“Монголын улс төр оны дараахан биш, ирэх гуравдугаар сард донслох гэнэ”
2013/12/24
Энэ бол зурхай биш. Ул суурьтай прогноз ч биш. Харин улс төрийн хүрээнээс зориуд тарааж буй “хорт хий” гэж хэлж болно. Үр дагаврын хувьд ч хортой байх магадлал тун өндөр.
“Нүүдэлчин монголчууд домгийн сэтгэлзүйтэй, тэр дүрслэлээрээ улстөрчдөө төсөөлдөг. Мөн ардын аман зохиол маягаар “пиар”-аа хийдэг” хэмээн манай ардчилсан сонгуулийн талаар гаднын нэгэн ажиглагч, бас ч үгүй цуутай “пиарчин” хэлсэн байдаг. Тиймээс шувуу бүхэнд үг дайж байтал тэр нь ёсоор болж “Засаг хөдлөх” ч юм билүү гэсэн битүүхэн горь тээсэн зарим бүлэглэлийн зүгээс дээрх ам дамжсан яриаг тарааж байгаа биз ээ. Жирийн иргэдийн хувьд “А” этгээдийг “Б”-ээр солилоо гэхэд амьдрал дээшлэхгүй учраас тогтвортой байгаасай гэж үздэг. Харин дэндүү олон дутагдал гаргасан нэр бүхий сайд нарын тухайд “Хангалттай тэвчлээ, огцруулах нь зүйтэй” хэмээн аяга хоослох хооронд хөөрөлдөх нь бий.
Гэвч эцсийн шийдийг эрхэм хүндэт улстөрчид гаргадаг билээ. Шалтаг, шалтгаан “тарина, ургуулна”. Сайтар мэдэж байгаа зүйлээ үл ойлгосон дүр үзүүлнэ. Аюултай талаас нь тайлбарлаж ард түмнийг айлгана. Цаашилбал өөр хоорондоо тохиролцоно, толхилцоно. Урьд нь “Элсний 13” энэ тэр гэж байгаад дотроосоо үймээн дэгдээдэг байсан бол дөрвөн намын төлөөллөөс бүрдсэн шинэчлэлийн Засгийн газрын тухайд тийм боломж бараг гарахгүй. Дээр нь өндөг, лооль шиддэг нөхөд эрхтэн дархтан болчихсон гэж байгаа. Тэгэхээр бүр ч бардаггүй даваа байгаа биз. “Донсолно” гэсээр байгаад донсолгожээ гэж бодъё. Тэрхүү хөзрөөр барьсан байшин чинь үлээхэд унахгүй. Тамга хөзрийг нь хэн атгасан билээ, тэр хүмүүс бүр ч хөдлөхгүй. Ингээд бодохоор “хорт хий”-ээр мянгантаа үлээлгээд үр дүн муутай л байх болов уу.
Уг нь энэ засаг “Итгэлтийн буянд” гэгчээр “Чингис бонд”-ын буянд цаасан дээр л бичдэг байсан олон ажлыг үр дүнд хүргэсэн. “Эхлэлийг тавьсан нь МАН-ынхан” гэдгийг ч хүлээн зөвшөөрч талархал илэрхийлсээр байтал одоо сөрөх тактикийн гол фокусаа эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтыг дэмжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд дээр тааруулж буй нь сөрөх механизмыг судлаагүйн шинж биш үү. Хэнийг хэнтэй, ямар бондыг аль зээлтэй, цаг үе, нөхцөл байдал, орон зайн факторуудыг хэрхэн харьцуулж байгаагаас үзэхэд сөрөх тактикаа боловсруулахад хугацаа хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Хэрэв сайтар бэлтгэж зөв хөдөлбөл амжилтад хүрч болох шүү дээ. Гэхдээ хүрэхгүй ч байж болно.
Яагаад гэвэл далайд гарц нэмэх, автозам, төмөр зам, агаарын хөгжилд шинэ хуудас нээсэн, инфляцийг амаргүй нөхцөлд тогтоон барьсан, мөнгөний зөөлөн бодлого хүүний коридорт нөлөөлдөг болсон, орон сууцны зээлийг танил талын шаардахгүйгээр жилийн найман хувийн хүүтэйгээр тасралтгүй үргэлжлүүлэх болсон гээд олон нийтэд дэндүү таалагдах ажлуудыг нэрлэж болохоор байна. Ийм ажил хийсэн Засгийн газрыг муу гэвэл юу ч хийхгүй байсаар “ариун явдал”-тайгаар хугацаа дуусгах арга барилыг сонгох нь зөв болж таарна.
Иймд Засгийн газрын хийсэн ажлыг гаргасан алдаатай нь зөв дэнслэх нь эхний ажил аж. Дараа нь тэдний гаргасан алдаа ноцтой эсэхийг “аугаа их”-үүд тогтооно гэж байгаа. Үүний дараа үгүйсгэх онолыг хэн сайн судалсан, тэр эрдэмд нэвтэрсэн бэ гэдгийг шалгаруулаад донсолгох ажиллагаандаа орох бололтой юм. Тэгэхээр олон нийтийн санаа бодол, ард түмэн бид бол дээрх асуудалд огт хамаагүй байгаа биз. Биднийг төлөөлж сонгогдсон гэх үндэслэлээр төрийн үйл ажиллагаанд саад учруулах нь хэр зөв бол. Энэ ардчилал мөн үү. Ингээд бодохоор Ардчилсан намынхны олуулаа болж байж санаачилгыг гартаа авсан Засгийн газрыг ардчиллын зарчмаас хазайж байгаад ч хамаагүй халдаж болно гэж ойлгоод байх шиг. Нэг иймэрхүү л үлгэр яриад байгаа юм. Эндээс харахад дээр дурьдсан гадаад нөхрийн хэлсэн “Нүүдэлчин монголчууд домгийн сэтгэлзүйтэй, тэр дүрслэлээрээ улстөрчдөө төсөөлдөг. Мөн ардын аман зохиол маягаар “пиар”-аа хийдэг” хэмээсэн нь ортой бололтой.
ALTANHUYAG · 2014/01/02
BI OGTSORMOOR BNA TA NAR CHADAL CHINI HURVEL OGTSRUUL L DAA
Оюунцэцэг · 2013/12/25
маш таалагдлаа