Ерөнхий сайд өөр нам эрх барьж байх үед гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барихад дагахгүй юм гэнэ
2016/10/14
Цахилгаан станцыг хувьчлахгүй гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдээд байгаа. Өмнөх засгийн үед буюу 2015 онд УИХ-ын 70 дугаар тогтоол, Засгийн газрын 330 дугаар тогтоол гарч дулааны цахилгаан станцуудыг хувьчлахаар тусгасан байдаг.
Гэтэл Ерөнхий сайд “Цахилгаан станцуудыг энэ засгийн үед хувьчлахгүй” гээд хэлчихлээ. УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрээс Ерөнхий сайд нь ингэж эсрэг юм хэлээд сууж байна. Цахилгаан станцуудыг хувьчлах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа. Үүнийг өөрчиллөө гэхэд УИХ-аар хэлэлцэж байж л өөрчилнө. Түүнээс биш Ерөнхий сайд сайн дураараа эсрэг юм хэлээд суудаг юм биш. Ерөнхий сайдын энэ үг түүнийг огцруулахад ч хангалттай. Түүний энэ үйлдэл нь өөр нам эрх барьж байх үедээ гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барих үед биелүүлэхгүй гэсэн санаа юм шиг байна.
Монгол Улс парламентын засаглалтай. Парламентаас баталсан хууль, тогтоол шийдвэрийг бүгдээрээ дагаж биелүүлэх ёстой. Ерөнхий сайд байна уу, УИХ-ын гишүүн, дарга, хэн гээч сэтэртэн байх нь хамаагүй. Ардын намын гишүүн байна уу, Ардчилсан намынх байна уу, нам бус байна уу гэдэг нь ч хамаарахгүй. Тогтоол, шийдвэр, хуулийг, үг дуугүй дагаж биелүүлэх ёстой. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд нь дагахгүй гэж байна. Өөр намын эрх барьж байх үед гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барих үед дагахгүй байх тийм хуулийн заалт хаана ч байхгүй. Монгол Улсад төрийн залгамж халаа гэж байхгүй болж. Уг нь өөрийн намын парламент, өөр намын парламент гэж байдаггүй. Ардын намын эсвэл Ардчилсан намын төр гэж байхгүй. Монгол Улсын парламент гэж л бий. Монгол Улсын төр гэж бий. Өнөөдрийн Засгийн газрын тэргүүн харин өөр бодолтой юм шиг байна. Ерөнхий сайдын энэ үзлээр бол аль дээр баталсан Үндсэн хуулийг ч дагахаа байх уу. Тэр үед өөр намын гишүүд батлалцсан учраас Үндсэн хуулиа дагахгүй гэх нь байна л даа. Ингэж Засгийн газрын тэргүүн нь монгол төрийн шийдвэрийг үл ойшоогоод байхаар төр засгийн шийдвэр, төрийн залгамж халаа, тасралтгүй үргэлжлэх монгол төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бууруулж байгаа юм. Өөрийнх нь нам ялаад олонхи болчихсон юм чинь юу ч гэж ярьж болдог юм бол бид хууль мөрдөх хэрэг байна уу. Ерөнхий сайд УИХ-аас дээгүүр давж өөрийн дураар ярих эрхгүй. Тиймээс төрийн ажлын практик талаасаа Ерөнхий сайд маш бүдүүлэг алдаа гаргалаа. Түүний хэлсэн үгийг хардах бас нэг шалтгаан байна. Улстөрчид өөрсдийн эрх ашиг орсон юмыг л хөдөлгөдөг. Хэрэв тэр ажил хөдлөхгүй, явахаа байчихвал эрх ашиг нь ороогүй байна гэж хардах үндэслэл бий.
1992-1996 онд Худалдаа хөгжлийн банк, Говь, Хаан банкны үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг хувьчлах асуудал яригдаж эхэлсэн ч дэмжигдэхгүй байсаар Ардын нам эрх барих үед 72-уулаа болж байгаад хувьчилсан байдаг. Гэтэл өмнөх Засгийн газрын үед хувьчлах шийдвэр гарчихаад байхад энэ засгийн үед хувьчлахгүй гээд байгаа нь үнэгүйдүүлж байгаад өөрсдөө хувьчилж авах гээд байна уу гэж хардаж болохоор. Яагаад гэвэл гуравдугаар цахилгаан станц ашигтай ажилласан. Тиймээс үнэгүйдүүлэх хугацааг хүлээж байж болзошгүй юм.
Цахилгаан станцууд Ерөнхий сайдын мэдэлд буюу Засгийн газрын мэдэлд байдаг. Том цахилгаан станцууд дээр нь ТУЗ гэж бий. Тэр ТУЗ-д нь яамны газрын дарга нар очоод жигтэйхэн өндөр шан харамж аваад сууж байдаг. Өмч нь улсынх. Удирдаж байгаа хүмүүс нь улсаас томилогдсон. Мөнгө төгрөг хэмнэх, эрчим хүчний үнийг хямдруулж хүрээгээ тэлэх гэсэн сонирхол байхгүй. Байнга л үнэ нэмэх, төсөл хэрэгжүүлэх тухай л ярьж байдаг. Манай улс хамгийн их мөнгийг эрчим хүчний салбарт зарцуулсан хэрнээ эрчим хүчний үнэ байнга нэмэгдэж байдаг.
Яг өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ шалдаа буучихсан байж байхад хэрэв зах зээлээ дагадаг, зөв жамаараа явдаг бол эрчим хүчний үнэ ч бас л гурав дахин хямдрах ёстой. Сүүлийн гурав, дөрвөн жил ямар нэгэн хэлбэрээр цахилгааны хэрэглээ нэрийн дор иргэдээс авах мөнгө нь нэмэгдээд л байгаа. Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний татвар гээд бүх өрхөөс 3500 төгрөг сар бүр авдаг. Ингэлээ гээд үйлчилгээ нь сайжирч нэмэгддэггүй. Өнөөдөр дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сэргээгдэх эрчим хүчний гэгдэх хийсэн юм хаана ч алга. Наян жил болсон эрчим хүчний салбар нийслэлээ ч бүрэн хангаж чадахгүй. Шинээр ашиглалтад орж байгаа барилгуудын том саад нь цахилгааны зөвшөөрөл. Эрчим хүч улсынх учраас аль болох цахилгаанаар боож түрий барьж байдаг. Дөрөвдүгээр цахилгаан станцын 70 хувь нь нийслэлийн хэрэглэгчид. Гэтэл яаманд үйлчилдэг байгууллага болж хувирсан. Хэрэглэгчдийнхээ мэдэлд байсан бол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн шиг үнэ нэмэгдэхгүй. Баруунд цахилгаан станцууд хувьд байдаг. Үнээ нэмбэл хотын дарга ухаан алдах шахна. Сонгуулийн хөзөр цахилгаан станц. Цахилгааны үнэ нэмэгдвэл хотын дарга шууд огцорно. Тэр бүү хэл эрх баригч намынхан томоохон эсэргүүцэлтэй тулдаг. Тиймээс ч хувьд байдаг ч үнэ нэмнэ гэж бараг л байхгүй. Энэ бүхнийг харгалзаад өмнөх засгийн үед цахилгаан станцуудыг хувьчлах шийдвэр гарсан. Хувьчлах гэдэг нь ард түмэнд хэрэглээгээ хүргэх шийдвэр. Хувьчилбал цахилгаан эрчим хүч өнөөдөр хүрэхгүй байгаа хэрэглэгчдэдээ ч хүрнэ. Болиулна гэж ярьж байгаа нь зах зээлийн эдийн засгийн мөн чанарыг ойлгохгүй, социализмаараа байхыг хүссэн эсвэл үнэгүйдүүлж хувьчилж авахын тулд нэг хэсэгтээ хувьчлахгүй гэж гал намжаах арга.
Б.Дорждэрэм
Zorig · 2016/10/14
Erchim huchiig huvchilj bolohguiee. Benzin tulsh huvd gargaad yaalaadaa.
Зочин · 2016/10/14
Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал учир УИХ аараа шийдвэрийг нь гаргуулаад л хувьчлалыг зогсоох байлгүй дээ, зөв л ажиллаж бна, Юу нь буруу гэж, өөрсдөө хийж чадахгүй байж дандаа буруугаар нь мушгиж ард түмэнд буруу ойлголт өгч улс орныг дампууруулах санаатай энэ АН-н хан.