Цэвэр ус бол үндэсний аюулгүй байдлын  нэг хэсэг. Ус бол амьдрал, бас амьд эрдэнэ. Монголчууд бид дундрашгүй  их устай юу гэвэл  бүр ч эндүүрэл болж буйг УСУГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Нийсэлийн мэргэжлийн хяналтын газар, ШУТИС, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 60 орчим хүн оролцсон тус хэлэлцүүлгээр “Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ” гэх асуултын хүрээнд талууд үзэл бодлоо солилцсон төдийгүй усны талаарх тулгамдсан асуудлаар ярилцсан юм.
Нийслэл хот цэвэр усныхаа эх үүсвэрийг Туул голын сав газраас хангадаг. Туул голын сав газрын дагуу байгаа 160-170 гүний худгаас усаа татаад нийслэлчүүдийн ундны, ахуйн, үйлдвэрийн, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны иргэдийн хэрэгцээг хангаж байгаа. Харин олон улсын төслийн хүрээнд хийсэн шинжилгээгээр ундны усны 80 гаруй хувь нь бохирдолтой гарсан байна.нийслэлчүүдийн ундны усыг цэвэр гэж хэлэхэд тун бэрх болсныг албаныхан нуусангүй.

Нийслэлийн УСУГ-т хамаарагддаг шугам сүлжээний насжилтыг авч үзвэл 204.5 км нь 2-10 нас, 198.2 км нь 11-30 жил, 140.7 км шугам хоолой 31-53 жил болжээ. 50 нас хүрч, хүүхдийн зулай шиг нимгэрсэн хоолойнуудад нэг см хүртэлх зузаан зэв тогтжээ.  
 УСУГ-ын Техник бизнесийн хөгжил, Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батсүх “Ихэнх ус дамжуулах шугам хүүхдийн зулай шиг нимгэн болчихсон. Үүний гол учир нь удаан хугацаанд хэрэглэсэн ган хоолойнууд зэвэнд идэгдсэнтэй холбоотой. Орон сууцны хэрэглэгчдэд уг зэвтэй хоолойгоор дамжин унды ус ямар хими, физикийн урвалд орж байгааг шууд тодорхойлох боломжгүй гэнэ. Гэхдээ урьдчилан сэргийлж  усыг хлороор ариутгадаг. Хэрвээ хлор амтагдаж байвал тэр нь ариутгагдсан ус гэж ойлгох хэрэгтэй. Мөн Усны машины хоолой ил нөхцөлд  байгаа учир эрсдэлтэй учир 2014 он гэхэд бүрэн битүүмжлэлтэй болгоно гэдгийг” гэв.

Түүнчлэн 60 усны машин 278 машинаар 318 цэгт ус тээвэрлэдэг.  Харин  хэрэглэгчдийн усаа хадгалдаг сав, шанага, угаалтуур зэрэг шат дамжлагаас  бохирдож байгаа гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгч онцолж хэлсэн юм.
Нийслэлд эмх замбараагүй барилгажилт нэгэнт явагдаад дуусах тийшээгээ хандаж байгаа тул ус дамжуулах хоолойг солих боломжгүй. Харин доторлох ажлыг УСУГ эхлүүлсэн байна. Гэр хорооллыг найман литр ус хэрэглэдэг бол орон сууцныхан 150-250 литр ус зарцуулж байгаа гэсэн тоо баримт бий. Өдөртөө найман литр ус хэрэглэж буй гэр хорооллынхонд маань харин азтай улс юм.
 Бас нэгэн аюулын хангараг дэлдсэн асуудал бол гэр хорооллын иргэд ундны усаа хуванцар саванд хадгалдаг. Гэтэл хуванцар савыг үйлдвэрлэхэд бисфелон А болон меламин гэх бодисыг ашигладаг бөгөөд АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар уг бодис нь хөхний хорт хавдар, үргүй болгох, зарим төрлийн хорт хавдар үүсгэх суурь нөхцөл болдог гэдгийг хэдийнэ тогтоогоод байгаа.
Сүүлийн үед хүмүүс цэвэршүүлсэн ус хэмээн боллонтой ус ихээр хэрэглэж буй. Гэтэл мөн л энэ талаарх таагүй мэдээллийг албаны хүмүүс дурдаад авсан. Ихэнх албан байгууллагын хэрэглэдэг 10 литрийн хуванцар савтай цэвэршүүлсэн ус нь мөн л хүний биед хортой байдаг тухай мэдээлэл гарах болов. Хуванцар саванд 72 цаг ба түүнээс дээш хугацаагаар хадгалагдсан усны бүтцэд өөрчлөлт орж эхэлдэг юм байна. Хэрвээ усны бүтцэд өөрчлөлт орвол хүний эрүүл мэнд тэр бүү хэл сэтгэцэд ч нөлөөлдөг гэх Германы эрдэмтдийн судалгаа гарчээ.

Нийслэлийн хүн амын тулгамдсан асуудал утаа байдаг. Тэгвэл одоо цэвэр усгүй болно гэх түгшүүртэй боллоо гэхэд хилсдэхгүйн. Мэдсээр байгаа хэрнээ бидний усанд хандах хандлага огтхон ч өөрчлөгдөөгүй. Улаанбаатарын захын хорооллоор хиртэй алчуураар далласан машин угаалгынхан  цэвэр усыг угаадас болгон гудамжаар л нэг урсгаж байгаа. Ил байгаа нь энэ. Өвөл зунгүй үйлчилдэг машин угаалгын газар нийслэлд  олширно уу гэхээс хасагдахгүй байгаа. Тэд хэрэглээний цэвэр усыг ёстой нэг юүлэх шиг болдог. Хараад л хайран ус гэсэн харуусал төрнө. Хагас литр хүрэхгүй шингэнээ 10, 20 литр усаар зайлуулна. Ийм л задгай хэрэглээ бидэнд байна.

Бид ийн зэвтэй хоолойгоор ус урсаж байгаа цагт шар болон бусад халдварт өвчний тоо хэзээ ч буурахгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсан гэдгийг дахин хэлье.

Х.Даваа