Төсвийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. Төсөв бүрдүүлэхэд уул уурхайн салбар голлох байр суурь эзэлсэн хэвээр л байна. Нэг ёсондоо төсвийн амин тариа нь энэ салбар болсоор нэлээд олон жилийг үдлээ.
 
Байгалийн шавхагддаг нөөцийг ашиглаж байгаа энэ салбараас орсон орлогыг Монгол Улс хормойгоо нөхөх “стайл”-аар хэр удаан жил ашиглах вэ. 100, 150 жилийн дараа газрын доорх баялаг Монгол Улсыг ийм маягаар тэжээсээр байх уу.
 
Ийм асуулт яг одоо хариултаа эрэн, түүнд хариулах төр засгийнхан үл мэдэгч царайлан амлалтандаа хүлэгдэн гал алдахгүйг хичээн “сампин цохиж” сууна.
 
Байгалийн баялгаа ашиглаж байгаа улс оронд зайлшгүй хэрэгтэй зүйл бол засаглал бий болгох явдал. Шавхагддаг нөөц баялгийг ашиглаж гэмээнэ хэзээ хойно ч, баялаг нь дууссан ч ашиг нь ард түмэн, улс орноо тэжээж байдаг тогтолцоог бий болгохыг товчхоноор байгалийн баялгийн засаглал гэж үздэг ажээ. Тэгвэл энэ засаглал манай улсад бүрдсэн үү. Манай улсын уул уурхайн салбарын өмнө тулгамдаад байгаа гол асуудал бол энэ.
 
Ховд, Увс, Дорнод, Баянхонгорт хаана ч бай, газрын доорх баялаг алт, зэс, нүүрс, жонш, газрын тосны хайгуул, олборлолт хийлээ гэхэд тухайн нутаг оронд юу үлдэх вэ, Монгол Улсад ямар хөрөнгө оруулалт болох вэ, тэр нь урт удаан жил үргэлжлэх үү, бидний үр хойч газар шорооныхоо баялгийн хувийг хүртэх үү. Ийм л асуулт нийт монголчуудын толгойны өвчин болсоор байгаа билээ. Үүнд хариулах товч хариулт бол байгалийн баялгийн засаглал манай улсад бий болсон эсэхийг л мэдэхэд болно.
 
Үүнийг мэдэхийн тулд Монгол Улсад хэрэгжиж буй стратегийн томоохон ордуудын төслийн жишээг авч үзье. Монголын саалийн үнээ “Оюутолгой”. Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл. Энэ ком­панийн хөрөнгө оруу­лал­тын ачаар 2011 онд гэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хамгийн дээд цэг­тээ гэгддэг 17 хувьд хүр­сэн түүхтэй. Тэгвэл “Таван­толгой” коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх томоо­хон ордуудын нэгээр нэрлэсэн байдаг. Нөөцийн хувьд 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 1.4 тэрбум нь коксжих, үлдсэн нь эрчим хүчний нүүрс гэж үздэг. Тус ордыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 4.2 сая тонн нүүрс экспортолсон бол энэ он гарсаар 4.5 сая тонн нүүрс экспортлоод байна.
 
Тэгвэл ашигт малт­ма­лын дараагийн томоохон төсөл болох газрын тос­ны тухайд онцлох орд бол Дорнод аймаг дахь Тосон уул XIX, Тамсаг XXI талбай. 2005 онд БНХАУ-ын төрийн  100 хувийн хөрөнгө оруулалт­тай  “Петрочайна  Дачин Тамсаг” компани Монгол Улсын Засгийн газраас Америкийн “Соко ин­тер­­нешнл” ком­панитай бай­­гуулсан бү­тээгдэхүүн ху­ваах гэрээ­­ний эрх үүргийг шил­жүүлэн авснаар Дорнод айм­гийн Матад, Халхгол сумдад газрын тос ол­бор­лох үйл ажиллагаа эх­лүүл­сэн билээ. “Соко интернешнл” компанийн үеэс буюу 1998 оноос хойш тус орд газраас дөр­­вөн сая орчим тонн газрын тос экспортолж, Монгол Улсын төсвийг бүр­дүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн есдүгээр сард тус компанид ажиллах үеэр мэдэгдэж байв. Энэ онд гэхэд нэг сая 300 мянган тонн түүхий тос олбор­лож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгааг ч дуулгасан.
 
Ямартаа  ч тэд Монгол Улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байна. Харин түүнийг нь манай төр засаг алсыг харсан, стратегийн төлөвлөлттэй үр ашигтай бүтээн байгуулалт болгож чадаж байгаа эсэхийг одоо харъя. Монголын хамгийн том зэс, алтны компани “Оюутолгой”, коксжих нүүрсээрээ дэлхийд тэргүүлж буй “Тавантолгой”, газрын тосны өмнөө барьдаг ганц “Петрочайна дачин тамсаг” компани Монголд юу үлдээв. Тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан, бараа ажил үйлчилгээ худалдан авсан, сургууль цэцэрлэг барихад хөрөнгө оруулсан гээд хийсэн ажлуудаа эдгээр компани уртаар дараалал үүсгэх байх. Гэхдээ энэ нь байгалийн баялгийн засаглал биш юм.
 
“Петрочайна дачин тамсаг” компани гэхэд Тосон уул XIX, Тамсаг XXI талбайн нөөцийг ашиглаад Монголоос гарсны дараа Дорнодоос газрын тос ашигласны үр шимийг Дорнодынхон хийгээд Монгол даяар дахиад хэдэн арван жил хүртэх боломжийг л хэлж буй юм.
 
Олон улсад уул уур­хайн салбараас олсон орлогоороо сан байгуулаад ирээдүйн үр шим болгон ард түмэндээ өгөөж өгдөг сонгодог жи­шээ үйлчилж байна. Норвеги, Азербайджан улс гэхэд газрын тосноос олсон ашгаараа тусгай сан байгуулсныг олон улсад онцолж байна. “Бороо гоулд” компани гэхэд Киргызэд том нуурын дэргэд алт олборлож буйгийнхаа хувьд тухайн бүсийг дэмжих санд орлогынхоо нэг хувийг төвлөрүүлдэг ажээ. Эдгээр нь тухайн байгалийн баялгийн нөөц шавхагдлаа гэхэд ард түмнээ үеийн үед тэжээх зөв засаг­лал бий болдгийн жишээ.
 
Монгол Улсад өнөөг хүртэл уул уурхайгаас олсон орлогоор бий болгосон үлгэр жишээ сан хөмрөг алга. Нам, хөдөлгөөний амлалтад дулдуйдаж эх орны хишиг гээчийг ард түмэнд өгөхөөр байгуулсан Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг нэрлэж болно. Харамсалтай нь энэ нь сайн жишээ болж чадалгүй, үхмэл байдалд ороод буй.
 
Өмнөговь, Дорноговь аймгийн албаны хүмүүс “Манай нутагт том орд илэрч газрын доорх баялгийг олон жил гадагшаа зөөлөө. Баялаг хэзээ нэгэн цагт дуусна. Нэг ордоос томоохон үр шим бий болсон байх ёстой. Гэвч алсыг харсан бодлого одоо хүртэл хэрэгжихгүй байна. Бид үүний горыг биеэрээ амсч байгаа хүмүүс. Цаашид энэ асуудалд анхаарлаа хандуулж, байгалийн баялгийн зөв засаглалыг бий болгох ёстой” хэмээн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн саяхны нэгэн сургалтын үеэр онцолж байлаа.
 
Нээрээ л тэд уул уур­хайн хөлд хамгийн ихээр талхлагдаж буй бүс нутгийн ард иргэд. Баялгаа ашиглаж хөгждөг амлалт биеллээ олсон бол өнөөдөр тэд арай өөрийг хэлэх байсан биз ээ.
 
Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж эхэлсэн өнгөрсөн жилүүдэд доройтож мөхсөн газар шороо, ширгэсэн гол мөрөнтэй, авлигад идэгдсэн дарга даамлуудтай л үлджээ.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин