тэмбүү өвчин эдгэрдэг ч хүний цусанд насан турш үлддэг байна. Залуус гадаад орон зорих, гэр бүлийн баталгаа хийлгэх үедээ дахин шинжилгээнд ороход өмнө нь эмчлэгдсэн уг өвчин нь дахин илэрч, гадагшаа явах эрхгүй болж, гэр бүл болоход хоорондын маргаан үүсдэг байна. Мөн төрөлхийн тэмбүү өвчинтэй 52 хүүхэд төрсөн байна. Үүний 50 гаруй хувь нь жирэмсний хяналтанд ороогүй болон эхний хяналтанд орж, үргэлжлүүлэн үзлэг шинжилгээ хийлгээгүйн улмаас төрөлхийн тэмбүү өвчинтэй хүүхэд төрсөн байгаа юм. Уг нь жирэмсэн үед тэмбүү өвчин эмчлэгдэх боломжтой дээр эмчилгээ хийгдсэн бол эрүүл хүүхэд төрдөг аж. Төрөлхийн тэмбүү өвчинтэй хүүхдийн хувьд эрхтэн системийн эмгэгтэй төрсөн байдаг.

Бэлгийн замын нийт халдварт өвчний 20 орчим хувийг нь тэмбүү өвчин эзлээд байна. Насны ангилалаар авч үзвэл 15-24 насны хүүхэд, залуус энэхүү халдвар авсан байгаа юм. Үүний ихэнх хувийг буюу 40 гаран хувийг ажилгүй иргэд эзэлж байна. Тэмбүү өвчин нууц үетэй ба бэлгийн харьцаанд орсны маргааш нь илэрдэггүй. Харин 21 хоногийн дараагаас илэрдэг байна. Мөн уг өвчний нууц үеээс гадна хүний биед илрэх шинж тэмдэг нь хомс аж. Биеийн аль ч хэсэгт ярь гарах, биеээр тууралт зэрэг гарахад хүн анзааралгүй харшил хэмээн өнгөрдөг аж. Ингэснээр тухайн хүний бие эрхтний дотоод эд, эс болон эрхтэнд очин хүнд гэмтэл учруулдаг байна.

Тодруулбал гэнэт хараагүй болох магадлал өндөр гэдгийг ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж. Даваалхам эмч хэллээ. Мөн уг өвчний талаарх мэдлэг, мэдээлэл өсвөр насны хүүхдүүд дунд муу гэсэн дүгнэлт судалгаа гарсан байна. Тиймээс эцэг, эх болон асран хамгаалагч нарын хувьд өсвөр насны хүүхдэд хараа хяналттай байж шинжилгээнд хамруулж байхыг зөвлөсөн юм.

Мөн өсвөр нас гэлтгүй идэр насны залуусын хувьд эрсдэлтэй бэлгийн хавьталд орсон гэж бодвол сар дотороо 2-3 удаа шинжилгээнд хамрагдахыг зөвлөлөө. Мөн мансууруулах бодис, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч хэрэглэж өөрийгөө хамгаалж байхыг зөвлөж байна.

Хотын төвлөрөл ихтэй орчинд дэн буудал олноороо бий болж замбараагүй бэлгийн хавьталыг нэмэгдүүлдэг байна. Дэн буудлын хувьд ариун цэвэр шаардлага хангагдаггүй гэдгийг онцлон хэлсэн юм.

М.Буянжаргал