Төвбанк валютын огцом савалгааг зогсооход хүчин мөхөсдсөөр байгаа билээ. Балансаа томруулж, ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхийн тулд долоон их наяд төгрөгтэй тэнцэх валютыг зах зээлд нийлүүлсэн боловч эсрэгээрээ ам.долларын үнэ өсчихсөн.

Энэ асуудал дээр ОУВС шаардлага тавьсан гэдгийг тус банкны мэргэжилтэн дуулгав. Тэдэнд ямар шаардлага тавьсан бэ гэхээр “Та нар урдах ажлаа сайн хий. Энэ асуудлаа Засгийн газартаа өг” гэж зөвлөжээ.

Монголд ханшийн савалгаа хүчтэй илэрдэг шалтгаан нь дөрвөн зүйлээс хамааралтай. Мэдээж ханшийн савалгаанд дэд бүтэц, эдийн засгийн бүтэц нөлөөлнө. Мөн улирлаас хамаардаг. Манай улсын өвөл урт учраас хавар л бизнес идэвхиждэг. Компаниуд, хүмүүс импортын бараагаа ихэвчлэн гаднаас авдаг. Нөгөө талдаа зах  зээл нь бага учраас иргэдийн туйлшрал их байдаг. Уг нь том зах зээлтэй оронд зарим хэсэг нь ханш өснө гэж мөрий тавьж байхад, зарим хэсэг нь буурна гэж мөрийцдөг. Энэ нь эргээд зах зээлээ баланслуулдаг байна. Гэтэл манайд нэг өснө гэчихвэл уралдаж очоод банкуудад дараалал үүсгээд, банкууд нь ам.доллар зарахаа болиод улам өсгөчихдөг. Эсрэгээрээ буурна гэвэл бүгд хадгалсан ам.доллараа нийлүүлээд худалдаж авах хүн байхгүй уначихдаг. Тиймээс Монголбанк удирдлагатай хөвөгч ханшийн систем барьж ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, Төвбанк ханшийн огцом савалгааг үүсгэхгүйн тулд ажилладаг. Гэвч энэ үүргээ биелүүлэхэд байнга хүндрэлтэй тулгардаг.

Монголчууд өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн хүлээлт дунд амьдарч байна. Жижиг зах зээлтэй учраас зах зээлд оролцогч иргэдийн хүлээлт их байдаг. Тухайлбал, та банкинд хэдэн мянган ам.долларын хадгаламжтай байлаа гэж бодъё. Тэрийгээ зарах уу, үгүй юу гэдгээ шийдэхийн тулд ямар нэгэн шийдвэрийг хүлээдэг. Зах зээлийн шинжээчдийн хэлж буйгаар манайд төлбөрийн тэнцэл сайжраагүй хэвээр байна. Гуравдугаар сарын байдлаар алдагдалтай гарсан баг боловч ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, ханш тогтворгой болно гэсэн иргэдийн хүлээлт үүсээд байгаа юм.

Монголбанк гадаад зах зээлд 1.8 тэрбум ам.долларын өртэй. Гэвч цэвэр нөөц нь нэг тэрбум ам.доллар. Нэг ёсондоо нөөц нь өрнөөсөө бага байгаа учраас Монголбанк өдөр хоногийг арай ядан аргацааж байна. Тэр бүү хэл ирэх наймдугаар сард өрөө төлөх хугацаа нь тулаад сандарч байх үед БНХАУ гараа сунгав. Тодруулбал, БНХАУ-ьш Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгах тохироог саяхан Ерөнхий сайд тус улсад айлчлахдаа хийгээд ирсэн. Энэ нь Монголбанкинд ирэх гурван жилийн амь тариа болов. Своп хэлэлцээр анх үүссэн түүхээс дурдвал, 2009 оны Дэлхийн санхүүгийн хямралын үеэр Евро бүсийн орнуудад ам.доллар, АНУ-д евро болон бусад валют хомсдолтой байв. Тиймээс зах зээлийг тогтворжуулах, банкны салбарт итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор хийж эхэлжээ. Харин манай улс 2011 оны тавдугаар сарын 6-нд Хятадын Ардын банктай тус гэрээг анх байгуулж байв. Дараа нь 2014 оны наймдугаар сарын 21 -нд гэрээний дүнг нэмэгдүүлж хугацааг сунгаж байсан түүхтэй. Энэ жил дахин сунгавал 2020 он хүртэл санаа зоволтгүй гэсэн үг. Тиймээс Монголбанк энэ хугацааг аглитан ирэх гурван жилд валютын нөөцөө дөрвөн тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэж буй. Монголбанк валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Монголын эдийн засгийг өөрчлөхөөс өөр аргагүй. Учир нь манай улсын валютын орлогын 90 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Нэг ёсондоо гаднаас валют татах хэрэгсэл нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн зэс, нүүрс, алт цаашлаад гаднын зээл тусламж, гадаадын хөрөнгө оруулалтаар хэмжигдэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт зогсчихоод байгаа энэ үед бид зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн, зээл тусламжаар голоо зогоож байна гэсэн үг.

Эсрэгээрээ Монголоос гарах валютын урсгал ихэнх хувийг эзэлж байна. Тодруулбал, бид эдэлж хэрэглэж буй бүх зүйлээ гаднаас худалдаж авдаг. 2015 оны тоон мэдээллээр тоног төхөөрөмжийн импортод 749 сая ам.доллар зарцуулсан бол шатахуунд 707 сая ам.доллар, барилгын материалд 474 сая ам.доллар зарцуулжээ. Энэ бол багахан л жишээ. Цаашлаад гадны аялал жуулчлал, эмчилгээ, үйлчилгээнд манайхаас маш их мөнгө урсаж гардаг. Дээрээс нь авсан зээл, бондынхоо хүүг эргүүлж төлнө. Энэ мэтчилэн гаднаас олсон валютаа Монголдоо ашиглаж чадахгүй эргүүлээд гаргачихаж байна.

Тиймээс валют хомсдож, сүүлийн дөрвөн жил эрчимтэй өссөөр байгаа билээ. Тэгвэл өмнөд хөрш Хятадын урсгал тэнцэл үргэлж ашигтай гардаг. Хятад өөрөө экспортлогч орон. Дэлхийд үйлдвэрлэсэн бүхий л зүйлээ худалдан борлуулж байна. Энэ нь эргээд тус улсыг асар баян болгож, валютын нөөцийг нь нэмэгдүүлсээр байгаа юм. Хятадын банкууд гурван триллон ам.долларын нөөцтэй гээд бодоод үз дээ. Гол шалтгаан нь урсгал тэнцэл нь ашигтай гардагт байдаг гэнэ. Тэгвэл эсрэгээрээ АНУ-ын урсгал тэнцэл сүүлийн 20 жил алдагдалтай гарчээ. Гэхдээ АНУ руу урсдаг хөрөнгө оруулалтууд их байдаг учраас энэ улс хүчирхэг хэвээр байна. Харин манайд урсгал тэнцэл байнга алдагдалтай гардаг. Гаднаас санхүүжилт авч чадахгүй бол зээл, бонд босгодог. Тэгээд эргэн төлөлт хийх үед асуудалд ордог. Тиймээс манай улсад хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол гадаадын шууд хөрөнгө оруулалт, валютын орж ирэх урсгал хэрэгтэй байна. Үүнд Засгийн газрын үүрэг хамгийн их. Харин Монголбанк ОУВС-гийн зөвлөснөөр өмнөх ажлаа хийхэд л хангалттай. Тэр нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг тогтвортой байлгахад анхаарах явдал юм.

 

У.САРАНГЭРЭЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/