Монгол уран бичлэг ЮНЕСКО-д бүртгэгдлээ
2013/12/03
Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаан Азербайжан улсын нийслэл Баку хотноо энэ сарын 02-нд эхэлсэн бөгөөд 07-нийг хүртэл үргэлжилнэ. 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн 157 гишүүн хуралдаж буй уг хуралдаанд манай улсаас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож байна. Тус хуралдаанаар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг хэлэлцэнэ. Харин ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшсэн монгол түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг” удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр батлагдаж өнөөдөр бүртгэгдлээ.
Тус комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан энэ үеэр үг хэлсэн бөгөөд тэрээр “Монгол өв дэлхий дахинд танигдах боломж бий болж байгаад шийдвэр гаргасан төлөөлөгчдөд баярласнаа илэрхийлэхийн зэрэгцээ өдийг хүртэл бидэнд эгнэгт энэ гайхамшигт өвийг уламжилж авчирсан эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид болон холбоодод талархаснаа илэрхийлье. Монгол уран бичлэгийг хадгалж хамгаалан хөгжүүлэхэд төр засаг, иргэд, ард түмний хамтарсан нэгдмэл хүчээр ихийг хийх бөгөөд бид хойч үедээ уламжлан үлдээнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэв. Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад олон улсын 11 соёлын биет бус өв нэр дэвшиж тивүүдийн төлөөлөл болох Монгол, Азербайжан, Гватемал, Уганда улсын өв ийнхүү бүртгэгджээ.
Нэмж хэлэхэд Монгол уран бичлэг манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн 5 дахь өв болж байгаа бөгөөд өмнө нь Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэрэг өв бүртгэгдсэн юм.