“Алаан”-тай АН ҮЗХ-ны хурлаараа даргаа тодруулж чадахгүй
2016/11/09
АН-ын ҮЗХ энэ сарын 16-нд хуралдуулах тов гарсан. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм.
Улмаар 12-р сарын зургаан хүртэл намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэхээр болоод байгаа юм.
АН-ынхан “Чингисийн хүрээ” амралт цогцолборын газарт өдөржин хуралдсан сурагтай. Тэд ҮЗХ-д хэн юу ярих арга, тактикаа боловсоруулсан гэдгийг эх сурвалж хэлж байсан.
ҮЗХ ирц хүрэх эсэхэд намын жирийн гишүүд эргэлзэж байна. Учир нь өмнө нь хэд хэдэн удаа товлоод хуралдаж чадаагүй. Учир нь тус намд шинэчлэл гэхээсээ илүү намын даргын төлөөх фракци хоорондын тулаан ид өрнөж байна. Гэхдээ нам доторх шинэчлэлийн хөдөлгөөнүүд нь хөдөлгөөнд орж дүрэмд тусгуулах саналаа удирдлагууддаа хүргүүлээд байгаа. Ямар ч байсан сонгуулийн ялагдлаа дүгнэж, дүрмээ шинэчлэх эсэхээ хэлэлцэхээр ҮЗХ хуралдаж, ойрын хэдэн жилдээ хуралдаагүй Их хурлынхаа замыг засахаас өөр аргагүй.
АН-ыг хэн шинэчлэх вэ, шинэчлэлээ хаанаас сэвэлзүүлэх вэ? Өнгөрсөн УИХ-аас хойших үйл явцыг ажихад АН-ын фракцууд төдийгүй хувь гишүүдийн зөрчил ч тогооноосоо халин дэвэрч, ширээ тойрон хуралдаад суух тэвчээр, тэнцвэргүй болтлоо суурь нь хөдөлсөн. Үүнийг зөвхөн өнгөрсөн долоо хоногийн үйл явцаар жишээлэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан намынхантайгаа тэрсэлдэн хөөгдөх дээрээ тулснаа зарлаад байгаа.
Намын даргын төлөөх өрсөлдөөн ч ширүүхэн өрнөж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа өгч, АН-ын даргын төлөөх марафонд хүч үзэж буй П.Цагаан өөрийгөө “Цагаан гартай, номын хүн” гэж тодорхойлов. Тэрбээр “Хэрэв намын дарга болоод хүрз барих хэрэгтэй бол барина. Би малчны ч, ажилчны ч, сэхээтний ч амьдралыг мэднэ. Би хийнэ л гэсэн бол хийж чадна” гэсэн амлалт өгөөд байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр “Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар намаа орхичих” гэж хэвлэлээр мэдэгдсэн. Мөн тэр намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Харин энэ өдрүүдэд Н.Алтанхуягийн гэргийн дансанд их хэмжээний мөнгө шилжсэн асуудалд дуулиан дэгдээж байна. Энэ бол Н.Алтанхуягийг дэмжигчдийн хуудсанд бичсэнчлэн “Хүнийг гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөөр нь барьцаалдаг бохир улс төр”... гэж тайлбарласан.
Харин энэ цаг үед С.Эрдэнэ гэмт хэрэгт сэжигтнээр татагдчих гээд барцадтай байгаа. Түүнийг хэн нэгний захиалгаар гэмт хэрэгт яллагдагчаар татсан гэх хүн ч байгаа. Энэ мэтээр намын даргын төлөө АН-ынхан “алаантай”, бохир улс төр хийсээр байна. Намын даргын төлөөх бохир улс төр хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна. Гэвч эхлээд ҮЗХ үүргээ гүйцэтгэж намын үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Их хурлаа бэлдэхээр хуралдах ёстой.
Гэтэл ҮЗХ нь үндсэн үүргээ гүйцэтгэх эсэх нь эргэлзээтэй байна. Тэгэхээр АН-ын ҮЗХ-оос нэг их юм хүлээгээд дэмий бололтой...
мгл · 2016/11/09
за даа мэдэхгүйдээ ярвигтай л юм болох байх бие биенийхээ аминд л бүү хүрчихээсэйдээ
зочин · 2016/11/09
Санал асуулгаар шийдээчээ.