-Улсын комисс хүлээж аваагүй орон сууцанд 180 өрх амьдарч байна, тэдний амь нас, эрүүл мэндийг 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Ди Си”, “Тод чоно” компаниудаас нэхэх үү-

Монгол орон даяар бүтээн байгуулалт өрнөж байна. Хөдөө, хотгүй гэр хорооллыг байшин хороолол болгох ажил өрнөж байгаа билээ. Мэдээж энэ бол сайн хэрэг. 

Харамсалтай нь үүний цаана хууль бус үйл ажиллагаа, хэрэглэгчдийг хохироосон үйлдэл тасрахгүй байна. Барилгын компаниудын хамгийн овжин заль нь м/кв-ийн зөрүүнээс мөнгө “монжих” явдал. Өөрөөр хэлбэл, би 70 м/кв хэмжээтэй орон сууц худалдаж авахаар гэрээ байгуулаад тохирох төлбөрийг нь хийсний дараа өнөөхөөс нь 4-5 м/кв дутах жишээтэй. 

Ингээд хамгийн багадаа 5.3 сая төгрөгөөр хохирч байгаа юм. м/кв-ийг нь 1.3 сая төгрөгөөр тооцоход шүү дээ. Одоогийн ханшаар бодоод үзвэл хэлэх ч юм биш. Ингэж барилгын компаниуд иргэдийн халааснаас шулдаг ажээ. Яг ийм асуудал шинээр орон сууц худалдаж авч байгаа өрх бүрийн өмнө тулгамдаад байгаа юм. 


Тиймээс БХБЯ, ШӨХТГ, Стандартчилал хэмжилзүйн газар болон бусад холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг өчигдөр хяналт, шалгалт хийсэн. Энэхүү хяналт, шалгалт нэг сарын турш үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хэрэглэгчдийн гомдлын дагуу нийслэлд ашиглалтад орсон орон сууцны барилгууд болон компаниудад шалгалт хийх юм байна. 

эхлэл болгож өчигдөр 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай  “Ти Ди Си” компанийн захиалгаар баригдсан 16 давхар орон сууцны барилгад шалгалт хийлээ. Одоогийн байдлаар ШӨХТГ-т тус байрны оршин суугчдаас гурван гомдол ирсэн байна. 

Ирэх лхагва гарагт хохирлыг барагдуулна гэв 

Баруун дөрвөн замаас “ТБД андууд” их дэлгүүр рүү уруудах замд “Хуашин” хэмээх хятад ресторан бий. Түүний чанх хойно баригдаж, ашиглалтад орсон 16 давхар орон сууцанд эдүгээ 180 өрх амьдарч байна. Энэ орон сууцны барилга уг нь 206 айлынх. Харин одоогийн байдлаар 180 өрх амьдарч байгаа ажээ.  

“The Hill Side” орон сууцны хорооллоос эхний ээлжинд ашиглалтад орсон нь энэ байр аж. Энэ оны нэгдүгээр сард ашиглалтад орж, айлуудаа хүлээн  авчээ. Гэвч улсын комисс тус орон сууцны барилгыг хүлээж аваагүй юм байна. Улсын комисс хүлээж аваагүй байна гэдэг ашиглалтад орж, иргэд эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдээгүй байна гэсэн үг. 

Гэтэл өнгөрсөн оноос захиалгаа авч, энэ оны нэгдүгээр сард айлуудаа оруулсан тус барилгын компанид үйлчилдэг хууль тогтоомж гэж байна уу. Биднийг очих үеэр тус орон сууцны хорооллын захиалагч болох “Ти Ди Си” компанийн захирал Ли Шин гэгч эзгүй байсан юм. 

Харин тус компанийн орчуулагч болох монгол залуу утсаар захирлыгаа дуудсанаар тэр “Хуашин” ресторанд байрлах оффисынхоо өрөөнд хүрэлцэн ирлээ. Энэ үеэр ШӨХГТ-т гомдол гаргасан хохирогч нар ч байлцсан. Ажлын хэсгийнхэн Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, баримтлах стандартыг танилцуулсны дараа тэдэнд зохих шаардлагыг тавьсан. 

Харин тус компанийн захирлын хэлж байгаагаар бол оршин суугчдын гомдлыг яг барагдуулах гэж байхад нь тэд ирсэн юм байх. Мэдээж үүн шиг үлгэр байхгүй л дээ. Ли Шин захирал оршин суугчдын гомдлыг аль хэдийнэ хүлээж авсан боловч холбогдох байгууллагаас нь албан бичиг ирэхийг хүлээж суусан гэх. 

Түүнд алга дарам цаас л хэрэгтэй байж. Харамсалтай нь холбогдох албан байгууллагаас нь бичиг, цаас ирүүлээгүй учраас өнөөдрийг хүртэл оршин суугчдын хохирлыг барагдуулахгүй хүлээж суусан юм гэнэ. Энэ мэтчилэн арьсаа хамгаалсан тайлбарыг хэлж байв. 

Харин ажлын хэсгийнхэн Ли Шин захиралд шаардлагаа тавиад, оршин суугчдын хохирлыг яаралтай барагдуулахыг үүрэг болгосон юм. Улмаар Ли Шин захирал ирэх лхагва гарагт оршин суугчдын хохирлыг барагдуулахаа амлалаа. Ингэхдээ барилгын зураг төсөл хийдэг дурын компанийг дуудаж хэмжилт хийлгүүлэх боломжтойг албаны хүмүүс сануулсан юм. 

Монголд барилгын зураг төсөл хийж гүйцэтгэх зөвшөөрөлтэй 100 гаруй компани байдаг аж. Харин хэмжилт хийхдээ м/кв-ийг нь 1500-2000 төгрөгөөр үнэлдэг юм байна. Хэмжилт хийхдээ хохирогч буюу гуравдагч хяналтыг байлцуулахаа ч Ли Шин захирал амласан. Энэ үеэр хохирогчдын нэг болох Б.Оюунбатаас зарим зүйлийг тодрууллаа.

Д.Оюунбат: Би 2100 ам.доллараар хохирсон 

-Танайх хэзээ энэ байранд орсон юм бэ. М/кв нь дутуу гэж яаж мэдэв?

-Манайх өнгөрсөн онд гэрээ байгуулсан. Тэгээд өнгөрсөн нэгдүгээр сард байрандаа орсон юм. Нэг танилынхаа зөвлөсний дагуу м/кв-аа хэмжүүлтэл дутуу байсан л даа. Өөрөөр хэлбэл, манайх 40 м/кв байх ёстойгоос 38 м/кв байсан юм. 

-Анх м/кв-ийг нь хэдэн ам.доллараар тооцож авсан бэ. Одоогийн байдлаар хэч­нээн төгрөгийн хохирол учирчихаад байна вэ?

-м/кв-ийг нь 1050 ам.доллараар тооцож авсан. Миний хувьд 2100 ам.долларын хохиролтой. Ер нь ганц би ч биш бүх оршин суугчид ийм асуудалтай байгаа. Харин хэд нь м/кв нь дутуу байгаагаа мэдэж байгаа бол. Барилгын компаниудад луйвардуулж байгаагаа хэд нь мэдсэн бол гэдэг л сонин. 

Манай байранд 180 өрх бий. Ингээд бодохоор энэ компани хэчнээн сая ам.доллар оршин суугчдаас луйвардсан нь тодорхой. Байдал ийм л байна. Харин ШӨХТГ-аас шалгалт ирээд хохирлыг ирэх лхагва гарагт барагдуулна гэлээ. 

Гэхдээ эхний ээлжинд өргөдөл гаргасан хүмүүсийнхээ хохирлыг барагдуулна гэсэн. Мэдээж тухайн үеийн худалдаж авсан ханшаар тооцно. Одоо бол энэ байрны м/кв нь  2.3 сая төгрөг болж, тэнгэрт хадсан шүү дээ. 

-Чанарын хувьд ямар байна. Яагаад улсын комисс хүлээж аваагүйг нь мэдсээр байж орчихсон юм бэ?

-Чанарын хувьд яах вэ дажгүй, дулаахан. Гэхдээ сантехник маш муу учраас байнга засвар үйлчилгээ шаардлагатай болсон. Иргэдийн хувьд нэгэнт урьдчилгаагаа төлөөд захиалгаа өгчихсөн юм чинь орохгүй гээд яах юм бэ. Бидний мөнгийг буцааж олгохгүй шүү дээ. 

Энэ үеэр өөр нэгэн оршин суугч  5.3 сая төгрөгөөр хохирчихоод байгаагаа хэлсэн юм. Түүний хувьд мөн л өнгөрсөн нэгдүгээр сард тус байранд орсон бөгөөд 70 м/кв орон сууц худалдаж авлаа хэмээн мөнгөө төлсөн байна. Харамсалтай нь түүний амьдарч байгаа орон сууц нь 70 биш 66 м/кв байсныг нь хэмжилт хийлгэснээр мэдсэн аж. 

Ингэж  тэр 5.3 сая төгрөгөөр хохирсноо мэдсэн аж. Бид өчигдөр ганцхан барилга дээр очиход байдал ийм л байна. Үүнээс гадна ирэх онд ашиглалтад оруулахаар 203 болон 188 айлын орон сууцны барилга барьж байгаа аж. Нэг сарын турш үргэлжлэх энэ аяны хүрээнд олон мянган оршин суугч хохиролгүй болох байх. 

Ер нь Хятадын хөрөнгө оруулалттай компани ч гэлтгүй дотоодын барилгын компаниуд ч энэ мэт аргаар хэрэглэгчдийг хохироож байгааг энэ үеэр холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. Түүнээс гадна гүйцэтгэгч болох “Тод чоно” компани тус орон сууцны хорооллыг 4-5 жилийн турш барьж байгаа бөгөөд маш чанаргүй барилга болохыг нь монгол ажилчид ярьж байсан юм. 

Мөн тус компанийн эзэд болох гэр бүлийн хүмүүс иргэдийг эрүүл мэндээр нь хохироосон талаар ч бид өмнө нь мэдээлж байсан билээ. Монголчууд бид орон сууц худалдаж авахдаа банк болон хувь хүмүүсээс мөнгө зээлж, амь, амьдралаараа дэнчин тавьдаг. 

Насаараа төлөх өртэй болсныхоо хариуд барилгын компаниудаас хариуцлага нэхэж, шаардлага тавих эрхтэй. Өнөө маргаашгүй нураад унахад бэлэн, цахилгаан шатгүй, бохир заваан орцтой, СӨХ-гүй, аюулгүй амьдрах баталгааг өчүүхэн төдий ч хангаагүй орон сууцны төлөө хөлс, хүчээ урсган байж ажиллаж олсон мөнгөө төлөхөд дэндүү харамсалтай. 

20-30 жилийн турш зүтгэх орон сууцныхаа чанар, стандарт шаардлагыг хянах эрх нь ч хэн бүхний өмнө нээлттэй. Тиймээс ч цаашид хэрэглэгчдийн гомдлын дагуу барилгын компаниудыг шалгаж, оршин суугчдын хохирлыг барагдуулах юм. 

Хэрэв иргэн таны өр зээл тавин байж худалдаж авсан орон сууц чинь м/кв нь дутуу, барилгын компаниудад луйвардуулснаа мэдэх юм бол ШӨХТГ-т хандах боломжтой. Таны гомдлын дагуу томилогдсон ажлын хэсгийнхэн хяналт шалгалт хийж, хохирлыг чинь барагдуулах юм.

Х.Өнөржаргал