Ийм нэгэн нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн мэдээ сонсов. Нэг хэсэг улс төрийн амьдралыг хавар болж урь орохтой зэрэгцдэг хэмээдэг байлаа. Хэвлэлийнхэн үүнийг “хаврын синдром” гэж нэрлэх дуртай. Тэгвэл энэ жилийн улс төрийн үйл явдал, өрнөл ийм нэгэн намрын синдромоор эхэлж, энэ хүрээнд тоглолт хийдэг хүмүүсийг цусыг ёстой хөөргөх нь.

 

 

Үнэндээ Төрийнхөө ордонд бандааш яриад суудаг Д.Гантулга хэмээх түшээг монголчууд уучлахаасаа өнгөрсөн. Түүнээс ажил биш амлалт нэхэж, хэзээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах бол хэмээн нүдээ чилтэл харж буй. Нас залуу, цус шингэн энэ хүнд ийм хэмжээний ёс зүй бий хэмээн найдсаар.

 

Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзана гэсэн бор шувуу Төрийн ордноор нисч, гайхшируулдагийн даваан дээр туслах нь уг мэдээллийг үгүйсгэсэн. Хэрэв бүрэн эрхээсээ татгалзсан бол “Монгол төрийн нэр хүндийг сэвтүүлэхгүй гэсэндээ өөрөө бүрэн эрхээсээ татгалзсан” гэх зөв өнцгийг Д.Гантулга өөр дээрээ бүрдүүлэх байв. Түүний байдлаас өнгөц харвал 30 хүрч яваа залуу гишүүн ийм боломжийг олж харахгүй, харахыг ч хүсэхгүй байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн дор “бандааш”-ны хэргээ далдалж, цаашлаад мартуулах хүсэлтэй байна хэмээн дүнгэж болно. Гэвч байдал өөр гэнэ.

 

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзаж, өөрийн нэр холбогдоод байгаа хэргээ хууль хяналтын байгууллагуудаар шийдүүлэх үнэнхүү хүсэлтэй байгаа аж. Хэрэв түүний хүслээр болдог бол өнөөдөр ч хамаагүй мэдэгдэл хийгээд өөрийнхөө болон намынхаа цаашлаад төрийн түшээдийн нэр төрийг сэргээхэд бэлэн байгаа гэх.  Гэвч юм учиртай, учир гэдэг нь жанцантай гэгчээр түүний суудлыг нөхөх сонгуулиар монголын улс төрд үнэр ортлоо шигдэж буй хоёр хүн болох Ц.Элбэгдорж, Н.Энхбаярын нэг нь гарч ирэх магадлал тун өндөр болсон учир намын даалгавараар бүлх үмхчихээд яваад байгаа тухай нэгэн бор шувуу жиргээд авав.

 

Түүний мэдээлэл үнэн байх магадлалтай. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн суудлаа өгөхөөсөө өмнө “Та Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгөөд Ардчилсан Намдаа элсэх үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Бүх хаалга нээлттэй” хэмээн хариулсан байдаг. Өөрөөр хэлбэл тэрбээр улс төрд эргэн орохоо үгүйсгээгүй. Түүнчлэн сүүлийн үед Ц.Элбэгдоржийг улс төрөөс явахгүй, АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ, ирэх намраас улс төрийн ажлаа шууд эхлүүлнэ гэх мэдээллүүд цацагдаад буй. Магад эдгээр мэдээллүүд нь түүнийг АН-д эргэж ирэх гэж буйг зугуухнаар сануулсан явуулга, цаашлаад Хэнтийчүүдэд хандсан “захиа” ч байхыг үгүйсгэх аргагүй юм.

 

Гэвч юм учиртай, учир гэдэг нь жанцантай гэгчээр түүний суудлыг нөхөх сонгуулиар монголын улс төрд үнэр ортлоо шигдэж буй хоёр хүн болох Ц.Элбэгдорж, Н.Энхбаярын нэг нь гарч ирэх магадлал тун өндөр

 

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өнөө цаг үед УИХ-ын гишүүн болно гэдэг тэнгэрийн умдаг атгасантай адил. УИХ дахь ганц төлөөлөлтэйгөө таарамж муу байгаа, өөрийг нь ороодог хэргүүд байс гээд сандаргадаг зэргээс үзэхэд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх түүнд хэрэгтэйгээр барахгүй байгаа нь мэдээж. Тэгээд ч түүний ялтай байх хугацаа энэ сард дууссан.  Өнгөрсөн тавдугаар сард Сонгуулийн Ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргасны нэг шалтгаан нь Н.Энхбаярын ялтай хугацаа. ЦЕГ-аас тодорхойлолтоор “Иргэн Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусна” хэмээсэн байдаг тул тэр өнөөдөр ялгүй. УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихэд түүнд саад үгүй. Тиймээс алтан боломжийг атгаад авах санаа түүнд байх нь гарцаагүй бизээ.

 

Бор шувуугийн жиргэснээр алдарт хоёр маань аль хэдийнэ бэлтгэлээ базаагаад авсан сурагтай. Сонгуулийн багийнхан нь Хэнтий аймагт ажиллаад эхэлчихсэн тойргийг нь “услаад” явж байгаа гэх.  Иймд МАН-ынхан муу хэлүүлээд ч хамаагүй Д.Гантулгыгаа хамгаалаад үлдэх тактик барьж байгаа гэнэ. Хэрэв байдал өөрөөр эргэвэл МАН гарцаагүй нэг суудал алдана. Алдах алдахдаа жинтэйхэн шиг алдана. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын аль аль нь МАН-д халтай. Ялангуяа гүйдэл суудлаа олохгүй хэрүүлтэй, хараалтай байгаа энэ цаг үед тэдний нэг нь УИХ-д нэвтэрвэл МАН хойдохоо уншуулсантай адил болох биз.

Б.Ариун  

www.24tsag.mn