-ХИЙРХЭЛ БАС ДАХИН ХИЙРХЭЛ-

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудал хэсэг хугацаанд дарагдаад, гэнэт тэсрэлт хийдэг сэдвүүдийн нэг болжээ. УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт явагдахаас ердөө нэг хоногийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч боллоо” гэж сүр дуулиантайгаар мэдэгдэж байв. Улмаар намрын чуулганы төгсгөлд өнөөх 100 хувь МОНГОЛЫН ӨМЧ болсон “Эрдэнэт” үйлдвэр нь 100 хувь ТӨРИЙН ӨМЧ болчих жишээтэй. Хэсэг сенсааци, улс төржилтийн дараахь үр дүнгүүд нь тааварлашгүй хол зөрүү үүсгэнэ.

УИХ-ын намрын чуулганы хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дөрвөн хүнийг нэрлэсний зэрэгцээ Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг гүйцэтгэх захирлаар нь томилж явуулсан.

Уг нь компанийн тухай хуулиараа ч, орос ах нартай хамтарч ирсэн жишгээрээ ч тэр ТУЗ-ийн төлөөлөл хоёр талаасаа 3:3 харьцаатай байх ёстой. Энэ жишгийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын санаачлагаар эвдэж, төр 51 хувийн эзэмшлийн давуу эрхээ хэрэгжүүлэх зорилгоор дөрвөн төлөөлөл суулгах шийдэлд хүрсэн байдаг. Тухайн үед холбогдох хууль тогтоомж зөрчиж буйг нь сануулсан нэгэнд “Тэгвэл хуулинд нь өөрчлөлт оруулчихна аа” гэж томорсон гэх нь бий.

Асуудал даамжирсаар “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгох УИХ-ын тогтоолд үндэслэн, 49 хувь талын ТУЗ-ийн гурван гишүүнийг чөлөөлж, шинээр төр төлөөлсөн гурван хүнийг ТУЗ-д томилсон. Ингэж “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ 100 хувь төрийн төлөөлөл гэсэн зүүсгэлтэй долоон гишүүнээс бүрдэв.

Үндсэндээ өнгөрсөн хугацаанд эрх баригч намын гишүүд “Эрдэнэт”-ийн асуудлыг өөрсдийнхөө талд шийдчихнэ. Хувийн хэвшлээсээ бүрэн салгаад авчихна гэсэн итгэл үнэмшлээр хандаж, асуудалд зоримог хандсаар ирсэн нь ч үнэн. УИХ-ын Байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр “Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд өгчихөд нэг их хотойхгүй юм билээ” гэж яриад сууж байсан эрх зүйт төртэй, ардчилсан орны УИХ-ын гишүүд ч олон бий. Нөгөө талд олон нийт хууль бусаар авсан зүйлийг ард түмний өмч болголоо гэх нүдээр парламентыг харж байв. Энэ нь нэг талдаа УИХ-ын олон нийтэд таалагдах гэсэн хийрхлийг улам ч дэвэргэсэн гэж болно.

-АНХНЫ ХУРАЛДААНААРАА ӨӨРСДИЙНХӨӨ ЦАЛИНГ ХЭЛЭЛЦСЭН ШИНЭ ТУЗ-

УИХ-ын ийм зоримог байдал “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн төлөөлөх болох ТУЗ-д шилжихдээ ямар ч хяналтгүйгээр дур зоргоор загнаж болно гэсэн сэдэл өгсөн нь бүр ч харамсалтай. Хамгийн сонирхолтой нь, цагдаагийн хамгаалалт дор нууж хааж анхныхаа хуралдааныг хийхдээ өөрсдийнхөө болон гүйцэтгэх захирлынхаа цалинг баталсан байх жишээтэй. Бүдүүлгээр ярихад, тэд ийм бага сэтгэж. Тэд яг энэ эрчээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн дэд дарга нарыг нам дагасан уяачдаар солих, ажиллах хүчинд үнэмлэхүй өөрчлөлт оруулах асуудалд ханцуй шамлан орсон. Эдүгээ ТУЗ-ийн гишүүд сард 4000 ам.долларын цалин авч, тус бүрдээ том машин хөлөглөж байна. Хувийн бусад хангамж нь зүгээр л тасархай.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хувийн хэвшилд шилжсэнээр өмнөх дийлдэж өгдөггүй байсан үрэлгэн байдал, ТУЗ-ийн гишүүдийн дур зоргын үйлдэл багасна, эдийн засгийн хувьд үнэмлэхүй хэмнэлт үүснэ гэх хүлээлт талаар болов. Хэдэн сарын турш үргэлжилсэн урт хэрүүлийн дараа орос ах нарын ч, дотоодын хувийн хэвшлийн ч хяналтгүй, зуун хувь төр төлөөлсөн ТУЗ бүрдлээ. Эхнээсээ гарсан үр дүн нь, зөвхөн өөрсдийгөө бодсон “шунаг шийдвэрүүд”. Түүний үр хөврөлөөр хэмнэлтээр үүсч болох байсан бүх мөнгө улсын төсөв рүү биш цөөн хэдхэн дарга нарын халаас руу орж байна.

Уг нь хувийн хэвшлээс ТУЗ-д гурван хүн байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор зэсийн баяжмалын одоогийн 32 хувь орчимд цэвэршүүлдэг техникийн чадамжийг австрали технологиор 64 хувь хүргэж цэвэршүүлэх санал тавьсан ч зөвшөөрөөгүй байна. Дарга нарын цалинг жигд буулгах замаар инженер техникийн ажилчид, нийт ажиллагсдын цалинг өсгөх саналыг хүртэл төр төлөөлсөн дөрвөн ТУЗ-ийн гишүүн унагасан гэх. “Цаг нь болоогүй, байж бай” гэсэн хариулт өдгөө гүйцэтгэх захирлынхаа цалинг 10 мянган ам.доллараар баталснаар үндсэндээ сарнисан байх жишээтэй.

Түүнчлэн албан хэрэгцээнд унадаг бүх машинд GPRS тавих замаар хяналт тогтоох санал оруулсан ч ТУЗ-ийн төр төлөөлсөн дөрөв нь толгой гэдийлгээд суучихсан гэх. Хот хоорондын тээврийг хүртэл одоо ийм технологиор хянаж байна. Яагаад болохгүй гэж. Оюутолгойн бүх машин GPRS-тэй тул ямар ч дарга нь албан бус хэрэгцээндээ албаны машин унаж чаддаггүй. Харин “Эрдэнэт” үйлдвэрт ашиглагддаг 100 гаруй ахуйн хэрэгцээний автомашинаар хурган дарга нь эхнэрээ зугаалуулж, чоно хөөлгөх болох нь ээ. Асуудал өнөөдөр ийм л байна. Дүгнэлтийг уншигчид илүү сайнаар хийх биз ээ.

Ж.МЯДАГБАДАМ

мэдээ.мн