МАХН-аас боловсруулсан Бүгд Найрамдах Монгол Улс /БНМУ/-ын Дээд /Үндсэн/ хуулийн төслийг ард түмэндээ танилцуулж байна
2017/02/24
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС /БНМУ/-ЫН ДЭЭД /ҮНДСЭН/ ХУУЛЬ
Мөнх тэнгэрийн хүчин дор оршиж буй Монголын ард түмэн бид:
-Эрт эдүгээгийн баялаг түүхийнхээ ололт амжилтаас үнэт сургамж авч, бататган баяжуулж,
-Нийт монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалж, сайн сайхан амьдралыг хангахын тулд оршин тогтнож буй БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тууштай хамгаалж, бэхжүүлэн бататгахаа гүнээ ухамсарлаж,
-Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-Өвөг дээдсийн үнэт сургааль, хэл соёлынхоо нандин өв, уламжлалыг хадгалан хөгжүүлж,
-Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтод хүндэтгэлтэй хандаж,
-Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах эрхэм зорилгыг дэвшүүлж энэхүү Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БНМУ-ЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ
Нэгдүгээр зүйл. Бүгд Найрамдах Монгол Улс
1.1. БНМУ бол тусгаар тогтносон, нутаг дэвсгэрийн хувьд хуваагдашгүй цул, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төр засгийг эмхлэн байгуулах, түүний үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ардчилсан зарчмыг тууштай баримтлагч, иргэдийнхээ сайн сайхан амьдралыг хүссэн тэмүүллийг хөхиүлэн дэмжигч, нийгмийн шударга ёсыг эрхэмлэгч, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс бөгөөд албан ёсны нэр нь “Бүгд Найрамдах Монгол Улс”/товчлол нь - БНМУ/ мөн.
1.2. БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
1.3. Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
1.4. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт БНМУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг бэлгэдэн илтгэсэн жигүүртэй ариун бүхний илэрхийлэл болсон цагаан өнгийн хийморийн морь, нуруун дээр нь алтан соёмбо залсан байдлаар хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.
1.5. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь БНМУ-ын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
1.6. БНМУ-ын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь монгол хүний эрх, эрх чөлөөг бат хамгаалах болон БНМУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэх тэмцлийн ялалт, монголын ард түмний эр зориг, үйл хэрэг нь мандан бадрах амжилтын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
1.7. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар “Бүгд Найрамдах Монгол Улс” гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг БНМУ-ын Ерөнхийлөгч барина.
1.8. БНМУ-ын уриа нь: “Эрч хүч, Цог хийморь, Эв нэгдэл, Гал голомт” мөн.
Дөрөвдүгээр зүйл. БНМУ-ын ард түмний төр засгийг бүрдүүлэх бүрэн эрх
4.1.БНМУ-ын нийт иргэд, тэдний үр сад нь Монголын ард түмэн мөн.
4.2.БНМУ-д Монголын ард түмэн төр засаг, түүний бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж мөн бөгөөд төр засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний мэдэлд байнга байна. Монголын ард түмэн төр засгийн бүрэн эрхийг энэхүү Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчмын дагуу барина.
4.3.БНМУ-д ард түмэн төр засгаа эмхлэн байгуулахдаа, төр засаг нь үйл ажиллагаагаа явуулахдаа гагцхүү ардчилсан зарчмыг баримтална.
4.4. БНМУ-ын төр засаг гагцхүү хуулийн хүрээнд, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
4.5. Төр засгийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
4.6. БНМУ-ын төр засаг Үндсэн хуулиар заасан үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа, эсхүл Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ард түмэн эсэргүүцэл илэрхийлж хугацаанаас нь өмнө огцруулан шинээр эмхлэн байгуулах эрхтэй.
Наймдугаар зүйл. БНМУ-ын эдийн засаг
8.1. БНМУ-ын эдийн засгийн үндэс суурь нь хувийн өмч, төрийн өмч, нийтийн өмч, дундын өмч зэрэг өмчийн олон хэлбэрт тулгуурласан аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх чөлөө, эрүүл саруул өрсөлдөөн, хамтын ажиллагааг хүндэтгэсэн нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийн харилцаа мөн.
8.2. БНМУ-ын мөнгөн тэмдэгт нь төгрөг байна.
8.3. БНМУ-ын төр засаг аливаа өмч, түүний дотор хувийн өмчийг хамгаална. БНМУ-ын уугуул иргэнд хувийн хэрэгцээнд нь зориулж газар өмчлүүлж болно.
8.4. БНМУ-ын нутаг дэвсгэр дэх газар, түгээмэл тархацтай ашигт малтмал, бэлчээр, ой, усны нөөц, зэрлэг амьтан, ургамал, агаарын орон зай төрийн өмч мөн.
8.5. Төр засаг БНМУ-ын иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар болон түгээмэл тархацтай ашигт малтмал, бэлчээр, ой, усны нөөц, зэрлэг амьтан, ургамалыг ашиглуулах эрхийг орон нутагт шилжүүлж болно.
8.6. БНМУ-ын газрын хэвлий, түүний баялаг, ашигт малтмал нь ард түмний дундын өмч мөн бөгөөд нөөцийг нь үндэслэн үнэлж стратегийн, эсхүл орон нутгийн шинж чанартай гэж ангилна.
8.7. Стратегийн ач холбогдолтой ард түмний дундын өмчийг гагцхүү Үндэсний Их Хуралдайн зохион байгуулсан БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн санал асуулгын дүнг үндэслэн Засгийн газар захиран зарцуулна.
8.8. Орон нутгийн шинж чанартай ард түмний дундын өмчийг гагцхүү тухайн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан сонгуулийн насны иргэдийн санал асуулгын дүнг үндэслэн аймгийн Засаг дарга захиран зарцуулна.
8.9. Хувийн өмчийг гагцхүү нийтийн эрх ашгийн төлөө хуулийн дагуу шударга нөхөн олговортойгоор авч болно.
8.10. Төр засаг газар өмчлөгч БНМУ-ын иргэнд өмчилсөн газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэж болно.
8.11. Аж ахуй эрхлэх эрх чөлөөг гагцхүү нийтийн эрх ашгийн үүднээс хуулиар хязгаарлаж болно.
8.12. Аль нэг этгээд эдийн засгийн харилцаанд оролцохдоо шударга бус дангаар ноёрхол тогтоох, арилжааны банк, хэвлэл мэдээллийн байгууллагын хувьцааг дангаар өмчилж өөртөө давуу байдал бий болгохыг хориглоно.
8.13. Төр засаг нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах эрхэм зорилгыг хангах, иргэний баталгаатай орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ард түмний дундын өмч зэрэг эх үүсвэрээс бүрдсэн тусгай сан байгуулан ажиллуулж болно.
8.14. Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
Есдүгээр зүйл. Гэр бүл
9.1. Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж, нийгмийн харилцааны суурь мөн.
9.2. Хуулиар тогтоосон насанд хүрсэн эмэгтэй эрэгтэй хоёр хүний сайн дурын, тэгш эрх бүхий харилцаанд тулгуурласан, хууль ёсоор баталгаажсан хамтын амьдралын холбоог гэр бүл гэнэ.
9.3. БНМУ-ын иргэн гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг эрхэмлэх, гэр бүлийн гишүүдээ асран хамгаалах, хүүхэддээ өв тэгш хүмүүжил олгох, ургийн бичгийг хөтлөх журамт үүрэгтэй.
9.4. Хүний албан ёсны нэр нь ургийн овгийн нэр, эцгийн нэр, өөрийн нэрээс бүрдэнэ. Гэр бүлийн гишүүд нь өрхийн тэргүүний овгийн нэрийг авна.
9.5. БНМУ-ын төр засаг гэр бүлийг хамгаалан дэмжинэ. Төр засгийн хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлого гэр бүлийн сайн сайхан амьдралыг хангахад чиглэгдсэн байна.
9.6. БНМУ-д гэр бүл бүр орон сууцтай байх эрхтэй. Гэр бүл бүр орон сууцтай байх эрхээ эдлэхэд нь төр засаг дэмжлэг үзүүлнэ. Төр засаг 25 жилээс дээш тогтвортой ханилсан, түүнчлэн олон хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийг орон сууцаар хангана.
9.7. Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
Арвантавдугаар зүйл. Хүний болон иргэний эрх, эрх чөлөөний баталгаа
15.3. БНМУ-д Монгол хүн төрийн хамгаалалтанд байна. БНМУ-ын төр засаг хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хуулиар бататган хамгаалах, аюулгүй байдлыг нь баттай хангах үүрэгтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. БНМУ-ЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ
НЭГ. ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ БУЮУ ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ
Арванзургаадугаар зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгч
16.1. БНМУ-ын Ерөнхийлөгч бол төр засгийн тэргүүн бөгөөд Үндсэн хуулийг хүндэтгэн дээдэлж, чандлан баримталж, төр засгийн байгууллагуудын хариуцлагатай үйл ажиллагаа, төрийн үйл хэрэг үл тасалдах байдлыг хангаж зохицуулна.
16.2. Ерөнхийлөгч нь Засгийн газрын тэргүүн байна.
16.3. Ерөнхийлөгч нь БНМУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий захирагч байна.
16.4. Ерөнхийлөгч нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн байна.
16.5. Ерөнхийлөгч нь Үндэсний Их Хуралдай, Улсын Бага Хуралдай, Дээд Шүүхийн гишүүн зэрэг хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах төрийн болон төрийн бус байгууллагад ажил, албан тушаал хавсран хашиж үл болно.
16.6. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
Арвандолоодугаар зүйл. БНМУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, сонгох
17.1. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, БНМУ-ын уугуул иргэнийг таван жилийн хугацаагаар сонгоно.
17.2. Улсын Бага Хуралдайд суудал бүхий нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болно. Улсын Бага Хуралдайд суудалгүй нам тавин мянгаас доошгүй БНМУ-ын сонгуулийн насны иргэний дэмжсэн гарын үсэг цуглуулж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болно.
Хоринхоёрдугаар зүйл. БНМУ-ын Засгийн газар
22.1. Засгийн газар бол төр засгийн хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэгч байгууллага мөн. Засгийн газар Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг биелүүлж, эдийн засаг, нийгэм, соёл, захиргааны байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүрэгтэй.
22.2. Засгийн газар Ерөнхийлөгч, Шадар сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн нийтдээ арван таваас дээшгүй байна.
22.3. Засгийн газрын гишүүн нь 40 нас хүрсэн, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлага хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
22.4. Засгийн газрын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагад ажил, албан тушаалыг давхар хашихыг хориглоно.
22.5. Улсын Бага Хуралдай Засгийн газрын гишүүнд итгэл хүлээлгэх эсэх саналаа Ерөнхийлөгчид уламжилж болно. Энэ нь Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг заавал огцруулах үндэслэл болохгүй.
22.6. Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргах бөгөөд түүнд Ерөнхийлөгч, тухайн асуудал эрхэлсэн сайд гарын үсэг зурна.
22.7. Засгийн газрын тогтоол нь хууль тогтоомжид нийцээгүй бол Ерөнхийлөгч, эсхүл Улсын Бага Хуралдай хүчингүй болгоно.
22.8. Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар тогтооно.
Хоринтавдугаар зүйл. Сонгуулийн ерөнхий хороо
25.1. Сонгуулийн ерөнхий хороо нь БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн санал асуулга, бүх шатны сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий сонгуулийн төв байгууллага мөн.
25.2. Сонгуулийн ерөнхий хороо нь хамтын шийдвэр гаргах зарчмын дагуу ажиллах бөгөөд хамтаараа хариуцлага хүлээнэ.
25.3. БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн санал асуулга, бүх шатны сонгууль, бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн нийт зардлыг тухай бүр төр засгаас бүрэн хариуцна.
25.4. Бүх шатны сонгуулийн санал хураалтыг жил бүрийн 6 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Даваа гарагт зохион байгуулна.
25.5. Бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь өөрийн, эсхүл улс төрийн нам, төр засгийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, хувь хүний зардлаар сонгуулийн кампанит ажлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлэхийг хориглоно. Уг зохицуулалтыг зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг татуулж, 5 жилийн хугацаанд аль ч шатны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй.
25.6. Сонгуулийн ерөнхий хороо нь Ерөнхийлөгчийн, Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүний, Үндэсний Их хуралдайн төлөөлөгчийн, Улсын Бага хуралдайн, Ардын хянан шалгах хорооны гишүүний, Улсын дээд шүүх болон бүх шатны бусад шүүхийн шүүгчийн, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчийн ээлжит болон ээлжит бус сонгуулийг зарлан явуулна.
25.8. Бүх шатны сонгуулийн сонгогчийн саналын хуудсыг гараар тоолно.Сонгуулийн ерөнхий хороо, гишүүн нь хэнээс ч хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчмыг чанд мөрдөн иргэний сонгох, сонгодох эрхийг баттай хангах үйл ажиллагааг хуулийн дагуу шударгаар явуулна.
25.9. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг Хүний Эрхийн Үндэсний Хорооны санал болгосноор Үндэсний Их Хуралдай 6 жилийн хугацаагаар томилно.
25.10. Сонгуулийн ерөнхий хороо нь 15 гишүүнтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь улс төрийн намын гишүүн байхыг хориглоно.
25.11. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь 40 нас хүрсэн, ёс суртахууны шаардлага хангасан, БНМУ-ын уугуул иргэн байна.
25.12. Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь насаар хамгийн ахмад гишүүн байна.
25.13. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн бол Хүний эрхийн үндэсний хороо Сонгуулийн ерөнхий хороог огцруулах саналыг Үндэсний Их Хуралдайд оруулан шийдвэрлүүлнэ.
25.14. Сонгуулийн ерөнхий хорооны бие даасан, хараат бус үйл ажиллагааны эдийн засгийн баталгааг төр засаг хариуцна.
25.15. Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
ХОЁР. БНМУ-ЫН ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЭЛ
Хоринзургаадугаар зүйл. Парламент
26.1. Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэгч нь парламент байна. Парламент нь хууль тогтоох эрх бүхий Улсын Бага Хуралдай, хууль батлах эрх бүхий Үндэсний Их Хуралдайгаас бүрдэнэ.
26.2. Улсын Бага Хуралдайн тогтоосон, Үндэсний Их Хуралдайн баталсан, Ерөнхийлөгчийн соёрхон баталсан, “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор хэвлэгдсэн хууль, хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилнэ.
26.3. Ерөнхийлөгч дангаараа, Улсын Бага Хуралдайн 8-аас доошгүй гишүүн хамтарч, Үндэсний Их Хуралдайн 45-аас доошгүй гишүүн хамтарч хуулийн төслийг санаачлан өргөн барих эрх эдэлнэ.
26.4. Иргэд, бусад байгууллага хуулийн тухай саналаа хуулийн төслийг санаачлан өргөн барих эрх бүхий этгээдэд уламжилж болно.
26.5. БНМУ-ын сонгуулийн насны 10000 (арван мянган) иргэний гарын үсэг цуглуулсан хуулийн төслийг Улсын Бага Хуралдай заавал авч хэлэлцэнэ.
26.6. Хууль санаачлагч хуулийн төслийг Улсын Бага хуралдайд өргөн барина. Улсын Бага Хуралдайд өргөн барьсан хуулийн төслийг 30 хоногт багтаан хэлэлцэж эхлэнэ.
Хориндолоодугаар зүйл. БНМУ-ын Үндэсний Их Хуралдай
27.1. Үндэсний Их Хуралдай нь нийт ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэх байгууллага мөн.
27.2. Үндэсний Их Хуралдайн дарга, дэд даргыг Үндэсний Их Хуралдайн гишүүдийн дотроос хамгийн ахмад настай гишүүнээс эхлэн насаар нь эрэмбэлж нэг жилийн хугацаагаар тус тус томилно.
27.3. Үндэсний Их Хуралдай нийт иргэдийг төлөөлөн сонгогдсон болон томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.
27.4. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч нь Засгийн гарын гишүүн, төрийн сонгуульт болон жинхэнэ албан хаагчийн ажлыг давхар хашиж үл болно.
27.5. Үндэсний Их хуралдайд хороо, тосгон, сум тус бүрээс 1 төлөөлөгч сонгогдоно. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийг сонгуулийн насны иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.
27.6. Үндэсний Их Хуралдайн анхдугаар чуулганы хуралдаанд оролцох гишүүдийн тоо сонгогдвол зохих нийт гишүүдийн 3/4-т хүрсэн тохиолдолд Үндэсний Их Хуралдайн бүрэн эрх хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэнэ.
27.7. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчөөр 30/35 нас хүрсэн, тухайн засаг захиргааны нэгжид сүүлийн 2-оос доошгүй жил байнга оршин сууж байгаа бүртгэлтэй БНМУ-ын уугуул иргэнийг сонгоно.
27.8. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийн сонгуульд өөрийг нь дэмжсэн 250-аас доошгүй хүний гарын үсэг цуглуулсан иргэн нэрээ дэвшүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчид нэр дэвшихийг хориглоно.
27.9. БНМУ-ын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан иргэн өөрөө хүсвэл Үндэсний Их Хуралдайн томилогдсон төлөөлөгч байна.
27.10. БНМУ-ын Хууль тогтоох байгууллагад 3-аас цөөнгүй удаа сонгогдсон, Улсын Дээд Шүүхийн шүүгч, Төрийн албаны Зөвлөлийн дарга, Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүний албыг хашиж байсан иргэн, Өмгөөлөгчдийн төв байгууллагын дарга, Үйлдвэрчний эвлэлийн төв байгууллагын дарга, Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Эмэгтэйчүүдийн төв байгууллагын дарга, Залуучуудын төв байгууллагын дарга, Хүүхдийн төв байгууллагын дарга, Ахмадын төв байгууллагын дарга, Үндэсний олимпийн хорооны дарга, Сэтгүүлчдийн төв байгууллагын дарга, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төв байгууллагын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгууллагын дарга, Соёл урлагийн нэрт зүтгэлтэн нарын зэрэг иргэдээс Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх чадвартай бөгөөд хүсэлтэй 20 (хорин) иргэнийг Ерөнхийлөгч нэг жилийн хугацаагаар төлөөлөгчөөр томилно. Төлөөлөгчийг улируулан томилж болно.
27.11. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч бол ард түмний элчийн хувьд нийт иргэн, үндэсний эрх ашгийг илэрхийлэгч байна.
27.12. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгч намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байна.
27.13. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчийн бүрэн эрх Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар сэлгэгдэн шинээр сонгогдсон төлөөлөгчид тангараг өргөснөөр дуусгавар болно.
27.14. Үндэсний Их Хуралдайн төлөөлөгчид илэрхийлсэн байр суурь, өгсөн саналынх нь төлөө хариуцлага хүлээлгэхгүй.
27.15. Үндэсний Их Хуралдайн сонгогдсон нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгийг жил тутам сонгоно.
Хоринесдүгээр зүйл. БНМУ-ын Үндэсний Их Хуралдайн чуулган
29.1. Үндэсний Их Хуралдайн ээлжит чуулганыг улирал тутам нэг удаа ажлын 10 хоногийн хугацаанд багтаан Төрийн ордонд хийнэ. Шаардлагатай тохиолдолд тухайн чуулганыг ажлын 5 хоногоос илүүгүй хугацаагаар сунгаж болно.
29.2. Үндэсний Их Хуралдайн ээлжит чуулганыг улирал тутмын эхний сарын хоёрдох долоо хоногийн Даваа гарагт эхлэхээр тооцож Үндэсний Их Хуралдайн даргын зарласнаар зарлан хуралдуулна.
Гучдугаар зүйл. БНМУ-ын Бага хуралдай
30.1. Улсын Бага Хуралдай нь нийт ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлэх байгууллагамөн.
30.2. Улсын Бага Хуралдайн гишүүнийг сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу БНМУ бүхэлдээ сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу намын жагсаалтаар сонгоно.
30.3. Улсын Бага Хуралдайн гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж Улсын Бага Хуралдайн дараагийн сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр дуусгавар болно.
30.4. Улсын Бага хуралдай 55/99 гишүүнтэй байна.
30.5. Улсын Бага Хуралдайн гишүүнээр БНМУ-ын 35/40 нас хүрсэн, сонгуулийн насны БНМУ-ын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно.
30.6. Улсын Бага Хуралдайн сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон Улсын Бага Хуралдайн гишүүдийн тоо сонгогдвол зохих нийт гишүүдийн 3/4-т хүрсэн тохиолдолд Улсын Бага Хуралдайн бүрэн эрх хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэнэ.
30.7. Улсын Бага Хуралдайн даргыг Улсын Бага Хуралдайн гишүүдийн дотроос намуудын авсан суудлын тоог харгалзсан дарааллаар эрэмбэлж, хамгийн олон суудал авсан намаас эхлэн нэр дэвшүүлж ээлжлэн нэг жилийн хугацаагаар томилно.
30.8. Улсын Бага Хуралдайн дэд даргыг Улсын Бага Хуралдайн гишүүдийн дотроос авсан суудлын тоогоор хоёрт эрэмбэлэгдэх намаас эхлэн нэр дэвшүүлж ээлжлэн нэг жилийн хугацаагаар томилно.
30.9. Улсын Бага Хуралдайн дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа Улсын Бага Хуралдайн дарга, дэд дарга шинээр томилогдох хүртэл үргэлжилнэ.
Гучиндөрөвдүгээр зүйл.
БНМУ-ын Шүүх
34.1. БНМУ-д шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх өөртөө хадгалан хэрэгжүүлнэ. Хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага хэрэгжүүлэхийг хориглоно.
34.2. Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын Дээд шүүх, нийслэл, аймаг, улсын чанартай хотын болон тангарагтны шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүхийг байгуулж болно. Дагнасан шүүх, арбитрын үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
34.3. Улсын Дээд Шүүх Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний зарчим, заалтыг зөрчсөн эсэх тухай дүгнэлт гаргах, маргааныг хянан шийдвэрлэх эрх мэдлийгхэрэгжүүлнэ.
34.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хоорондын аж ахуйн маргааныг гэрээний үндсэн дээр арбитраар шийдвэрлүүлж болно.
34.5. Шүүх нь эрүүгийн хүнд, онц хүнд хэргийг тангарагтны шүүхээр, эрүүгийн хөнгөн, хүндэвтэр болон иргэний, захиргааны хэргийг дагнасан шүүхээр шүүн таслах үйл ажиллагаа явуулна.
34.6. Тангарагтны шүүх нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг гагцхүү санал нэгтэйгээр эцэслэн шийдвэрлэнэ. Шүүгч нь гагцхүү шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоосон тангарагтаны шийдвэрийн дагуу ял оногдуулах, эсхүл цагаатгах шийдвэр гаргана.
34.7. Улсын Дээд Шүүх нь Тангарагтны шүүхийн шийдвэрийг гагцхүү эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр хянана.
38.1. Гучиндолоодугаар зүйл. Шүүгчийг сонгох, чөлөөлөх Бүх шатны шүүхийн шүүгч 6 жилийн хугацаагаар сонгогдоно.
38.2. Улсын Дээд Шүүхийн шүүгчийг БНМУ-ын сонгуулийн насны иргэд БНМУ нь сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган шууд сонгоно.
38.3. Бусад шатны шүүхийн шүүгчийг тухайн шатны шүүхийн харьяалах засаг захиргааны нэгжид оршин сууж байгаа сонгуулийн насны иргэд нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган шууд сонгоно.
38.4. Бүх шатны шүүхийн сонгуулийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд сонгуулийн зардлыг нэр дэвшигч өөрөө, хувь хүн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын аливаа хандиваар бүрдүүлэхийг хориглоно.
38.5. Улсын Дээд Шүүхийн шүүгч нь 45 нас хүрсэн, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
38.6. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь 40 нас хүрсэн, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
38.7. Сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч нь 35 нас хүрсэн, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
38.8. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүх, сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнийг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоог харгалзан хуулиар тогтооно. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүх, сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгчээр хамгийн олон жил ажилласан нь байна.
38.9. Тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнийг БНМУ-ын иргэдээс бүрдүүлэх бөгөөд хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний тоо, тангарагтны шүүгчийг тухайн шүүн таслах ажиллагаанд санамсаргүй сонголтын аргаар сонгож оролцуулах бөгөөд энэхүү журмыг хуулиар тодотгон тогтооно.
38.10. Тангарагтны шүүгч нь 40 нас хүрсэн, ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
38.11. Улс төрийн намын удирдлагад ажиллаж байсан хүн Улсын Дээд Шүүхийн шүүгчээр сонгогдохыг хориглоно.
38.12. Бүх шатны шүүхийн шүүгч улс төрийн намын гишүүн байхыг хориглоно.
Гучиндолоодугаар зүйл.
Шүүгчийг сонгох, чөлөөлөх
Бүх шатны шүүхийн шүүгч 6 жилийн хугацаагаар сонгогдоно.
37.1. Улсын Дээд Шүүхийн шүүгчийг БНМУ-ын сонгуулийн насны иргэд БНМУ нь сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган шууд сонгоно.
37.2. Бусад шатны шүүхийн шүүгчийг тухайн шатны шүүхийн харьяалах засаг захиргааны нэгжид оршин сууж байгаа сонгуулийн насны иргэд нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган шууд сонгоно.
37.3.Бүх шатны шүүхийн сонгуулийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд сонгуулийн зардлыг нэр дэвшигч өөрөө, хувь хүн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын аливаа хандиваар бүрдүүлэхийг хориглоно.
37.4. Улсын Дээд Шүүхийн шүүгч нь 45 нас хүрсэн, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
37.5. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь 40 нас хүрсэн, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
37.6. Сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч нь 35 нас хүрсэн, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн болон ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
37.7. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүх, сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнийг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоог харгалзан хуулиар тогтооно. Нийслэл, улсын чанартай хот, аймгийн давж заалдах шатны шүүх, сум, сум дундын, дүүргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгчээр хамгийн олон жил ажилласан нь байна.
37.8. Тангарагтны шүүхийн бүрэлдэхүүнийг БНМУ-ын иргэдээс бүрдүүлэх бөгөөд хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний тоо, тангарагтны шүүгчийг тухайн шүүн таслах ажиллагаанд санамсаргүй сонголтын аргаар сонгож оролцуулах бөгөөд энэхүү журмыг хуулиар тодотгон тогтооно.
37.9. Тангарагтны шүүгч нь 40 нас хүрсэн, ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна.
37.10. Улс төрийн намын удирдлагад ажиллаж байсан хүн Улсын Дээд Шүүхийн шүүгчээр сонгогдохыг хориглоно.
37.11. Бүх шатны шүүхийн шүүгч улс төрийн намын гишүүн байхыг хориглоно.
37.12. Бүх шатны шүүхийн шүүгч улс төрийн намын гишүүн байхыг хориглоно.
Гучиннаймдугаар зүйл.
Улсын Дээд Шүүх
38.1. Улсын Дээд Шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. Улсын Дээд Шүүх нь 21 гишүүнтэй байна. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчээр хамгийн олон жил шүүгчээр ажилласан нь ажиллана.
38.2. БНМУ-ын Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
38.2.1. эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дагнасан шүүхийн болон тангарагтны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;
38.2.2. Үндсэн хуулийн маргааныг хянан шийдвэрлэх, Үндсэн хуулийн зүйл, заалт, зарчим зөрчигдсөн эсэхийг тогтоох;
38.3. Улсын Дээд Шүүх Үндсэн хууль, түүний утга агуулга, зарчим зөрчигдсөн эсэх асуудлаар өөрийн санаачлагаар, эсхүл албан тушаалтан, байгууллага, иргэнээс ирүүлсэн хүсэлтийг хянан шийдвэрлэх;
38.4. Хуулиар эрх олгогдсон бусад асуудлыг шийдвэрлэх;
38.5. Улсын Дээд Шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Улсын Дээд Шүүхийн шийдвэр хуульд харшилсан эсэх асуудлыг Улсын Дээд Шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцэж хүчингүй болгох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
ДӨРӨВ. ХЯНАН ШАЛГАХ ЭРХ МЭДЭЛ
Гучинесдүгээр зүйл. БНМУ-ын Ардын хянан шалгах хороо
39.1. БНМУ-ын Ардын хянан шалгах хороо нь хянах эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлнэ.
39.1. Ардын хянан шалгах хорооны гишүүнийг сонгуулийн насны иргэд БНМУ сонгуулийн нэг тойрог гэсэн зарчмын дагуу нийтээрээ, чөлөөтэй, саналаа нууцаар гарган 5 жилийн хугацаагаар шууд сонгоно.
39.2. Ардын Хянан шалгах хорооны гишүүн нь 40 нас хүрсэн, эдийн засгийн болон хуулийн дээд боловсролтой, төрийн жинхэнэ албан хаагчаар 10-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн нягтлан бодогч БНМУ-ын уугуул иргэн байна.
39.3. Ардын хянан шалгах хороо нь 9 гишүүнээс бүрдэнэ. Ардын хянан шалгах хорооны дарга нь насаар хамгийн ахмад гишүүн нь байна.
39.4. Ардын хянан шалгах хороооны гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт ажлаас өөр ажил, албан тушаал давхар хашихыг хориглоно.
39.5. Ардын хянан шалгах хорооны гишүүн нь нам бус байна.
Дөчдүгээр зүйл. БНМУ-ын Ардын хянан шалгах хорооны бүрэн эрх
БНМУ-ын Ардын хянан шалгах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Дөчинхоёрдугаар зүйл. БНМУ-ын Хүний Эрхийн Үндэсний Хороо
БНМУ-ын Хүний эрхийн үндэсний хороо нь хянах эрх мэдлийг хадгалан хэрэгжүүлнэ.
42.1. Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө, үүрэгтэй холбоотой асуудлаар гаргасан зөрчлийг хянах, шаардан засуулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан хянах эрх үүрэг бүхий Хүний Эрхийн Үндэсний Хороо ажиллана.
42.11. Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүн нь 45 нас хүрсэн, ёс суртахууны шаардлагыг хангасан БНМУ-ын уугуул иргэн байна. Хүний Эрхийн Үндэсний Хорооны гишүүнийг 5 жилийн хугацаагаар сонгуулийн насны иргэдээс БНМУ нэг тойрог гэсэн зарчмын дагуу сонгоно.
42.12. Хүний эрхийн үндэсний хороо 15 гишүүнтэй байна. Хүний эрхийн үндэсний хорооны гурван гишүүнийг жил бүр сонгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
БНМУ-ЫН ҮНДСЭН ХУУЛЬД
НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
Дөчинесдүгээр зүйл. Үндсэн хууль шинээр батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
49.1. БНМУ-ын Үндсэн хууль шинээр батлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт сонгогчдын 10-аас доошгүй хувь нь албан ёсоор санал гаргасан тохиолдолд уг саналыг Улсын Бага Хуралдай авч хэлэлцэнэ.
49.2. Хүний эрх, эрх чөлөөг дордуулах, улс төрийн аливаа сонгуульт албан тушаалын бүрэн эрхийн хугацаа, сонгогдох давтамжийг нэмэгдүүлэх тухай заалт бүхий Үндсэн хуулийн төсөл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачлах, боловсруулах, хэлэлцэх, батлахыг хориглоно.
49.3. Энэхүү Үндсэн хуульд зааснаас өөр арга замаар Үндсэн хуулийг шинээр батлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
49.4. Энэхүү Үндсэн хууль батлагдан хүчин төгөлдөр болж мөрдөгдсөнөөс хойш хорин тав дахь жил тутамд Үндсэн хуулийг шинээр, эсхүл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэхүү Үндсэн хуульд заасан журмын дагуу хэлэлцэн батлаж болно.
49.5. Эдгээр харилцааг хуулиар тодотгон зохицуулна.
Тавьдугаар зүйл. Үндсэн хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах журам
50.1. Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Улсын Бага Хуралдай авч хэлэлцээд Улсын Бага Хуралдайн нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь санал нэгдэн баталвал баталсан хувийг Үндэсний Их Хуралдайд өргөн мэдүүлнэ.
50.2. Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Бага Хуралдайгаар авч хэлэлцэхэд нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал уг төслийг дараагийн ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Бага Хуралдайн шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй.
50.3. Үндэсний Их Хуралдай Улсын Бага Хуралдайгаас өргөн мэдүүлсэн Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дараах байдлаар авч хэлэлцэнэ:
50.3.1. Ард нийтийн санал асуулгаар;
50.3.2. Үндэсний Их Хуралдайн нийт гишүүдийн саналаар;
50.4. Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг БНМУ-ын сонгуулийн насны иргэдийн санал асуулгаар олонхи нь дэмжвэл Үндэсний Их Хуралдай батална.
50.5. Үндсэн хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хуралдай авч хэлэлцээд нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйнь дэмжвэл уг төсөл батлагдсанд тооцогдож, хүчин төгөлдөр болно.
50.6. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна.
Тавиннэгдүгээр зүйл. Үндсэн хуулийг дагаж мөрдөх
51.1. БНМУ-ын энэхүү Үндсэн хуулийг ... оны ... дугаар сарын –ны/ний өдрийн ... цаг буюу Арван долдугаар жарны ... жилийн ... сарын шинийн ... өдрийн ... цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.
51.2. Мэдэгтүн! Сахигтун!
Зочин · 2017/03/03
ХАВАР БОЛЖ ДЭЭ
ТЖ СҮРЭН · 2017/02/25
Болжээ болж. Прокурорын хяналт нь АХШ болон Хүний эрхийн гэх зэргийн хяналтаар хэрэгжих юм уу ?
Зочин · 2017/02/25
Сайн хууль болжээ. Хуульч хуний хувьд дэмжиж байна. Хумууст сайн тайлбарлахгуй бол хуулийн боловсролгуй хумуус нарийн юмыг нь ойлгохгуй, ач холбогдлыг нь олж харахгуй байж магадгуй.
Зочин · 2017/02/25
Сайн хууль болжээ. Хуульч хуний хувьд дэмжиж байна. Хумууст сайн тайлбарлахгуй бол хуулийн боловсролгуй хумуус нарийн юмыг нь ойлгохгуй, ач холбогдлыг нь олж харахгуй байж магадгуй.
caanaa l mundag bn. · 2017/02/25
Oird iim haluu dulaan.ug huuli somsoogii bolood ch ter uu.Enhbayar guai d bauar hurgie.
Зочин · 2017/02/24
ЗӨВ ЗҮҮЛ ОЛОН БАЙНА
zochin · 2017/02/24
zuw saihan huul sanaachilsan bna demjij bna bayr hyrge
Зочин · 2017/02/24
зөв шүү байгалийн баялагыг ард түмний дундын өмч болгно гэсэн санааг дэмжиж байна.
ард · 2017/02/24
Галзуу хүний өдрийн тэмдэглэл. Бүгд найрамдах гэж нэмээд юу хожихын. Япон улс Бүгд найрамдах Япон улс гэхгүйгээр хөгжөөд л байгаа биз дээ