Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Гэсэн атлаа манай зарим хууль төрийнхөнд огт үйлчилдэггүй, харин иргэдэд жигтэйхэн хатуу үйлчилдэг.

Үүний нэг жишээ нь Шилэн дансны тухай хууль. Хэрвээ иргэд энэ хуулийг мөрдөх шаардлагатай байсан бол өдийд хэчнээн иргэн торгуулсан бол? Харин төрийн байгууллагуудад хамаатай энэ хуулийг мөрддөг байгууллага тун цөөхөн.

“Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно” гэдэг хуулийн заалттай учир Шилэн дансанд тухайн жилийн төсөв, түүний зарцуулалттай холбоотой бүх мэдээллийг ил тод, ойлгомжтойгоор нийтлэх ёстой.

“Эрдэнэт” үйлдвэр Шилэн дансны тухай хуулийг хэр биелүүлдгийг харъя.

2015 онд Шилэн данс нь “улайсан” буюу энд ямар ч мэдээлэлгүй.

2016 оны эхний саруудад худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр орсон ч “тендэр хойшлогдсон” гэх эсвэл нэрнээс өөр ямар ч мэдээлэл байхгүй.

2016 оны 9-12 дугаар сард мэдээлэл нь харьцангуй хүн үзүүштэй.

Харин 2017 оноос эхлээд дахиад л хоосон.

“Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн Шилэн данс хөтлөлт нэг иймэрхүү.

Шилэн дансны тухай хууль зохих ёсоороо хэрэгжвэл төрийн байгуллагуудын төсвийн зарцуулалт, тендэр шалгаруулалт зэрэг нь олон нийтэд ил болж, тэр хэрээрээ үйл ажиллагаа нь "цэвэрших" боломжийг бий болгох юм.

“Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, 14-р зүйлд заасан байдаг билээ.

Бусад төрийн байгууллагуудын Шилэн дансны хөтлөлтийг та ЭНД ДАРЖ үзэх боломжтой.