Ажилд орж байгаа хүнийг туршилтын хугацаа гэж цалингүй ажиллуулдаг. Ингэхдээ огт цалин өгдөггүй, хүний хөдөлмөрийг “мөлждөг” байдал жишиг болсон. Өөрөөр хэлбэл хүнийг тухайн ажилд авахын тулд туршиж байна гэж цалингүй ажиллуулсныхаа төлөө ажил олгогч хариуцлага хүлээдэггүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй, хариуцлагын зохицуулалтыг орхигдуулсантай холбоотой.

Тэгвэл энэ байдлыг зохицуулахаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Уг хуулийн төслөөр  ажилд шинээр орж байгаа ажилтантай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, түүний дотор хөдөлмөрийн гэрээний туршилтын болон сургалтын хугацаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зааж өгсөн байна. Тодруулбал:

  • Туршилтын хугацаа
  • Сургалтын хугацаа
  • Цагаар ажиллах
  • Дээр дурдсан зохицуулалттай холбоотой хариуцлагын асуудлыг тус тус тусгажээ.

Туршилтын хугацаанд явж байгаа хүн нь туршилтын хугацааг харилцан ярилцаад тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх бөгөөд уг хугацааг 3 сараас хэтрэхгүй байх. Мөн туршилтын хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохиролцох бөгөөд туршилтын хугацаанд  гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин өгч болохгүй.

 

Сургалтын хугацаа: ажилд шинээр орж байгаа ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадал эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдуулан ажиллуулж болно. Дагалдан ажиллуулах хугацаа дээд тал нь гурван сар байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг сургалтын хугацаагаар байгуулсан тохиолдолд ажилтанд цалин хөлс олгох асуудлыг талууд харилцан тохиролцох юм.

Цагийн ажил: Цагаар ажиллах  буюу тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх ажил эрхлэлтийн хэлбэрийг хуульчлахаар болсон байна.

Энэ хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ. Улмаар уг хуулийн төслийг батлах юм. Бид УИХ-ын хэлэлцүүлгийн талаар эргэн мэдээлэх болно.

 А.Баярмаа