2016.10.10-ны өдрийн 00:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэгт 30 гаруй хүн хутгалсан хэрэг гарсан талаар өнөөдөр өглөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад: 2016.10.10-ны өдрийн 00:00 цагийн үед цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1-р хороонд барлах орон сууцанд зодоон болж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллахад тус хороонд байрлах байранд байсан нэр бүхий 10 этгээд рүү А, Б гэгч этгээдүүд хэсэг бүлэг улсуудын хамтаар зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл ашиглан биед нь халдаж онц их хэмжээний мөнгө эд зүйл дээрэмдсэн хэрэг гарсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн А, Б нарын Эрүүгийн цагдаагийн газар болон СҮхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс хамтран барьж, цагдан хориод байна. А болон Б нартай хамт байсан этгээдүүдийг одоогоор эрэн сурвалжилж байгаа юм. А, Б нар нь өмнө нь ял эдэлж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.3-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв.

Хэрэг үйлдсэн этгээдүүд болон дээрэмдсэн эд зүйлийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Харин халдлагад өртсөн 10 хүн нь 25-31 насныхан бөгөөд хоёрийнх нь биеийн байдал хүнд байгаа байна. Тэд одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад нь хөнгөн зэргийн гэмтэлтэйгээр мэдүүлэг тайлбар өгөөд явж байгаа гэнэ.

Хэрэг тоглоомын төвд бус түрээсийн байранд болсон байна. А нь өршөөлийн хуулиар суллагдсан этгээд байсан. Б нь хар тамхины хэргээр шүүхийн шатанд шалгагдаж байгаа юм байна. Тэд хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байжээ.

А.Баярмаа