Б.Мандхай: Иргэд телевизор, хөргөгчтэй бол хүүхдийн мөнгөнд орохгүй гэх ташаа ойлголттой байна
2016/10/13
Өнгөрсөн есдүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаас 38 дугаар тогтоолыг батлан гаргасан билээ.
Ингэснээр сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг хоёр ангилж олгохоор болсон. Гэхдээ хүүхдийн мөнгийг олгохдоо санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл, байдалд тохируулж хоёр өөр цаг хугацаанд олгох шийдвэрийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн хүүхдэд бэлнээр, үлдсэнийг нь 2019 оноос олгоно. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдснээр амьжиргааны түвшин доогуурт багтаж байгаа 660 мянган хүүхэд байгаа бол амьжиргааны түвшин дээгүүр орлоготой айлын 400 мянга орчим хүүхэд бий. Нөгөөтэйгүүр иргэд "Хүүхдийн мөнгөнөөс хасагдлаа, хүүхэд маань мөнгөө авахгүй үлдчих вий" гэж санаа зовох шаардлагагүй болж байна. Нэг үгээр хэлбэл, Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журмын дагуу бүх хүүхэд хүүхдийн мөнгөө авна гэсэн үг. Тэгвэл өчигдөр Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд тус газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхай нар оролцов. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Нэг хэсэг зогсоогоод байсан хүүхдийн мөнгийг олгож эхэллээ. Гэхдээ амьжиргааны түвшинг нь харгалзан үзэж хоёр өөр цаг хугацаанд олгохоор болсон. Иргэд өрхийн амьжиргааны босго оноогоо хаанаас мэдэх боломжтой вэ?
-Иргэд тухайн амьдарч байгаа сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд очиж хүсэлт гаргах шаардлагатай. Ингэснээр 502.567 босго шугамын хаана нь байгаагаа мэдэх бүрэн боломжтой юм. Түүнчлэн хүүхдийн мөнгөний дансаа шалгаж үзэхэд хүүхдийн мөнгө дансанд орсон байвал босго онооноос доош буюу одоо бэлнээр авах жагсаалтад багтсан гэсэн үг. Харин хүүхдийн мөнгө нь ороогүй байвал хүүхдийн мөнгөө 2019 оноос авч эхлэх нь гэж ойлгох хэрэгтэй.
-Хүүхдийн мөнгийг олгоход ямар нэгэн хүндрэл гарч байх юм уу?
-Үгүй ээ, ер нь цаашид хүүхдийн мөнгөний олголттой холбоотой ямар нэг чирэгдэл, бэрхшээл үүсэхгүй гэж ойлгож болно. Ерөнхийдөө аймаг, дүүргүүдэд хүүхдийн мөнгөний олголт жигдэрсэн гэж ойлгож болно.
-Хэд, хэддүгээр сарын мөнгийг олгож байгаа юм бэ?
-Өнгөрсөн гурван сарын хүүхдийн 20 мянган төгрөг хэвийн олгогдож эхэлсэн. Харин үлдсэн хүүхдүүдийн мөнгө хадгаламж хэлбэрээр дансанд нь ороод байршаад явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дансандаа бичилт хийлгээд нөхөж авах юм. Яагаад мөнгө ороогүй шалтгааныг бол Монголбанкнаас тодруулж болно.
-Ингэхэд өрхийн амьжиргааны түвшинг яг ямар судалгаа дээр тулгуурлаж хийв?
-Тухайн айлын орлогыг тооцох боломжгүй.
-Хэцүү шүү дээ?
-Тийм ээ. Харин хэрэглээн дээр тулгуурлаж хийсэн судалгаа гэж ойлгож болно. Үндэсний статистикийн хороо болон Хүн ам хөгжлийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлал, үзэл баримтлал гэсэн асуулгын маягтыг баталдаг. Үүний дагуу л судалгаа хийсэн.
-Тэгэхээр босго оноо гэдэг нь өрхийн орлого гэж ойлгож болох нь ээ?
-Яг зөв. 2013 онд явагдсан өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа гэж бий. Гурван жилд нэг удаа хийдэг. Судалгаан дээр гарсан үнэлгээ байдаг. Босго оноотойгоо хамт мэдээллийн санд бүртгэгдсэн. Хүүхдийн мөнгөнд хамрагдах гэж байгаа зорилтод хүүхдүүдийг тодорхойлохын тулд УИХ-ын 38 дугаар тогтоол, Засгийн газрын 98 дугаар тогтоол зэрэгт үндэслэн эхний ээлжинд бид бэлэн мөнгөөр өгөх ёстой 660 мянган хүүхдэд олгоё гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрт үндэслэн босго оноог тогтоох 502.567 гэсэн босго оноог тогтоосон юм. Энэ Монголын нийт хүүхдийн 10 хувь. Гэхдээ энэ хүүхдүүд эхний ээлжинд бэлэн мөнгөөр үйлчилгээгээ авахаар болсон.
-Босго оноотой холбоотой хүсэлт гаргаж болох уу?
-Тийм. Өрхийн нэгдсэн системийн буюу программ хангамжийн систем ажилладаг. Тэнд ажиллаж байгаа хорооны халамжийн байцаагчдаа хандаж мэдээлэл авах боломжтой.
-Судалгааг яагаад заавал гурван жилд нэг удаа хийдэг юм бэ. Энэ хугацаанд айлын амьдрал янз бүр болно шүү дээ?
-Өрхийн амьжиргааны судалгааг хийхийн тулд бид Үндэсний статистикийн хороотой хамтардаг. Улсын хэмжээнд ядуурлын хэмжээг судалдаг томоохон судалгаа бий. Энэ судалгаанаас өрхийн амьжиргаанд хамгийн их нөлөө үзүүлж байгаа үзүүлэлтүүд сонгож авсан. Өрхийн амьжиргаа өнөөдөр ядуу байж байгаад маргааш баян болдоггүй, маргааш баян байгаад нөгөөдөр гэнэт ядуу болдоггүй юм. Амьжиргааны түвшний өөрчлөлт гэнэт биш удаан явагддаг онцлогтой.
-Ойлголоо. Гэвч яг ямар шалгуур, үзүүлэлтээр өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлдог нь сонин байна?
-Хамгийн нөлөөтэй байгаа үзүүлэлтүүдийг сонгож авдаг. Олон нийтийн дунд телевизор, хөргөгчтэй бол хүүхдийн мөнгөнд орохгүй гэсэн буруу ойлголт байна.
-Гэхдээ ихэнх нь тэгж ойлгодог шүү дээ?
-Нийтдээ одоогийн шинэ аргачлалаар 59 үзүүлэлт ашиглаж байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт нийслэлийн иргэд, орон нутгийн иргэдийн амьдарч байгаа амьдрал нэг өөр өөр үзүүлэлттэй гарна. Тухайн байршлаас хамаарч энэ үзүүлэлтийг тодорхойлдог тусгай програм байдаг. Тэгэхээр телевиз, хөргөгч амьжиргааны түвшин тодорхойлох үзүүлэлтүүдийг ашигладаггүй. Тухайн иргэний бичиг баримтад үндэслэн хүүхдүүдийг төрсөн он сараар, дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна уу, боловсролын түвшин гээд нүдэнд харагдахгүй олон үзүүлэлтүүд өөрсдөө амьжиргааны түвшинг тодорхойлдог юм.
Эх сурвалж: