Улаанбаатарын 105,5 тэрбумын үнэтэй утаа
2013/12/09
Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт манайд хамгийн их зөрчигдөж байна.
Дон Кихот салхин тээрэмтэй тулалддаг шиг Монголын төр, засаг Улаанбаатарын утаатай дайн зарлаад хэдэн жилийн нүүр үзэхэд ганц ч ялалт байгуулсангүй. Нийслэлийн агаарын чанарын албаныхан ичсэн нүүрэндээ агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан гэж байгаа ч жирийн иргэд энгийн нүдээр хараад ямар тодорхойлж чадах биш.
Лав л өглөө, оройдоо хотын гудамжинд саахалтын бараа сайтар харагдахгүй байгаа. Хүүхдүүдийн цээж олон жил тамхи татсан мэнгэртэй өвгөнийх шиг хэрчигнэж, тасралтгүй бүгшүүлэх нь энүүхэнд. Улаанбаатарчууд багаасаа уушигны архаг хууч өвчтэй болж байгааг эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлсээр байгаа ч хий дэмий л халаглахаас хэтрэхгүй байна.
Гэтэл хамж овоолоод хаяж устгаж болдоггүй утааны эсрэг тэмцэлд улсын төсвөөс 2012-2013 онд гэхэд 105,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 төсөл хэрэгжүүлэхээр УИХ-аас баталжээ. Одоо 11 төсөл хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн гэр хорооллын айл өрхийг “Өлзий”, “Дөл” гэх мэт гоё нэртэй сайжруулсан зуухаар хангах ажилд 6,3 тэрбум төгрөг нэгэнт зарцуулжээ.
Үлдсэн 100 шахам тэрбумын хөрөнгийг дэд бүтцийг сайжруулах, цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх, хог боловсруулах үйлдвэр барьж байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд зориулсан гэж буй ч үр дүн тун маруухан байгаа нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгчийн харъяанаас Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлэх дээрээ тулаад байгаа юм. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр маш олон тэрбум төгрөгийг хэд хэдэн гарын салаагаар урсгасан нь даанч хайран.
Засгийн газрын дэргэдэх Цэвэр агаарын санд сүүлийн гурван жилд 92,5 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 68,7 тэрбум нь аль хэдийнэ үрэн таран болжээ. Тус сангаас 2011-2013 онд нийслэлийн гэр хороололд тараасан 123 мянган сайжруулсан зуухны үнэд 16,2 тэрбум төгрөг, Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөс 32 сая ам.доллар зарцуулсан ч жил ирэх тутам хаяагаа тэлж буй гэр хорооллын айл өрхүүдийн хэрэгцээг хангаж дийлэхгүй байна.
Дамын наймаачдын буруу гараар орж, хөдөө орон нутагт ч ихээхэн зарагдаж байгаа нь нууц биш. Иймээс энэ өвөл гэхэд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, Цэвэр агаарын сангаас нийт 22 тэрбум орчим төгрөгөөр 45 мянган сайжруулсан зуухыг эхнээс нь тарааж эхэлжээ.
Цэвэр агаарын сангаас агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, стандартын шаардлагад нийцсэн цэвэр түлш, зуух үйлдвэрлэлийг дэмжих, тэдгээрийг худалдан авахад татаас олгох, агаарын чанарын хяналт шинжилгээний чадавхийг бэржүүлэх, агаарын чанарын төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг тогтоох болон агаарыг хамгаалахтай холбогдолтой стандарт, норм дүрэм, арга аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл гүйцэтгэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон нийтэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулах гэсэн үндсэн долоон төрлийн ажилд 2011 онд 31445.0, 2012 онд 24933.6, 2013 онд 13516.3 сая төгрөг тус тус зарцуулжээ.
Түүнээс гадна хийн түлшний үйлдвэр болон нүүрсний гүн боловсруулалтын үйлдвэрийг дэмжих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах, Гандангийн дэнжийн хорооллыг төвлөрсөн дулаан хангамжид холбох, цэвэр, бохирын усны хангамжийг сайжруулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, газар чөлөөлөх ажлыг эхлүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн 400 автобусыг хийн түлшинд шилжүүлэх ажлын төсөв урагшгүй хүмүүсийн уршгаар хураагдсан байна.
Мөн ДЦС-4-ийг тойрсон 1,4-10,7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий гурван томоохон ажил гэрээнээс цааш хэтэрсэнгүй. Улаанбаатар хотод Хог боловсруулах үйлдвэр барих ажил 2012 онд эхлэх ёстой байсан ч мөн л цаасан дээр гэрээ төдий үлджээ. Ер нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн жил хэрэгжүүлэх учиртай 15 төсөл, арга хэмжээ үндсэндээ хийгдсэнгүй.
Агаарын бохирдлыг бууруулахад ард иргэд, ялангуяа албан тушаалтнуудын сэтгэхүйд сийрэг ухаанаар цэгцтэй ажиллах шинжлэх ухааны үндэстэй бүтээлч арга ухааныг төлөвшүүлэхгүй бол нийслэлийг зорьсон шилжилт хөдөлгөөн ч саарахгүй, нүүрс түлэх бэлэнчилсэн байдлаасаа ч салж чадахгүй. Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы хуралдаан дээр утаатай хийх тэмцэл урагшаа ахихгүй байна гэсэн шүүмжлэлийн хариуд төсөв мөнгөтэй нь Засгийн газарт хариуцуулчих, тэгээд хойтон ямар үр дүнд хүрэхийг нь үзээрэй гэснийг л харах үлдэхшив.
Г.Болор