Д.Амарбаясгалан: АН-ынхан дотоод будлиан, үймээнээ нийгэмд халдаах гэж оролдож байна
2017/06/26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбогдуулан АН-ын зүгээс сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах, иргэдийн сонголтод нөлөөлөх зорилготой гүтгэлэг бүхий мэдээллийг олон нийтэд түгээж байгаа талаар МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.
- Нэгдүгээрт, Эрх барьж буй МАН СЕХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа мэтээр ойлгуулах оролдлогыг АН-ынхан хийж буйд харамсч байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй бүтэц бүрэлдэхүүнийг АН-ынхан төрийн эрхийг барьж байх үедээ томилсон. Тухайлбал, Ч.Содномцэрэнг 2012 оны аравдугаар сарын 5-нд СЕХ-ны даргаар томилсон. Энэ хүн 2012 оны орон нутаг, 2013 оны Ерөнхийлөгч, 2015 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг удирдан зохион байгуулсан.
- Хоёрдугаарт, Нэг хаяг дээр олон хүн бүртгэсэн, нэг хүн хоёр иргэний үнэмлэхтэй байна гэсэн мэдээллийг тэд тарааж бн. Үүнийг ОӨУБЕГ, ЦЕГ зэрэг холбогдох байгууллагаас тодруулсан. АН-ын нэр бүхий гишүүдийн сошиал ертөнцөд түгээж байгаа шиг зүйл огт байхгүй байна. Дараагийн нэг асуудал нь иргэд, сонгогчид хэнд саналаа өгч байгааг нууцлах зорилгоор саналын хуудсыг хавтастай байлгах чиглэлийг СЕХ-ноос хэсгийн хороодод өгчээ. Гэтэл зарим иргэн саналын хуудсаа хавтастай нь автомат машин руу хийснээр машин гацах тохиолдол хэд хэд гарсан байна. Үүнээс сэргийлж саналын хуудасны дээд хэсгийг нугалуулах арга хэмжээ авсныг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мушгин гуйвуулсан. АН-ынхан төр, засгийн эрхийг барьж байхдаа сонгуулийг зохион байгуулж үзсэн улс төрийн туршлагатай хүчин гэж бид үздэг. Гэтэл тэд анх удаа сонгуульд орж байгаа юм шиг танин мэдэхүйн шинж чанартай олон зүйлээр эрх баригч нам болон төрийн байгууллагуудыг гүтгэн гүжирдэж байгаа нь сонгуулийг будилаантуулах гэсэн оролдлого гэлээ.
Мөн АН-ынхантай холбоотой их хэмжээний мөнгөний хэрэг илэрч, хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Мил хаус” компанийн машин хоёр хоногийн өмнө тэрбум 80 сая төгрөгтэй Говь-Алтай аймагт явж байсан. Ингэхдээ АН-ын ухуулагч нарын гарын авлагатай хамт авч явсан баримт илэрсэн. Энэ талаараа АН-ынхан таван өөр тайлбар хийсэн. Говь-Алтай аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан Амгаланбаатар “Энэ мөнгөний талаар бид мэдэхгүй. АН-д ямар ч хамаагүй” гэсэн бол Х.Баттулгын хэвлэлийг хариуцаж байгаа сэтгүүлч Мөнхбаясгалан “Энэ бол АН-ын ухуулагч, шадар туслагч, ажиглагч нарын цалин” гэсэн.Харин сүмогийн их аврага Д.Дагвадорж өөрийнхөө телевизээр ажиглагч, ухуулагч нарын цалин гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН улсын хэмжээнд 10 мянган ухуулагч, 4000 шадар туслах, 8000 ажиглагчийг ажилуулсан. Тэдний цалин хөлс” гэсэн тайлбар хийсэн. Энэ зөрүүтэй хариултууд худлаа ярьж байгааг хэд хэдэн зүйлээр нотлоод байгаа юм. Нэгдүгээрт, улсын хэмжээнд ажиллаж байгаа ухуулагч, ажиглагч нарын цалинг Х.Баттулгын нэр дээр байдаг “Мил хаус” компанийн машин яахаараа Улаанбаатар хотоос аччихсан Говь-Алтай аймагт явж байдаг билээ. Хоёрдугаарт, ажиглагч, ухуулагч, шадар туслагч нарт хуулиараа цалин урамшуулал гэсэн ойлголт байдаггүй. Харин тэдний хоол, унаа, утасны төлбөр зэргийг штабаас гаргаж өгөх хуультай байдаг. Манай нам нэг аймагт дунджаар 60 сая төгрөгийн зардал гарахаар төлөвлөн ажиллаж байна. Хэрэв гурван аймгийн зардал нь тэрбум 80 сая төгрөг байсан юм бол 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр аваад үзвэл ухуулагч, шадар туслагч, ажиглагч нарт олгох цалингийн хэмжээ нь даруй 17-18 тэрбум төгрөг болж байна. Энэ нь нэр дэвшигч 3.8 тэрбум төгрөг, улс төрийн нам 6.7 тэрбум төгрөг зарцуулахаар хуулиар баталгаажуулсан заалтыг зөрчих нөхцөл бүрдсэн байна. Мөн Дорноговь аймгийн Сайншандад 90 сая төгрөг ачиж явсан тээврийн хэрэгслийг цагдаа нар илрүүлсэн. Тэд энэ мөнгөөр хятадаас машин худалдан авах гэж байгаа гэсэн тайлбарыг хэлсэн байна билээ. Хятадаас машин авах гэж байгаа хүмүүс яахаараа монгол төгрөг аваад явж байдаг юм. Хятадад монгол төгрөгөөр худалдаа хийдэггүй биз дээ. Ийм зөрчил харагдаж байна. АН-ынхан сонгууль эхэлсэн үеэс иргэд, сонгогчдын саналыг худалдаж авахаар төлөвөлөсөн байсан нь энэ хоёр үйлдлээр нотлогдож байна. Мөн өчигдөр орой буюу сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусчихсан үед Баян-Өлгий аймаг дахь “МТ” шатахуун түгээх станц дээр олон тооны машин цуглуулж, шатахууны талон тараасан. Хууль хяналтын байгууллагынхан иргэд, сонгогчдын саналыг худалдаж авах, сонгуулийг луйвардах гэж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулж байна.
АН-ынхан санал өгсөн иргэдийн хуруун дээр тэмдэглэгээ хийх саналыг СЕХ-нд тавьсан шаардлагын дагуу нийслэлийн хэмжээнд санал өгч буй иргэдийн хуруун дээр өмнөх жишгийн дагуу тэмдэглээ хийж байгаа аж. Гэтэл АН-ынхан хуруун дээр тавьсан тэмдэглэгээ угаангуут арилж байна гэсэн худал мэдээллийг олон нийтэд тарааж байгааг бодитоор шалгахад асуудал гараагүйг мөн хэллээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Ж.Мөнхбат байр сууриа илэрхийллээ.
Ж.Мөнхбат: АН өөрсдийн будлианыг нийгэмд халдаах гэсэн оролдлого хийж байна
-Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг АН-ын нэр дэвшигчийн сонгуулийн штабынхан зохион байгуулж байна. Сүүлийн үед АН-ын нэр бүхий, УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс, нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штабынхан нийгмийг будлиан, бужигнаан, үймээн самуунд уруу татсан зүйлийг цахим сүлжээгээр маш их явуулж байна. Энэ нь сонгуулийн үр дүн АН-ын хувьд сөрөг гарвал нийгэмд ямар нэгэн байдлаар бужигнаан, бухимдал үүсгэх гэсэн үйлдэл гэдгийг анхааруулъя. АН-ынхан иргэдийн саналыг худалдаж авах оролдлого хийж байгаад цагдаагийн газарт шалгуулж байна. Мөн Булган, Ховд аймгийн АН-ынхан хоорондоо зодолдсон хэрэг гарлаа. Тухайлбал, Ховд аймгийн АН-ын тамгын газрын дарга Энхбаяр Буянт сумын Засаг дарга Нэргүйг зодсон. Анхны мэдүүлгээр сонгуулийнхаа мөнгөнөөс болж хэрэлдэж, зодолдсон гэж байна. Мөн Булган аймгийн АН-ын сонгуулийн штабынхныг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр зодсон асуудал гарч аймгийн цагдаагийн байгууллага нь шалгаж байна. Тэгэхээр өөрсдийнхөө сонгуулийн штаб, нам дотроо болж байгаа хэрүүл тэмцэл, будлианыг нийгэмд халдаах гэсэн оролдлогыг АН зохион байгууллалттайгаар цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр тарааж байна. Үүнийг ард түмэн, иргэд сонгогчид ялгаж салган, сонор сэрэмжтэй байгаарай гэлээ.