Туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа, цагийн ажлыг шинээр зохицуулав
2017/04/21
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцав
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Энэ асуудлаарх цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал томилогдож, маргаантай холбогдуулсан тайлбараа Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байна.
Уг маргааныг хянан хэлэлцсэн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их Хурлаас 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна гэсэн 03 дугаар дүгнэлт гаргасан байна.
Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж нар Хууль зүйн байнгын хороо болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа, цагийн ажлыг шинээр зохицуулав
Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, О.Батнасан, М.Билэгт нарын асуултад Байнгын хорооны ажлын хэсэг болон төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар хариулт өгсөн юм.
Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь шинээр ажилд орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр түүнийг тодорхой хугацаагаар цалин хөлсгүй ажиллуулдаг зөрчил гаргадаг ч энэ талаар ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Иймээс төсөл санаачлагч хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуульд “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгажээ.
Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байхаар тусгасан байна. Мөн манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон энэ талаарх бусад хууль тогтоомжид “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй учраас хуулийн төсөлд “Цагийн ажил” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгаж, тодорхой ажил гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар зохицуулжээ. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээх, хэрэв хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажил олгогчид тодорхой хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
Ингээд Байнгын хорооны саналаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжиж баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.