Доён хочит У.Болд, Т.Өлзийжаргал нар танхайрсан хэрэг жилийн өмнө гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өчигдөр 11:00 цагт эхэлсэн. Улмаар 18:00 цагт шүүх хурлын шийдвэр гарлаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Доён хочит У.Болд, Т.Өлзийжаргалыг гэм буруутай гэж үзэн тус бүрт 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Хэргийг эргэн сануулбал, 2016 оны  зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, тэр хавийн оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.Тодруулбал яллагдагч У.Болд нь Т.Өлзийжаргалтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт, яллагдагч Т.Өлзийжаргал нь У.Болдтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт гэмт хэрэгт тус тус холбогдсон юм.