“Алтайн хүдэр” ком­панийн эзэн Ч.Базарын тухай таагүй мэдээллүүд сүүлийн үед цацагдах болсон. Учир нь “баян” нэрээр олонд танигдсан Ч.Базар Говь-Алтай аймагт төмрийн хү­дэр ол­борлох нэрээр байгаль орч­­ныг сүйтгэж байгаа талаар нут­­гийн иргэд бо­лон тэдний ком­панийн ажилч­дын төлөөлөл ма­най сонинд хандсан юм.

 

Уг нь Ч.Базар Говь-Алтай аймагт анх ажил­лаж эхлэхдээ нут­­гийн­ханд то­моохон ажлын байр бий болгож, тус айм­гийн Цээл сумын  ир­гэдийг ажлаар хан­гаж, “Хөгжлийн манлайд хөт­лөх болно” гэсэн догь уриа гар­гасан юм билээ. Гэтэл одоо энэ уриа­ны сураг ч сонсогдохоо байж, аж­лын байр сурагласан нутгийн ир­гэдийг даажигнаж, то­хуурдаг болжээ.



Цээл сум нь аймгийн төвөөсөө алслагдсан учраас хяналт, шал­галтынхан тэр бүр очиж чад­даг­гүй.  Тэнд “баян ”Базараад хан­­даж төрийн өмнөөс жинтэй үг дуу­гарчих хүн байхгүй бо­лохоор эд­лэн  газартаа  очсон мэт аашилдаг гэж тус сумын иргэдийн төлөөлөл ярьсан. Гэхдээ одоогийн байдлаар, “Алтайн хүдэр” компанийн  ол­­бор­­лолт зогссон  байгаа  аж. Юу­ны учраас ажил  зогссон  нь тодор­­хой­гүй.



Хэдийгээр ажил явагдахгүй байгаа ч 1500-2000 ам.долларын өндөр цалинтай ажилд авна гэсэн зар тарааж хүмүүсийг бүрт­гэж эхэлжээ. Гэтэл нутгийн иргэд үүнийг хууль бус үйлдлээ нуух гэ­сэн арга гэж үзсэн байна. Цээл сумын иргэдээс гадна аж­лын байрны дагуу Улаанбаатар хотоос очиж ажилласан иргэн Д.Баттөмөр энэ талаар “Өндөр ца­линтай ажил гэдэг нь иргэдийг залилах  гэсэн арга.

 

Би хэдэн найз­тайгаа “Алтай хүдэр” ком­панийн уурхайд очиж ажилласан. Бидэнд анх их сайхан юм ярьж байсан. Гэтэл газар дээр нь очтол бай­дал эсрэгээрээ. Юун тэр ам­лаж байсан 1000 ам.доллар. Ца­лингаа ч тавьж чаддаггүй га­зар байна билээ. Бид “Таян нуур” гэх төмрийн хүдрийн уур­хайд ажиллаж байсан юм. Ер нь тэнд очвол аймшигтай дүр зураг ха­рагдана.



Тухайлбал, компани хөдөлмөр хамгаалал мөрддөггүйгээс олон арван жолооч, энгийн иргэн гэмтэж бэртэн, зарим нь алтан амиа алдсан түүх ч байдаг гэдгийг гэрчлэх хүмүүс бий. Хятадын хуучирч муудсан, акталсан тоног төхөөрөмжүүд голдуу байдаг. Ер нь уурхайд хү­ний эрх маш ихээр зөрчигдөж, хүмүүсийн хөдөлмөрийг “шулж” байна. Тод­руул­бал, өд­рийн най­ман цаг ажил­­­луу­лах хөдөл­мөрийн гэрээ бай­­­гуулдаг хэрнээ 07:00-22:00 цаг хүртэл амралтгүй ажиллуулдаг.



Тэнд ажилладаг хүмүүс уур­хайн хүний нөөцийн менежер Хулан, Баярсайхан нарын ааш аяганд тааруулж ажиллах нь хам­гийн хэцүү байдаг. Зараар ажилд орох гэж буй хүмүүст “Алтай хүдэр” компанийн ажилд битгий яваасай гэж л хэлмээр байна” гэлээ. Ямартай ч, дээрх залуугийн хэлж буйгаар хүмүүс нэгэнт хол зам туулж очдог тул ажлаа хийж, цалингаа авах гэж хатуу шаард­лагыг нь биелүүлэхээс өөр аргагүйд хүрдэг байна.



Хамгийн гол нь, уурхайн санхүүгийн тайланд жил ирэх тусам алдагдалтай ажилласан гэ­сэн нэгтгэлтэй дүн гардаг гэнэ. Компанийн хятад эзэд нь урд хилээр төмрийн хүдэр зөөж гаргаад монголчуудад татвар тө­лөх нь бүү хэл алдагдалтай ажил­ласан гэдэг нэрээр бараг л дахин ажиллах шаардлага тавьдаг аж.



Говь-Алтай аймгийн төсөвт жилдээ 10 тэрбум төгрөг өгөх гэрээтэй “Алтай хүдэр” компани алдагдалтай ажилласан гэдэг нэрийдлээр өнөөдрийн байдлаар 1.2 тэрбумыг нэг удаа, 175 сая төгрөгийг нэг удаа төлсөн байна. Тус компанийн эзэмшиж буй Таян нуурын төмрийн хүдрийн уурхай нь 40 жилийн нөөцтэй манай улсын томоохон ордуудын нэг.



Компани жилдээ хоёр сая 400 мянган тонн хүдрийг урд хөрш рүү гаргадаг аж. Тонн төмрийн хүдрийн зах зээлийн дундаж үнэлгээ 80 ам.дол­лар гээд бодохоор ашиггүй ажил­лах үндэсгүй юм. Мөн компанийг удирдаж буй хүмүүс нутгийнхан болон ажилчдаас нуулгүйгээр гадаад орнуудаар хэсч, казино тоглодог, нисдэг тэрэг уначихаад дуртай газраа зугаалж байдаг юм байна.

 

Энэ ордын олборлолт 2006 онд эхэлж байсан бол 2007 оноос Говь Алтай аймгийн баруун хил рүү цагаан шороон зам татуулсан хүдэр зөөвөрлөөд, одоо таван жилийг ардаа орхиод байна. Энэ хугацаанд Говь Алтай аймгийн нутагт хэсэгхэн газар хар зам тавьсан нэртэй л юм билээ. Хятадын компани гүй­цэт­гэгчээр нь ажилласан хар зам үнэндээ гуравхан сарын дараа хагарч, цууран шороон замаас дор болсоныг тэр замаар явж үзсэн хүн бүр хэлнэ.

 

Цээл сумыг хөгжүүлж цэцэглүүлнэ хэмээн амласан ч одоо “Төрийнхний 70 жилд хийж чадаагүй ажлыг манай компани хэзээ ч хийж чадахгүй” хэмээн том толгойлон сууж байна. Дээрх компанийн хуудуутай үйлдлийг төр засаг мэдээгүй гэ­вэл том эндүүрэл болох байх. Өдгөө Говь-Алтай аймгийн Цээл сумын уул толгод, газар нутгийг үнсэн тал болгож, байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй хаяж байгаа “Алтайн хүдэр” компанид хариуцлага тооцохыг иргэд нь хүлээж сууна.



Тэгэхээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг та “Алтай хү­дэр” ком­панийг анхааралдаа авч, төрөөс олгосон тусгай зөв­шөөр­­лөөр  чу­хам юу хийж буйг шалгах цаг нь болжээ. Тун удахгүй ханш нээгдэж, газар шороо гэсч Таян нуурт  дахиад л хүдрийн олборлолт эхэлнэ.

 

Нэгэн цагт олонд нэртэй дуу­чин бүсгүйтэй гэр бүл болж Ч.Базар нэр нь хүмүүст танил болж байсан “баян” Базараагийн энэ үйлдэл яав ч хуулийн хүрээнд өрнөөгүй. Бид дараагийн дугаартаа “Алтай хүдэр”-ийн охин компани “Их говь энержи”-ийн үйл ажил­лагаанаас дэлгэх болно.

 
Үргэлжлэл бий...