Төрийн үйлчилгээг түгжрэл саадгүй болгохын тулд  өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн арав гаруй ажил хийсэн бөгөөд гол нь мэдээллийн дэд бүтэц, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгосон явдал байлаа. Харин эдгээр ажлын гол ачааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрынхан үүрсэн юм.

Монгол Улсын хэмжээнд 45 "Төрийн үйлчилгээний цахим машин" буюу "ТҮЦ машин" ажиллаж, 6 төрлийн лавлагаа, 2 төрлийн тодорхойлолт гаргах, зохих шатны байгуулагад санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачилга төслөөс төрийн үйлчилгээг автоматжуулж, иргэдэд ойртуулснаар 8.4 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоог гаргасан байгаа. Энэ бол төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг нэвтрүүлсэн эхний жилийн хэмнэлтийн үр дүн юм. Иргэд төрсөнийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, аж ахуйн нэгжийн албан татварын лавлагаа, хувь хүний орлогын албан татварын лавлагаа зэрэг маш олон үйлчилгээг яам, агентлагаас бус гэрийнхээ ойролцоох ТҮЦ машинаас авч цаг, мөнгөө хэмнэдэг болсон. Тухайлбал иргэд гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа авахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газар очдог байсан бол одоо нийслэлд байгаа ТҮЦ машинуудын байршлыг мэддэг байхад л хангалттай боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 50847 иргэн 66088 удаа ТҮЦ машинаар үйлчлүүлсэн тооцоо гарсан бөгөөд энэ хэрээр хүндрэл чирэгдэл багассан гэсэн үг юм.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас ирэх онд 74 ширхэг ТҮЦ машиныг ашиглалтад оруулахаар болсон бөгөөд үүнээс нийслэлд 36 ширхэг, аймгийн төвүүдэд 38 ширхгийг суурилуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Ерөнхий сайд нийслэлийн алслагдсан дүүргүүдэд 78, аймгийн төвүүдэд 42 ТҮЦ машин суурилуулахаар болсон байна. Ингээд ирэх онд улс даяар нийт 320 ТҮЦ машин ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар иргэд ТҮЦ машины хүртээмж муу учраас бүх хүн ашиглаж чадахгүй байгаа. Харин ирэх оноос ТҮЦ машины тоо энэ хэмжээнд хүрч нэмэгдвэл илүү олон хүн үйлчлүүлэх боломжтой болж төрийн үйлчилгээний ачаалал ч эрс буурах тооцоо гарсан байгаа.

Мөн ТҮЦ машин бол монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн бүтээл. Энэ машины программ хангамжийг монгол инженер зохиож, өдөр ирэх тусам улам баяжуулсаар байна.

Тэгвэл энэ ажлыг гүйцэтгэсэн инженерүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Засгийн газраас төрийн хүнд суртлыг алга болгох олон зүйл хийж байгаагийн нэг нь ТҮЦ машин. ТҮЦ машиныг нийслэл болон 21 аймагт суурилуулах ажилд сэтгэл гарган, гар бие оролцсон та бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлье. Цаашид ч мэдээллийн технологийн олон амжилтыг ашиглаж, төрийн хүнд суртлыг арилгах шинэ санал, санаачлагыг дэмжиж ажиллах болно" хэмээн онцлон хэлэв.

ТҮЦ машиныг ашиглалтад оруулахад гүйцэтгэгч байгууллагаас гадна Үндэсний Дата төв, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газар, Татварын Ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Скайтел компани гэсэн долоон байгууллагын 21 инженер ажиллажээ.

Ямартай ч энэ оны хамгийн хамгийн шилдэг ажил тодруулдаг байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын нүүрийг тахалсан Монгол инженерүүдийн зохион  бүтээсэн ТҮЦ машин шалгарах байсан биз ээ.

Х.Даваа