-ДАЙЛСАН ДАРГАА ДАРААД АВСАН ДАРХАН АВАРГА ТЕЛЕВИЗИЙНХЭН-

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Тэгвэл “одоо ингээд” амьд яваад байсан чинь  хамт олноо шарсан тахиагаар дайлдаг дарга байхыг үздэг юм байна. Бүр “Ноён зууч пицца”-гийн тансаг тахиа юм байна, тэр цаадах тахиа нь. МҮОНТ-ийн дарга Ч.Даваабаярын эсрэг ажилчид нь бослого гаргахдаа бидэнд тийм гоё хоол өгсөн, тэр хоолны мөнгийг “Ноён зууч”-д яаж төлсөн нь тодорхойгүй байна гэж ирээд л заргалдсан байв. Өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана гэдэг шиг тахиа өгсөн хүнтэй таван хоног үзэлцээд л ажлаас нь огцруулчихаж байна. Хамт олон гэдэг нэг бодлын “мафи” маягийн болчихсон байдаг юм гэнэ лээ, сүүлийн үед.  Даа ялангуяа телевиз, радиогийнхон гэж арай дэндүү. Камер, микрофоноо барьж очоод л , хөтлөгч магтан дуулагчдаа хөтөлж очиж байгаад л нөгөө “Болор цом”,”Утгын чимэг” мэтийг бол ёстой зулга булга татаад булаачихаж байгаа юм чинь.

Энэ үзэгдэл сүүлийн үед бүр цагаандаа гарсан. Камер тулган шагайж, микрофон ам руу нь чихэж байгаад энэ нөхөд юуг л бол юуг, хэнээс ч дээрэмдэж чадах нөхөд байгаа юм. Телевиз, радиогоос төрж гараад байгаа тэр мундаг цомтон, уран үгийн мастерууд  нь үнэн  хэрэгтээ ганц гайгүй мэдээ бичиж үзээгүй, чадах ч үгүй усан толгой, тосон торойнууд байдаг нь нууц биш шүү дээ.

Ч.Даваабаяр гэдэг залуу ямар аймшигтай дээрэмчдийн толгойлогчоор очиж байгаагаа  МҮОНТ-ийн захирал болохдоо мэдээгүй  байсан нь лавтай. Тэд бол ингэж л бодно. Нэг их нялцганаад байхгүй. Бидэнд тахиа өгч байгаа юм чинь түрс зооглосон л байж таараа. Бидэнд сүү, ааруул өгсөн юм чинь өөрөө юу авсан байгаа бол, алтан хурууд идсэн юм биш байгаа? Энэ бол телевизийн босогчдын логик сэтгэлгээний жанжин шугам нь.

Огцроод явчихсан Ч.Даваабаяр үнэнийг хэлдэг  залуу юм шиг байгаа юм. Ашиг сонирхлын зөрчилтэй л гэх юм. Ашиг сонирхлын зөрчилтэй байхаас сэргийлээд хэвлэл мэдээлэл, телевизийн салбарыг огт мэдэхгүй,  нэг нүүрсчинг аваачаад тавьчих болж байна уу?

Уран бүтээлийн нэгдлүүдэд дотоод аудитын шалгалт хийснээс болж гэв гэнэт хурган  дарга нар нь бослого гаргаж, ирэг даргынхаа тарган цатгаланг гайхаж ирсэн нь гайхалтай.

altanhuyagЗа энэ дайлдаг дарга ч яах вэ. Манай Ерөнхий сайд чинь ер нь хүн амьтан дайлах хачин дургүй нөхөр бололтой юм. Ард иргэддээ хэлж байгаа үгийг нь хараач хө. Будаа үнэд орвол гурил гэж нэг сайхан юм байна. Түүнийгээ л зооглочих хэрэгтэй гэж ирээд л сайхан зөвлөчихөж байгаа юм. Бүр сүүлдээ яах гэж ингэж тансаглаж байдаг юм. Өндөг  чинь тансаг хоол шүү дээ. Арвайн гурил гэж нэг сайхан юм бас байна шүү дээ гэж арга зааж байгаа юм чинь. Ийм Ерөнхий сайдтай мөртлөө ард иргэд түүнийг “огцор” гэх нь бүү хэл он удаан жилээр засаглан суугаасай гэх нь халаг  байх юм.  Нүдний ялгаа гэж өөр юм аа, өөр юм. Өндөг харамладаг, өндөг идэж байгаа хүнийг тансаг баян ангилалд шууд аваачаад “нийлүүлчихдэг” Ерөнхий сайддаа ард иргэд нь хайртай гэж жигтэйхэн. Гэтэл өндөгний аав ээжийг нь аваачиж пологдтол нь идүүлж ходоодыг нь баярлуулсан даргаа Үндэсний телевизийнхэн нь хөөгөөд явуулчихна лээ.

 Арга ядахдаа Ч.Даваабаяр захирал Солийн Данзан шиг “Та нарт тахиа өгөх байтугай гамбир аваачиж өгсөн дарга 46 жилийн түүхэнд байна уу” гэж ам асуунгуут л нэг юм тасхийсэн гэж байгаа. За тэр бас яах вэ. Манай Ерөнхий сайд чинь чацарганд нугасгүй нэгэн. Гэхдээ чацаргана идэж байгааг нь хэн ч хараагүй гэдэг. Хаан жимс гээд байгааг нь бодохоор тансаг чамин зүйлд дуртай ч юм шиг. Тийм байтлаа хоол руу очихоороо л их муу, болж өгвөл өнжиж өмхийрсөн нөөцийн мах тэргүүтнийг өвчүүнийхээ цаагуур шидэх ухааны юм зөвлөх гээд байх юм. Ард иргэдийн ходоодыг хогийн сав гэж боддог юм уу даа. Мань хашир энэ талдаа ёстой нэг хийгүй.   Хэзээ ч хоол хийдэг нэвтрүүлэгт тэр орохгүй. Юм идэж байгаа зураг нь ёстой олдохгүй. Ордны гуанзанд болсон явдал түүний дургүйцлийг ихэд төрүүлжээ. Учир нь том дарга  нарыг хоол иддэг болохыг нь тэр баримт илрүүлчихсэн байгаа юм…


c1bbde4bd129f741originalБ.Бат-Эрдэнэ аварга нийслэл салат олж авсандаа маш их баярлан марзайтал инээж байтал Ц.Оюунгэрэл сайд хуушуур авахаар харайж явахдаа хушгыг нь тасдаад авчих шахсан гэж байгаа. Харин манай Ерөнхий сайд бол ийм юманд дургүй юм чинь “өгөөд л” явуулах байсан биз. Гадаад улс орны томчуудтай гэрээ хэлэлцээр хийснийхээ дараа ч өндөр шилбэтэй хундаганы ёроол дахиа манай хүн уухгүй. Туслахдаа үүнийг аваачаад шилэнд хийчих, дуслыг ч асгаж болохгүй шүү гэдэг юм гэсэн. Тэр нь дараагийн айлчлал хийсэн зочны аяганд солигдоод орж байх жишээтэй.

Ард иргэдээ дайлах байтугай, хамгийн муу хоол идэж чөрийсөн туранхай, ширүүвтэр салхинд ч хийсчихээр сул дорой болохыг уриалаад байгаа нь ямар учиртай юм бол. Хүч тэнхээтэй болж эсэргүүцэн тэмцээд бие хамгаалагчидтай нь үзэлцээд өрөөнд нь орчихож магадгүй гэж тооцоолсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Сульдаанд  орсон ард иргэд хоол ярих тусам, гэдэс рүүгээ юу хийж болохыг Ерөнхий сайд маань зааж өгсөөр л байна.

Сүүлдээ үхрийн эвэр үмхээд авахыг ч санал болгож мэднэ. Ер нь тэгнэ дээ.

Эх сурвалж: “Болсон явдал” сонин 2013.№23