МАН-ынхан Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалзана гэдэг нь худал гэв
2017/03/24
Монгол Улсын Засгийн газар, Сангийн Сайд Б.Чойжилсүрэн, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирсон гэдгээ 2 сарын 19-нд мэдэгдсэн билээ. Тодруулбал уг хөтөлбөрт хамрагдсанаар: "Шатахууны онцгой албан татварыг 7 дугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ.
ХХОАТ-ыг шатлалтай болгоно. Орлогын түвшингээс шалтгаалаад 10, 15, 20 хувь болгоно.
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй үүсч байна.
Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлнэ.
Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ.
Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөнө.
Импортын тамхинд байгаа гаалийн албан татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ.
Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллана." гэх мэт арга хэмжээг авахаар болсон .
Хэдийгээр 3-р сарын эхээр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг зарлаж, төсвийн тодотгол хийн,уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг албан ёсоор батлах тухай таамаглал байсан ч энэ нь хэрэгжээгүй.
Үүнтэй холбоотойгоор улс төрийн орчинд :Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондын төлбөрийг амжилттай барагдуулсан тул одоо Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй, "хулхидна" гэсэн яриа хүчтэй байгаа юм. Гэсэн ч нэгэнт буцах замгүй болсон тул ОУВС-г "хулхидахгүй" гэдгийг өчигдөр МАН-ын удирдлагууд батлав.
Тодруулбал: УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Төв аймгийн Зуунмод хотын иргэдтэй уулзах үеэрээ: "Эдийн Засгийн хүнд байдлаас гарахын тулд ОУВС-тай хамтарч ажиллахаар өнгөрсөн оны наймдугаар сараас хойш яриа хэлэлцээр хийж байна. Үүний үр дүнд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Үүнийг хэрэгжүүлсний үр дүнд ОУВС-гаас дэмжлэг туслалцаа авахын зэрэгцээ хандивлагч бусад орноос зээл тусламж авах боломж нээгдэж байгаа. Санхүүгийн Өргөтгөсөн Хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Засгийн Газрын зүгээс 2017 оны төсөвт тодотгол хийгээд УИХ-аар батлуулахад бэлэн болчихоод байна.Нэгэнт эдийн засаг ийм хүнд байхад бидэн өөр зам байхгүй. Шатахуун, дизелийн түлш, автомашин, архи, тамхины онцгой албан татварт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Гэхдээ татвар нэмсэний улмаас гарах ачааллыг нийт иргэдэд хамааралгүйгээр шийднэ" гэсэн юм. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ховд аймагт ажиллах үеэрээ : "Бид 2012 он шиг эдийн зсгийн өсөлтөө 17 хувьд хүргэхийн тулд урт зам туулна. Ингэхийн тулд ОУВС-тай хамтран ажиллана" гэв. өөрөөр хэлбэл эрх баригч МАН-ыхан Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалзана гэх мэдээлэл худал ажээ.