“Банкууд байнгын армиас ч аюултай”. Энэ үгийг Америкийн анхны Ерөнхийлөгч Томас Жефферсон энэхүү мөнгө хадгалдаг газрын тухай хэлсэн байдаг юм. Банк аа гэж. Нэг тийм асар чимээгүй газар бий. Гаднаа ч тэр, дотроо ч тэр. Чив чимээгүй амьдрал. Ер нь мөнгө зөвхөн чив чимээгүй орчин хүсдэг эд яах агагүй мөн л дөө.

 

  Манайх тоотой хэдэн банктай. Түүхээс харвал нэлээд эрт Хятад, Оросын банк байсан бололтой юм билээ. Тэднийг мөнгө хүүлэгчид хэмээн нэрлээд Ардын хувьсгалын галын дөлөөр Монгол орноос хөөн гаргасан ажээ.

 

  1924 онд Монгол банк байгуулагдлаа. Монгол, Зөвлөлт Орос улс хоёр хувь нийлүүлжээ. Харин одоо арилжааны 14, төрийн өмчийн нэг банктай болсон байна. Нээрээ Төв банк гэж бий. Ингэхэд төр засаг төв банкныхаа тусламжтайгаар хувийн банкуудын дотоод хэрэгт оролцдог бөгөөд нөгөөдүүлээсээ ялгарах онцлог нь өөрсдөө мөнгө хэвлэдэгт оршино хэмээсэн нэг үг байдгийг бүү мартагтун!

 

  Тэгвэл өөнөөдөр сүүлийн үед сураг чимээ нь тун ойрхон дуулдах болсон “Bank of China” хэмээх нөхөр манайд орж ирсэнээр ашиг авчрах уу, аюул тарих уу гэдгийг авч үзэцгээе. 

 

  Энэ банк 1912 онд байгуулагдсан. Төв нь Бээжинд байдаг. Хяналтын багц нь төрийн мэдлийнх.Ерөөсөө Хятадын төрийн мэдлийн таван том банкны нэг.  Мөн дэлхийн хамгийн том 20 банкны нэг гэж тооцогддог. 25 улс оронд 550 салбартай. Хонгконг, Сингапур, Токиод энэ банкны маш том салбарууд бий. Орос, Казахстанд  1993 онд охин банкаа нээсэн. Нэт-ээс харвал өнгөрсөн жил нийт эргэлтийн хөрөнгө 120,3 тэрбум ам. доллар, цэвэр ашиг 27,5 тэрбум ам. доллар, актив 2.458  их наяд ам. доллар байжээ. Товчхондоо түүх нь нэг ийм.

  Энэ банк Монголд орж ирснээр ямар ашиг авчрах, мөн ямар аюул тарих вэ гэсэн асуулт тавигдах нь тодорхой. Ашигтай бас аюултай. Гэхдээ зээл олгох ёстой буюу Монголын нийт зээлийн төдөн хувийг л та нар өгөх эрхтэй гэсэн хоригийг төрийн зүгээс тавьж өгөх хэрэгтэй юм байна. Зээл олгох хувь хязгаар гэмээр юм уу даа. Орос, Казахстан ч тэгжээ. Тэгэхгүй бол нээрээ л нэг өдөр Монголыг залгичихсан сууж байх аюултай аж.

Энэ банк орж ирээд манайханд жилийн 5-10%-ийн хүүтэй зээл олгоод эхэлбэл ёстой тэнгэрийн умдаг атгах нь тэр л дээ. Бидэнд ашигтай.

 

  Өнөөдөр манай банкуудын жилийн хадгаламжийн хүү 10-12 %, харин зээлийн хүү 15-17 орчим хувь гэдэг. Тэгвэл энэ банк орж ирээд манайханд жилийн 5-10%-ийн хүүтэй зээл олгоод эхэлбэл ёстой тэнгэрийн умдаг атгах нь тэр л дээ. Бидэнд ашигтай. Ялангуяа үйлдвэр эрхлэгчдэд бүүр ч ашигтай. Одоо чинь аж ахуйн газрууд, компаниуд үнэнийг хэлэхэд банкныхаа зээлийн хүүд өвдөг сөхөрчихөөд байгаа шүү дээ. Мөн яриад л байдаг нөгөө “Шинэ төмөр зам” мэтийн том төслүүд шууд хөдлөх магадлалтай. Яагаад гэхээр мөнгө ихтэй аварга банкууд хэзээд их ашгийн төлөө явдаггүй учраас манайханд бага хүүтэй зээл өгөхөөсөө нэг их цааргалахгүй байлгүй. Мөн манай банкууд хүссэн хүсээгүй зээлийнхээ хүүг бууруулах хэрэг гарч таарна шүү дээ.

 

  Чухамхүү ийм нөхцөл байдал үүсч мэдэх учраас  манай банкууд монопол байдлаа хадгалахын тулд түүнийг эсэргүүцэлгүй яахав. Хэн зүгээр орж ирдэг их мөнгөнөөсөө салахыг хүсэх вэ дээ. Ялангуяа манай мөнгө хүүлэгчид. Ингэхэд манай төрийн мөнгө хулгайлагчид түүнийгээ оффшор дансанд хадгалдаг бол мөнгө хүүлэгчид үгүй. Банкныхаа хадгаламжийн хүүг цохиод л хэвтэж байдаг. Ингэхэд УИХ-ын гишүүн Б.Наранхүү банкинд 23 тэрбум төгрөгтэй гээд нэгэнтээ мэдүүлсэн байна билээ. Түүний энэ мөнгөний хадгаламжийн хүү жилдээ хэд болохыг та зүгээр л бодоод үз дээ. Аймгийнхнаа үнэгүй айргаар дайлах нь түүний хувьд юу ч биш байгаа биз. Зүгээр л сууж байхад түүний 23 тэрбум төгрөг жилдээ хэдэн төгрөг түүний халаасанд оруулахыг эрхэм та өөрөө бод. Би угаасаа тоонд муу хүн.

 

  Тэгэхээр “Bank of China” манай улсад ороод ирвэл жирийн иргэдэд ашигтай байх талтай. Хятад гэхээр л юм бүхэн нь муу байх албагүй биз дээ. Мөн иргэдээ боддог төрийн томчуудад ашигтай. Харин зөвхөн өөрсдийгөө боддог, хувиа хичээсэн банкны эзэд, мөнгө хүүлэгчид, хулгайч томчуудад ашиггүй. Тиймээс л энэ банк ороод ирвэл улс орны аюулгүй байдал алдагдаж эх орон сүйрнэ гэсэн шуугиан дэгдээгээд байгаа юм. Үнэн хэрэгтээ тэд эх орон, ард иргэдээ бодлоо юу. Харагдаач.

 

  “Bank of China” Монголд ашиг ч авчрах, аюул ч тарих нигууртай. Гагцхүү үүнийг л...

 

Д.Гал

www.24tsag.mn