Өнгөрөгч баасан гаригийн өглөө тамгаа хүлээн авсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэр өдөртөө өөрийн салбарын Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж ажлын гараагаа эхэлсэн. Хэдийгээр өмнөх сайд Цогцэцэг нь салбараасаа томилогдсон хэмээн олны дэмжлэгийг авч байсан ч үнэн чанартаа гараас гаргасан, үр дүнд хүргэсэн нэгээхэн ажил ч хийж амжилгүй байсаар дараагийн сайддаа тамгаа шилжүүлж буй нь шинэ сайдыг ажилтайгаа ч танилцах завдал өгүүлэлгүй эмч, эмнэлгийн ажилтнуудын ҮЭ нь тосч уулзсан уулзалтаас илэрхий. Нөгөөтэйгүүр 2012 оноос хойш Эрүүл мэндийн салбарт хамгийн ойр ажиллаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэлцэж явсан ганц парламентч байсан гэдгийн баталгаа ч болох шиг болов. Тэр утгаараа шинэ сайдад салбартайгаа танилцаж цаг үрэх хэрэг ч байсангүй. Тэрбээр амралтын өдрүүдийг ч үл анзааран ажилдаа шуурхайлан оржээ. Яамныхаа ажлын аппаратын хамт олонтой бямба, ням гаригуудыг тун завгүй өнгөрүүлж, эрүүл мэндийн салбарын нэн тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцсэн байна.