Хориг ба Уучлал
2017/09/16
Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч УИХ-аас хамаарах, үл хамаарах хоёр эрхийг хэрэгжүүлдэг. Эхнийх нь хориг тавих, удаах нь уучлал үзүүлэх эсэх. Ингэхдээ УИХ-аас баталсан, гаргасан шийдвэр хуульд нийцэхгүй гэж үзвэл бүхэлд нь болон зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан учраас биеллээ олох магадлал нь хомс. Харин уучлал үзүүлэхдээ хэзээ ч, хэнээс ч үл хамаарахгүй байх эрхийг эдэлдэг нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн давуу тал болдог. Учир нь, Төрийн тэргүүн уучлал үзүүлэх нь хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх гэдгийг Үндсэн хуулиар хуульчилсан хэрэг. Үүгээр тангараг өргөөд хоёр сарын нүүрийг үзэж байгаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга анхны хориг, уучлалыг хэзээ тавих, хэнд үзүүлэх нь сонирхолтой сэдэв. Үе үеийн Ерөнхийлөгчийн нар УИХ-ын шийдвэрт тавьж байсан хориг, хэн нэгэнд үзүүлж байсан уучлалаас харахад ч түүний шийдвэр улс төр, нийгмийн анхаарлыг татахаар байгаа юм. Гэхдээ тэрбээр УИХ-ын ямар шийдвэрт анхны хоригоо тавих, түүнийг нь парламент хүлээж авах эсэх нь мэдээж эргэлзээтэй.
Анхны Ерөнхийлөгч тангараг өргөснөөс хойш АН, МАН-аас ээлжлэн сонгогдсон Төрийн тэргүүний тавьсан хоригийн биелэлт бас буцаалтаас харахад ч парламентад ялалт байгуулсан тохиолдол цөөн ажээ. Гагцхүү хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн үед “Ардчилсан холбоо” эвслээс Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн эрхмийг нэг биш долоон удаа буцаасан нь Төрийн тэргүүний бүрэн эрхийг парламентад хамгийн их тодотгосон түүхтэй. Гэвч Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилохын тулд зайлшгүй Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүлээх Үндсэн хуулийн энэ хоригийг тухайн үеийн парламент өөрсдөө зөвхөн зөвшилцөнө гэж өөрчилснийг одоо ч хүчин төгөлдөр мөрдөж байна. Гэхдээ анхны хориг нь байгаа онож, олон нийт, нийгмийн дэмжлэг хүлээж байсан түүх байхгүй юу гэвэл мэдээж өрөөсгөл. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөснөөсөө хойш зургаан сарын дараа УИХ-аас баталсан 2010 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж байв. Шалтгаан нь УИХ-ын гишүүн бүр сонгогдсон тойрогтоо тэрбум төгрөгийг төсөвлүүлсэн нь тэгэхэд ил болж, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан хэрэг. Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 57 гишүүний 44 нь буюу дэмжээгүй учир хүлээж аваагүй юм. Хориг бол нэг талаас Ерөнхийлөгчийн эрх. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн биелүүлэх ёстой үүрэг. Хэдийгээр УИХ хоригийг хүлээж аваагүй ч Засгийн газар хамтарсан гэх нэрээр халхавч хийж, сөрөг хүчингүй болчихсон УИХ-ыг, 76 гишүүнийг 76 тэрбум төгрөгөөр ганцхан шөнийн дотор худалдаж авсныг олон нийт тэр үед жигшин зэвүүцэж, шүүмжилсэн, эсэргүүцсэн. Ямарч байсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэнд таалагдаж эхэлсэн юм.
Улмаар улиран сонгогдсоныхоо дараа УИХ-аас Өршөөлийн хуулийг 2015 онд гаргахад мөн хэсэгчлэн хориг тавьж байлаа. Тус хуульд авлига албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахаар заасан нь “авлигатай тэмцэх аян” өрнүүлсэн Ерөнхийлөгчийн ажлыг бүдгэрүүлэх байсан учраас ийм шийдвэр гаргасан хэрэг. Тэр нь ч ёсоор болсон, авлига, албан тушаалын хэргийг өршөөх шийдвэрээ УИХ цуцалсан билээ.
Харин энэ удаад АН-ын дараалсан ялагдалд цэг тавьж, “Ардчилсан Ерөнхийлөгч”-өөр тодорсон Х.Баттулгын МАН-д тавих хориг нь юу байх бол. АН-ын нэр дэвшигчид бүгдээрээ шахам шороотой хутгалдаж, сонгуулийн шокноосоо гараагүй явахад экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр бүрдсэн парламентын үнэмлэхүй олонхийн шийдвэрт ээлжит хоригоо тавьсан ч түүнийг нь хүлээж аваагүйг “Төрийн ордноос бухимдалтай ирлээ” хэмээн тодотгож байв. Өмнөх парламент ёсчлоогүй хуулийг хэрэгжүүлэх нь учир дутагдалтай хэмээн УИХ-ын гишүүд тайлбарладаг ч экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан хоригийг олонхиороо хүлээж аваагүй шиг тохиолдол Х.Баттулгыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед нэг бус удаа давтагдах нь тодорхой. Гагцхүү тэр цаг үеэ мэдрэх үү эсвэл улс төрийн шаардлага, шалтгаанаар хориг тавих уу гэдэг нь УИХ-аас гаргах шийдвэрээс үүдэх цаг хугацааны л асуудал.
Нөгөө талаар Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ эдэлж, Ерөнхийлөгч хэнд уучлал үзүүлэх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд хоёр бүрэн эрхээ хэрэгжүүлэх тангараг өргөснөөсөө сар хүрэхгүйн хугацааны дараа зарлиг гаргаж авлига, албан тушаалын хэргээр цагдан хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлж байв. Ерөнхийлөгчийн шийдвэр улс төр, нийгмийн хүрээнд олон таамаг, хардлага дагуулсан ч эцэстээ АН, МАХН-ын тохироо үр дүнд гаргасан зарлиг гэдэг нь ил болсон билээ. Сүүлд 35 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин Улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн нь мөн үедээ шуугиан тарьж байв. Тэрбээр ““УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? Монголдоо би хайртай" хэмээн тодотгосон удаатай. Үе үеийн Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэх замаар уучлал үзүүлдэг байсан ч экс Төрийн тэргүүн авлигын хэрэгт холбогдсон МАХН-ын даргад, татвараас зайлсхийсэн гэх шүүхийн шийдвэртэй Жастин Капла нарт уучлал үзүүлсэн нь тухайн үеийнхээ нийгэмд эргэлзээ, хардлага, шүүмжлэлийг үлдээсэн юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсэг бүхий зарлиг хэн гэдэг эрхэмд уучлал үзүүлэх бол гэдэг нь ёстой л хуулиар түүнд олгосон онцгой эрх л байх даа.
Үндэсний шуудан сонин
Иргэн · 2017/09/16
Энэ хоер шийдвэр буруутанд л их уйлчлэгдэх байхдаа?! Ялангуйяа АН-внхан тх эдлэж магадгуйшдээ?!
Иргэн · 2017/09/16
Энэ хоер шийдвэр буруутанд л их уйлчлэгдэх байхдаа?! Ялангуйяа АН-внхан тх эдлэж магадгуйшдээ?!