Зөрчлийн тухай хууль маргаашаас буюу 2017 оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тэгвэл энэхүү хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдгийг болиулж, нэгжээр тооцохоор болсон билээ. Зөрчлийн тухай хуульд торгуулийн хэмжээг хэрхэн тусгасан талаарх онцлох 24 заалтыг хүргэж байна.

 

Заалт 1. Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна.

 

Зөрчил үйлдсэн арван зургаагаас арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

 

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна:

 

                1.1.торгох шийтгэл;

                1.2.эрх хасах шийтгэл.

 

Заалт 2. Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.

 

Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж/цаашид “нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.

 

Торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн нийтэд тустай ажил цалин хөлсгүй хийлгэхээр албадлагын арга хэмжээ хэрэглэж, торгох шийтгэлийг биелүүлэх хугацааг шинэчлэн тогтоож болно.

 

Заалт 3. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Заалт 4. Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Заалт 5. Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

2.Олон нийтийн газарт:

 

                2.1.хэрүүл маргаан үүсгэж;

                2.2.бусдыг өдөөн хатгаж;

                2.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

                2.4.олон нийтийг үл хүндэтгэж;

                2.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж;

 

Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Заалт 6. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Заалт 7. Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Заалт 8. Хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

Заалт 9. Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

Заалт 10. Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

Заалт 11. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Заалт 12. Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн  бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү