Гэр бүлийн хүчирхийлэл ингэж “төлждөг”-2
2013/12/24
Гэр бүлийн хүчирхийлэгч наанаа намуухан, нэг л их инээсэн сайхан хүн, түүн шиг зөөлөн элгэмсүү, бусдыг хүндэлдэг хүн үгүй. Гэвч бодит байдалд ардын сургааль, мэргэн цэцэн үг, түүх сударт “Цагаан торгонд ороовч цаад сүүдэр нь хар” хэмээсэнтэй агаар нэгэн.
“Нааш харж инээгээд цааш харж уйлах” гэгчээр харагдах өнгөндөө инээсэн зөөлөн эрхэм маань олны анхаарлаас хол, хөл үймээнээс зайдуу үнэн төрхөө харуулж, араатан мэт авирладаг нь бодит үнэн.
Үүнийг саяхан Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд эхнэрээ байнга дарамталж байгаад гурван хүний аминд хүрчихээд өөрийгөө боомилж нас барсан Б.Эрдэнэсүх гэгч залуугийн үйлдлээс харж болно. Тэрээр эхнэртэйгээ танилцаж, гэр бүл болж, хөөрхөн хүүгийн эцэг, эх болчихоод эцэст нь хардаж, найз нөхдөөс нь хөндийрүүлж, улмаар сум төвд байснаа хөдөө гарч, тэгснээ олны хөлөөс зайдуу ганц гэрээр нутаглах болж, өмнө нь дуулдаж байгаагүй харгис хэрцгий аргаар зодож тамлах болсон тухай хэвлэлүүд олон нийтэд хүргэсэн. Тэгвэл, хүүхдүүдийнхээ нүдэн дээр эхнэрээ дөрвөн цаг гаруй зодож, тамлан амь насыг нь хохироосон жигшүүрт хэрэг Эрдэнэт хотод гарч хууль, шүүхийн байгууллагаар эцэслэгдэлгүй жил тойрч байна. Балмад этгээд эхнэрээ эмээлийн сур, дөрөөгөөр балбасаар амьсгал хураалгажээ. Хад, мод буталж байгаа юм шиг дуу, авиа гарч байхад хэн ч тоож очоогүйгээр барахгүй талийгаачийн хадамж ээж хажуухан талд нь чимээ сонсоод сууж байсан гэхэд итгэмгүй. Нэг удаагийн ч бус олон жилийн зодуурыг нууж, шарх сорвио далдалж ээжийнхээ сэтгэлийг зовоохгүй байя, үр хүүхдээ өнчрүүлэхгүй амьдаръя хэмээн зүтгэж явсан бүсгүй ийнхүү хорвоогоос халилаа. Шүүх эмчийн дүгнэлт түүний биеийн 50-аас дээш хувь гэмтэж бэртсэн гэсэн оноштой гарчээ. Хохирогч бүсгүйчүүдийн яриа, мэдүүлгээс нэг зүйл анхаарал татна.
1.Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдийн хэлж буйгаас үзэхэд балмад этгээд олны хөлөөс дайжихыг л боддог юм байна. Тэгвэл бүсгүйчүүд хүслийг нь биелүүлж байвал аяндаа балмад зан нь засарна, ойлгоно, харин ч халамж анхаарал тавих байх гэсэн гэнэн мөрөөдлөөр ханддаг юм байна.
2.Нэг хүүхэд гаргасан бол дахиад хүүхэдтэй болбол байдал өөр болно гэж нөхөртөө итгэж яваад амиа алдсан нь ч байх юм.
3.Гэр бүлийн хүчирхийлэгч номхон томоотой дүртэй болохоор олны нүднээс далд гаргадаг авирынх нь талаар эхнэр, хүүхэд нь ярьсан ч сонсогч этгээд буюу хамт олон, найз нөхөд нь итгэдэггүй ажээ.
4. Балмад эр хаана, аль хэсэгт нь зодож цохихоо мэддэг. Нүднээс далд газар гэмтээж, бэртээдэг юм байна. Нөгөөтэйгүүр, зодуулсан бүсгүй шарх совио нууж, хэнд ч хэлдэггүй. Нөхрөө засарна гэж итгэдэг, нөгөөтэйгүүр бусдын хэл амнаас бэргэдэг болохоор тэр.
5. Хүчирхийлэгч этгээд хүмүүсийн унтаж амарсан гүн нойрын цагаар хэний ч санаанд оромгүйгээр дарамталж, тарчлаан зовоодог юм байна.
6.Их төлөв хүнд хэлбэл, ална хэмээн сүрдүүлдэг. Эсвэл гэр бүлээр ч чинь, ээж аавтай чинь хамт хүйс тэмтэрнэ гэж айлган эрхэндээ оруулдаг аж.
7. Ойр дотныхон, хууль хяналтын байгууллагынхан гэр бүлийн маргаан бидэнд хамаагүй, хоорондоо яриад учраа ол гэж ханддаг нь гэмт хэрэг гарахад түлхэц болдог. Тиймээс хэн нэгэн хохирсны дараа л энэ хэрэг илэрдэг.
8. Хууль сахиулагчид олз ашиг хайж ханддаг /байж боломгүй ч ийм байдал бий гэдгийг хохирогчид хэлдэг/.
Дээр дурдсан асуудлуудаар хохирогчийн яриаг бид дараагийн дугаарт хүргэх болно.
Үргэлжлэл бий.
С.Баяр