Өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гурван захирамж гаргасан. Энэ гурван захирамжаас хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа нь 2018 он хүртэл нийслэлийг зорин ирэх урсгалыг хориглосон явдал юм. Захирамжаар бүх хүнийг нийслэлд ирэхийг хориглоогүй.  Тухайлбал  Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож байгаа юм. Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар  хяналт тавина.

Энэ талаар сонссон иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлалаа гэж цахим орчинд өөрийн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргаж байгаа аж.

Үүнийг арай бодитойгоор бодоод үзье л дээ. Амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн иргэн нийслэлд ирлээ гэхэд нүүрс түлэх айл нэгээр нэмэгдэнэ. Мэдээж хэрэг нүхэн жорлонтой болно. Тэр хэмжээгээр өнөөх хөрсний бохирдол нэмэгдэнэ.

Өнөөдөр Улаанбаатар дэлхийн хамгийн бохир агаартай 10 хотод айргийн тавд жагсдаг. Энэ агаараар та, таны хүүхэд, хайртай хүмүүс чинь амьсгалж байгаа гээд бодоод үзээрэй. Бас жилдээ энэ агаарын бохирдлын улмаас хатгаа нь хүндэрсэн 200 гаруй хүүхэд бурхан болж байна. Энэ түүх та болон таны ойр тойрныхонд давтагдаасай гэж та хүсэхгүй л байгаа биз дээ. Тиймээс  агаарын бохирдлыг бууруулах гэж тодорхой арга хэмжээ эхлүүлсэнд нь харин ч баярлах хэрэгтэй.

Шүүмжлэхийнхээ оронд харин ч Засгийн газраас энэ ажлыг нь дэмжээд өгөөч гэж дуугарах нь өнөөдрийн хувьд ухаантай шийдэл шүү цахим орчинд цэцэрхэгчид минь.

Өөрөөр хэлбэл нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хориглосон энэ бодлого хэрэгжиж байх үед Засгийн газраас хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах боломжийг нь хангаад өгөх хэрэгтэй. Хотоос хөдөө ажиллах залуу гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдээд өгвөл бүгдээрээ хот руу шавахгүй л байх.  Засгийн газар орон нутаг руу чиглэсэн бодлогоо сайтар боловсруулж хэрэгжүүлээд эхэлбэл байдал дээрдэнэ.

Нөгөө талаас  Засгийн газар одоо түлээ нүүрс түлж байгаа айлуудыг бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байна. Тухайлбал өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэн Х.Билгүүнийд зочилжээ. Тэднийх шалны халаалттай. Түлээ нүүрс авдаггүй. Сарын цахилгааны хэрэглээ нь 60-70 мянган төгрөг гардаг байна. Тэгвэл нүүрс түлдэг айл 24 цагт 3000 төгрөгийн үнэтэй 1 шуудай нүүрс хэрэглэдэг гэж үзвэл сард 90 мянган төгрөг болж байгаа юм. Мөн үүнд цахилгааны төлбөр нь 15-20 мянган төгрөг нэмэгдэхээр 105-110 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл хэмнэлт ч хийнэ, дулаахан ч өвөлжинө.

Яг үүн шиг жишгээр  цахилгаан халаалтыг сурталчлах нь зөв. Олон өрх хэрэглээд ирэхээр утаа мэдээж багасна. Харин цахилгаан халаалтын систем худалдаж авахад төрийн оролцоо заавал байх ёстой бөгөөд хашааны газар, байшингаа барьцаалаад банкны уян хатан нөхцөлтэй, хүү багатай лизингээр авах асуудлыг Засгийн газар судлан хэрэгжүүлэх нь чухал гэдгийг гүйцэтгэх засаглалынхан анхаарна биз.

 

Ер нь ч тэгээд нүүрс түлж байгаа юм байж  төрд гарн хулгайчууд юу ч хийхгүй байна гэж буруутгахаа боль. Харин эхлээд өөрөө нүүрсээ түлэхээ болиод агаарын бохирдолд оруулж байгаа хувь нэмрээ багасгавал яаж байна?

М.Мөнгөн