Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн гурван лам хүчингийн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал тус хийдийн тахилч лам Н.Г, голч лам Э.Д, их гэсгүй лам Б.Ж нар 2015-09-015-ны өдөр хамт архи уусан 19 настай эмэгтэйг хүчиндсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч лам нарт эрүүгийн хуулийн 126.2.6. буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн. Анхан шатны шүүхээр тэдэнд 3.8 жилийн ял оноогоод байсан ч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

Тэгвэл энэ хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин хэлэлцсэн байна. Улмаар хүчингийн хэрэг үйлдсэн лам нар 5 жил 10 хоногийн хорих ял оноосон байна. Лам нар ялыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан. Тэдний давж заалдах шатны шүүхээс лам нарын ялыг хэвээр үлдээсэн. Улмаар Улсын дээд шүүхэд хандсан байдаг. 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт  анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жил 10 хоног хорих ял оногдуулсныг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

А.Баярмаа