Дээрэм хийсэн, харгис үйлдэл гаргасан гэмт хэрэгтнүүдийг ардын баатар гэж шүтэх явдал миний бодож байсанчлан их газар авч байна.
 
Гэмт хэрэгтнүүдийн зарим нь эх оронч байгууллагын нэг удирдах сонгуультныг үхтэл нь зодож тамлан, эмнэлэгт хэдэн сар хэвтэж, ахин дахин хагалгаанд ороход хүргэсэн байгаа. Тэгвэл тэдгээр дээрэмчдийг ариун цагаан болгож тахихын тулд бүр эх оронч залуусыг элдвээр муучлан дайрах явдал гарч байна.
 
Тэд бол монгол хүнийг хохироовол хохирогчид нь адгийн шаарууд байсан болох юм байна, өөрсдийг нь харин шударга ёсны төлөө тэмцэгч Робин Гүдүүд болгох юм байна, тэд гадаад хүнийг дээрэмдвэл эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалсан Уильям Уоллесууд болгох юм байна. Тэгвэл тэдний нэг нь хятадуудаас шан хөлс авч, монголчуудыг дарамтлах, тамлах ажил хийж байж.
 
Нэг нь харийн банкны өр барагдуулагч гэх ажлыг хийж, монголчуудаа зүсэн зүйлээр эрүүдэн тарчилгаж байжээ. Нэг нь саяын дээрэмдсэн алт мөнгийг ганцаараа авч зугтаасан аж. Мөн тэд өөрсдөө мөрийтэй тоглоомчин бөгөөд, найз мөрийтэй тоглоомчныхоо мэдээлэл, тусламжийг нь авч дээрмээ хийжээ.
 
Нэг нь урьд мөрийтэй тоглоомчинг дээрэмдэх гээд харин өөрөө бялба зодуулж, хэвтэрт орон, хувийн өс хонзонтой болсон байж. Нэг нь хар тамхи татаад цагдаа руу хутга барин дайрч байсан. Өнөө үеийн ардын баатрууд? Бахархан дууриах шилдэг монголчууд? Аврагч Робин Гүд, чөлөөлөгч Уильям Уоллес?
 
Дээрэмдүүлсэн хүмүүсийн дунд улс төрч, бизнесийн босс, аварга цолтой спортын хүн байсан гээд янз бүрээр бичиж ярьж байна. Тийм учраас элдэв хэл амнаас болгоомжлон хэргийг дарах гэнэ гэлцэх. Нэг УИХ-ын гишүүн асны хүү хий буудуулж, хутгалуулж, зодуулж, хамаг бие нь хаван, хөх няц болж, тархины хүнд гэмтлээс үүдэн хэлгүй болсон тул Солонгос руу яаралтай эмчилгээ рүү илгээсэн ч гэлцнэ. Эд ч баатрууд биш ээ. 
 
Монгол үндэстэнд эх орон, ард түмнийхээ төлөө амь хайргүй тэмцэж, тулалдсан аугаа их гайхамшигтай баатрууд олон бий! Тэрхүү баатруудаа л судалж мэдэж, тахин шүтэж, бахархан дууриаж явцгаа!
 
Ч.Мөнхбаяр