МАН-ын нүүдлийн чиг буюу 4.0 тэрбум долларын хариуг юугаар барих вэ?
2016/10/10
Ирэх оны төсвийн төслийн төсөөлөлд эрс шинэчлэл огт алга. Өрийн таазыг 85 хувьд хүргэхээр тусгажээ. Энэ нь зээл авч өр хаана гэсэн үг. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хязгаарыг нэмж байгаа нь зээл авах бэлтгэлээ хангаж байна гэсэн үг.
2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар данс нь улайх дөхсөн амаргүй эдийн засгийг хүлээж авч байлаа. Тэд гарцаа тодорхойлон, 5.0 тэрбум ам.долларын бонд гадаад зах зээл дээрээс босгох төлөвлөгөө батлуулж, 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгосон. Дараагийнхаа алхмыг хийх гэхэд сөрөг хүчин эсэргүүцсээр өрийн таазыг 58.3 хувиас хэтрүүлэхгүй гэж хуульд тусгаж санаагаа амрааж байлаа.
Гэтэл мань сөрөг хүчин, өнөөгийн эрх баригчид энэ онд өрийн таазыг 88 хувь, 2017 онд 85 хувь болгож тэлжээ. Ингэж хязгаарыг нэмснээр 4.0 тэрбум ам.доллар босгох бололцоо нээгдэнэ гэсэн үг.
Өрнөж буй үйл явцаас харахад МАН-ынхан өмнөд хөршид найдлага тавьж байна. Угаасаа ч тэд эртний сайн харилцаатай. Тун удахгүй УИХ-ын дарга М.Энхболд Хятадад айлчилж ч магадгүй гэдийг албаны эх сурвалж хэлж байна.
Хятадаас 4.0 тэрбум ам.доллар зээллээ гэхэд төлөх бололцоо бий юу. Бас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн хариуд манай улс юу амлах вэ. Шуудхан хэлэхэд Хятадын тал “татгалзахын аргагүй санал” тавибал юугаа ч гэсэн тавиад л тууна гэсэн үг үү? Ийм байдал харагдаад эхэллээ.
Өрийн таазыг нэмж, 4.0 тэрбум ам.долларын зээлийн сурагтай зэрэгцэн “Bank of china”-гийн PR эрчимжиж эхэллээ. Энэ банк манай улсад 31 төрлийн төсөл, хөтөлбөр дээр дэмжлэг үзүүлж , нэн ядуу, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд туслаж боловсролын тэтгэлэг олгож, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд зориулан “Дулаан өвөл” хөтөлбөрийн хүрээнд 2.6 сая ам.долларын санхүүжилт хийсэн гэнэ. Мөн УИХ-ын 76 гишүүнд бичиг илгээжээ. Энэ Засгийн газарт салбараа нээх хүсэлтээ ч илэрхийлчихсэн гэж байгаа.
Ер нь энэ банк Монголыг эртнээс сонирхож буй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед л анх салбараа нээе гэсэн хүсэлтээ гаргаж, Төлөөлөгчийн газраа байгуулж байсан юм. Харин манай тал өнөөг хүртэл зөвшөөрөл олгоогүй л байгаа.
“Bank of China” олон улсад 600 орчим салбартай. Салбарууд нь Сингапур, АНУ, Их Британи, Франц зэрэг орнуудад ч бий. “Bank of China”-гийн хөрөнгийн хэмжээ манай арилжааны бүх банкныхыг нийлүүлсэн активаас 182 дахин их гэдэг юм билээ.
“Bank of China” Монголд орж ирвэл удалгүй манай санхүүгийн жижигхэн зах зээлийг дор нь эзэгнэж дөнгөнө гэсэн үг.
Эрх баригчдын амнаас гарч байгаа үгийг сонсохоор амьдрах итгэл ч алдармаар... Монгол Улс дааж давшгүй өрөнд орчихсон. Дампууралд хүрчихсэн. Валютын нөөц шавхагдчихсан. 2017 онд бондын эргэн төлөлт хийж эхлэх гэхээр ямар ч зоос байхгүй. Үнэндээ бол манай улсын хувьд бондын эргэн төлөлтийг 2017, 2018 онд хийгээд 2019, 2020, 2021 онд эргэн төлөлт байхгүй. Ингээд 2022 онд нэг тэрбум ам.долларын эргэн төлөлт хийх юм. Тодруулбал, 2017 оны гуравдугаар сард 580 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Ойролцоогоор нэг их наяд гаруй төгрөгийн 520 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс, үлдсэн нь санхүүжилт хийгдсэн төслүүдээс эргэн төлөгдөнө. Жишээ нь ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл, Эрдэнэс -Тавантолгойд хийсэн хөрөнгө оруулалтууд юм.
Станцуудын хувьд сүүлийн 20 жилд хийгээгүй томоохон шинэчлэл хийж, зардлаа бууруулж дөнгөсөн учир төлөх бололцоотой. III, IV цахилгаан станцын хувьд өргөтгөлийн буянаар 1 кВт цахилгаанд ногдох төлбөр буурч, алдагдалтай байсан цахилгаан үйлдвэрлэлд ашигтай болж, эрчим хүчний салбар анх удаа 2015 онд ашигтай ажиллалаа шүү дээ. Мөн “МИАТ” компани “Боинг” онгоц худалдаж авах гэж санхүүжилт авсныгаа бараг төлөөд дуусч байгаа аж.
2018 онд Чингис бондын 1,5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэх ёстой. Энэ 500 сая ам.долларыг эргэн төлүүлэхэд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Харин санхүүжилт хийгдсэн төслүүд төлөх юм билээ. Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төсөл зэрэг төслүүд зээлсэн учраас эргэж барагдуулах үүрэгтэй.
Тэгээд ч аж аж ахуйн нэгжүүд барьцаа, баталгаа тавьж, арилжааны банкаар дамжуулж авсан учраас эргэн төлөлт нь хийгдэж л таарна. Хэрэв төлж чадахгүй бол барьцааны хөрөнгийг борлуулж барагдуулах гээд олон гарц бий. Тийм болохоор бондын эргэн төлөлтийг улс төр хэмээн харж, харин одоо авах гэж буй 4.0 тэрбум ам.долларын хариуд юугаа “өргөн барих” вэ гэдэгт л анхаарлаа хандуулах хэрэгтэй ажээ.
Б.Баяр
Зочин · 2016/10/10
okay