Өчигдөр Монгол орон даяар Ардчилсан намын Дотоод сонгуулийн санал хураалт болж өндөрлөв. Аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ бүх гишүүдийнхээ саналаар тодруулах  зорилготой Ардчилсан намын дотоод сонгуульд 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснээс Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдсөн билээ. 
 
АН-ын Үндэсний бодлогын хороонд Японы сумогийн их аварга Д.Дагвадорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Гарамгайбаатар, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, МоАХ-ы дарга Х.Баттулгын охин Б.Намуун, улсын арслан Д.Азжаргал зэрэг 511 хүн өрсөлдсөн бөгөөд санал хураалтын дүнг өнөөдөр нэгтгэн, танилцуулах аж. Урьдчилсан дүнгээр авсан мэдээллээр  ШӨХТГ-ын дарга, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 86 хувийн саналаар АН-ын дотоод сонгуульд ялалт байгуулжээ. Тэрээр Сонгино Хайрхан дүүргийн 76-р тойрогт нийт зургаан нэр дэвшигчтэй өрсөлдсөн юм байна.
 
П.Энхмандах