Өвлийн цагт иргэдийн хувьд хамгийн эмзэг бөгөөд ярвигтай асуудал нь утаа болоод байх шиг. Сүүлийн үед байнга л утаагаар амьсгалах болж. Утаагаар улстөржих нь ч энүүхэнд. Тэгвэл үүнээс ч илүү хүнд асуудал бидэнд байна. Энэ бол хальтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл.

Бид өнгөрсөн долоо хоногийн дугаартаа уг сэдвийг хөндсөн. Тэгвэл үүний үргэлжлэл болгож Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс сурвалжлага бэлтгэлээ. Иргэдийн дархлааг сулруулж, ханиад томуу, уушгины өвчлөлөөр өвчлөх гол шалтгаан нь утаа болж байгаа юм. Тиймээс үе үеийн төр засгийн зүгээс нэлээд анхаарал хандуулах болсон. Хэдэн тэрбумаар нь хөрөнгө мөнгө зарцуулж байгаа ч өнөөдөр утааны асуудлаа шийдэж чадаагүй хэвээр. Харин ч улам ихэссээр. Тэгвэл хальтиргаа гулгаа, түүнээс үүдэлтэй осол гэмтлийн талаар хэвлэл мэдээлэл болон Гэмтлийн эмнэлгийн эмч нараас өөр ам нээдэг хүн алга. 

Дахин дурдахад, 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 70 мянга гаруй хүн зөвхөн халтирч унаснаас болж гэмтлийн эмнэлгийг зорьж тусламж үйлчилгээ авчээ. Халтирч унаснаас болж ажил төрлөө алдах, мөнгө төгрөгийн гачигдалд орох, цаашлаад групп тогтоолгох бэрхшээл ч гарч байна. Тиймээс халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл бэртлийг салбарын сайдаас эхлээд төр засгийнхан утаа шиг авч хэлэлцээсэй гэсэн үүднээс энэхүү сурвалжлагыг бэлтгэж байгаа юм. 
Нийслэл хот цас, мөсөө арилгахад утаа шиг 200 гаруй тэрбум төгрөг зарцуулах шаардлагагүй. Гагцхүү дүүрэг, хорооны гудамж талбай, аж ахуйн нэгжид харьяалалтай газрын хяналтаа сайжруулахад болоод явчих энгийн ажил. Мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Гэхдээ 200 тэрбумаар тоологдох мөнгө лав биш. Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны голомтод ажиллах үеэрээ хэлсэн шиг сэтгэл байхад л шийдэж болох асуудал юм. Товчхондоо бол багахан хэмжээний хөрөнгө, дээрээс нь сэтгэл байхад жилийн жилд нэмэгдэж буй гэмтэл бэртлийг үлэмж хэмжээгээр багасгаж болно. 

ӨДӨРТ 500 ХҮН ИРДГЭЭС 80 ХУВЬ НЬ ХАЛТИРЧ УНААД ГЭМТЭЖ БАЙНА 

Гэмтлийн эмнэлэгт 11.00  цаг өнгөрч байхад очлоо. Ачаалал харьцангуй бага байв. Эмч нар нь ч хэлэхдээ 12-15 цагийн хооронд ачаалал хамгийн бага байдгийг онцолсон. Учир нь, өдрийн нарнаар хөлдсөн газар арай зөөлөрдөг учраас унаж гэмтэх тохиолдол бага байдаг гэнэ. Гэхдээ л унаж гэмтсэн иргэдийн цуваа хоёр, гурваар тасрахгүй хөвөрсөөр л байлаа. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын яаралтын тусламжийн тасгийн их эмч Т.Отгонболд хэлэхдээ “Ер нь бол өдөрт ирж үйлчлүүлж буй хүний тоо 450-иас буурахгүй байна. Ирж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь халтирч унаснаас гэмтжээ. Халтирч унасан хүмүүсийн олонхи нь 45-аас дээш насныхан. Гэмтлийн гол онош нь  дээд доод мөчдийн хугарал, толгойн гэмтэл эзэлж байгааг дурдсан. Түүний хэлсэнчлэн тус эмнэлгээр үйлчлүүлж буй гипстэй, эсвэл гараа алчуураар сойсон иргэдийн олонхи нь ахмад настан байв. Зарим нь өвчиндөө шаналахдаа эмнэлгийн байгууллагад хуурай агсам тавих бол энүүхэнд аж. Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Янжиндулам III, IV хороололд явж байгаад халтирч унаад хөлөө гэмтээжээ. Эмч түүний хөлийг гипсдэж анхан шатны тусламж үзүүлсэн ч тэр өвчнийг нь намдаах илүү үр дүнтэй эмчилгээ хүсч агсамнана. Ингэхдээ “Та нар эрүүл мэндийн сайд юмуу, эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч гэмтээд ирвэл ингэж хүлээж авахгүй. Ядуу ард түмнээ алагчилж байна. ёо ёо миний хөл гишгэж болохгүй байна” гэж орилно. Харин эмч түүнд тайвшрахыг санал болгоход “Та нар намайг тохуурхаж, доромжилж байна” гэсээр гарч одов. Түүнээс өөр нэг эмэгтэй орцоороо дөнгөж гараад л халтирч унажээ. Унаснаас болоод баруун гараа хугалсан байна.

Т.ОТГОНБОЛД: ХАЛТИРГААНААС БОЛЖ ЯАРАЛТАЙ МЭС ЗАСАЛД ОРОХ ТОХИОЛДОЛ ОЛОН ГАРЧ БАЙГАА

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын яаралтай тусламжийн тасгийн их эмч Т.Отгонболдын яриаг хүргэе. 
-Өвлийн улиралд халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл ихэсдэг. Арваннэгдүгээр сарын байдлаар зөвхөн халтирч унаад гэмтсэн иргэн хэр олон ирэв?
-Цас орсны дараа гэмтэгсдийн тоо эрс нэмэгдсэн. Ер нь анхны цас орсноос хойш ачаалал буурах биш байнга өсч байна. Өдөрт 500 орчим хүн яаралтай тусламжид хандаж байгаа юм. Үүний 70 гаруй хувьд нь халтирч унаад гэмтсэн тохиолдол бүртгэгддэг. Мөн автомашинд мөргүүлэх тохиолдол ч нэмэгдэж байна. Халтиргааны дараа орох зонхилох шалтгаан болж байгаа юм. 
-Гэмтсэн иргэдийн олонхи нь ямар оноштой буцаж байна вэ?
-Халтирснаас болж гэмтсэн иргэдийн дийлэнх нь ахмад настан. Өөрөөр хэлбэл, 60-аас дээш насныхан гэсэн үг. Тэдний яс маш их шохойжиж, сийрэгжсэн байдаг. Тэр утгаараа халтирч унасан л бол хөл, гар, хавирга хугарах тохиолдол энүүхэнд. Залуучуудын хувьд тархи доргих, зөөлөн эдийн гэмтэл авах гэх мэт оноштой. Ер нь бол халтиргаанаас болж яаралтай мэс засалд орох тохиолдол олон гарч байгаа. Тийм учраас болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа шөнө, оройн цагаар гэр хорооллын гудамж талбай, орон сууцны хороолол дундах зам дээр халтирч унах тохиолдол их байгаа юм. Нийтийн эзэмшил болон албан байгууллагууд хариуцсан зам талбайгаа харьцангуй цэвэрлэдэг болсон. Гэтэл өнөөх гэр хорооллын гудамж, орон сууцны хороолол дунд бий болсон мөсийг хэн ч цэвэрлэдэггүй. Эзэн биегүй гэсэн үг. 
-Хүн гэмтсэн тохиолдолд хэдий хугацаанд бүрэн эдгэх бол?
-Наснаасаа хамаарад харилцан адилгүй өөр. Гэхдээ хамгийн багадаа 14 хонож байж бороолж, эдгэнэ. Зөөлөн эдийн гэмтэл л гэхэд 14 хонодог. Хөл, гарын хугарал, яс цуурсан гэх мэт тохиолдолд хоёр сараас дээш хугацаанд эдгэж, бороолдог. Дунд чөмгийн гэмтэл бол нэг жилээс нааш бүрэн эдгэрэхгүй. Энэ хугацаанд гам сайн барих хэрэгтэй. Үгүй бол эдгэрэх нь улам л удааширна гэсэн үг. 
-Яг одоо бол /12:30 цаг/ ачаалал бага байх шиг байна, хэдий үед нэмэгдэж байна вэ?
-Тийм ээ, өдрийн цагаар арай гайгүй. Гэхдээ л бусад эмнэлгийн хүлээн авахтай харьцуулахад манайх ачаалал хэд дахин илүү. 17:00-00:00 цагийн хооронд ачаалал эрс нэмэгдэнэ. Энэ үед ажил тардаг. Хөдөлгөөн ч харьцангуй их болдог учраас гэмтэж, бэртэх нь элбэг. Шөнө оройн цагаар согтуу хөлчүү хүмүүс их ирнэ. Согтуудаа унаж гэмтэх, эсвэл согтуугаар жолоо барьж яваад осол гаргах тохиолд их байгаа юм. Түүнчлэн өглөө 06:00-10:00 цагийн хооронд ачаалалтай ажилладаг. Хичээл сургууль, ажлын цаг эхэлнэ. Тэр утгаараа хөдөлгөөн бас нэмэгдэж байгаа юм. Хөдөлгөөн нэмэгдсэнээс халтирч унаад гэмтэх тохиолдол их гарна. 
-Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал?
-30-40 хувь нэмэгдсэн. Их байгаа биз. Ер нь жилийн жилд л нэмэгдэж байдаг. 
-Иргэддээ хандаж зөвлөмж өгөх үү?
-Шөнө, оройн цагаар болгоомжтой яваарай. Ахмад настан болон бага насны хүүхдүүд заавал асран хамгаалагчтай хөдөлгөөнд оролцвол сайн байна. Тэгэхгүй бол яг энэ насныхан дандаа асран хамгаалагчгүй явж таараад байгаа юм. Манай төвөөс бэртэл авч гипс тавиулсан иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна:
•Гэмтлийн эхэн үед мөч хавдаж хавагнах хүндрэл гарч болзошгүй тул та гараа сойж, эсвэл хөлийг 20-30 см орчим өндөрт байрлуулна.

•Гипс тавиулсны дараа та гар болон хөлийнхөө хуруунуудыг сайтар ажиглах хэрэгтэй. Хуруунууд хавдах, хөхрөх, чинэрч бадайрах, цайх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
•Эмчийн заавар дагасны дараа таны гар эсвэл хөлд үүссэн хаван бууж гипс сулардаг.
•Хаван гүйцэд буусны дараа битүү гипсэн бэхэлгээ тавигддаг.
•Гипсийг хугацаанаас нь өмнө дур мэдэн богиносгох, авахыг хориглоно.
Иргэн та гадуур явахдаа сонор сэрэмжтэй байж замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгууллага болон өөрийн хашаа байшингийн ойролцоох цас мөсийг цэвэрлэж иргэний үүргээ биелүүлэхийг ГССҮТөвийн эмч ажилчид уриалж байна.  

ГУДАМЖ, ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДАХЬ ЦАС МӨСИЙГ ХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ

Хамгийн сүүлд орсон цаснаас хойш өнөөдрийг хүртэл ТҮК-ийн ажилчид гудамж, талбайн цас мөсийг цэвэрлэсээр л байна. Цас орсны дараа хамгийн түрүүнд авто зам болон төв талбай, хотын төв гудамжийн цас мөсийг цэвэрлэдэг. Дараа нь “бусад” гэж хуваарилдаг шиг байгаа юм. Албан байгууллагууд хариуцсан 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж байна. Гэтэл орон сууцны хороолол болон гэр хорооллын гудамж үлдэж байгаа юм. Үүнийг цэвэрлэх эзэн байхгүй. Хариуцсан хүн ч алга. Уг нь бол гэр хорооллын гудамж талбайн цэвэрлэгээг тухайн хороо нь хариуцах ёстой. Хороо нь гудамж хариуцсан хэсгийн ахлагч нарт үүрэг өгч, тэр нь тухайн хэсэг, гудамжныхаа иргэдийг уриалж цас мөсөө цэвэрлэх үүрэгтэй. Харамсалтай нь, нийслэлийн хороодын төрийн албан хаагч нар бүртгэл хийх, тодорхойлолт бичихээс өөр ажил бараг хийдэггүй. Хэсгийн ахлагчийн ажил ч адилхан. Айлд орж аяга цай ууж, ам бүл, эд хөрөнгийн бүртгэл хийхээс цааш хэтэрдэггүй. Дээрээс нь гэр хорооллынхон гудамж талбайдаа бохир усаа асгах тохиолдол олон. Ялангуяа нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гудамжиндаа бохир усаа асгасан тохиолдол олон бий. Гэхдээ саарын хажуугаар сайн жишээ ч байна. Энэ нь тун цөөхөн. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг тухайн гудамж талбай ямар байх нь хорооны засаг дарга нэртэй төрийн албан хаагчаас шууд хамааралтай. Ажил хэрэгч, сэргэлэн даргатай хороо бол жилийн дөрвөн улирлын турш цэмцийгээд л байна. Ядаж л хэсгийн ахлагчдаа үүрэг өгч, хэсгийн ахлагч нь гудамжныхаа айлуудыг уриалж цас мөсөө тогтмол цэвэрлэдэг. Бид дараагийн дугаартаа яг ийм жишиг гудамж, хорооны талаар сурвалжлан хүргэх болно. Зөвхөн гэр хорооллынхон ийм залхуу байдаг уу гэвэл бас үгүй аж. Орон сууцныхан ч ялгаагүй. Орон сууцны хороолол дунд байгаа явган төдийгүй авто машины зам, талбайн цэвэрлэгээг Сууц өмчлөгчдийн холбооныхон хариуцах үүрэгтэй. 
Гэтэл хураамжаа авахдаа амь орж, бусад үед амьгүй мэт байдаг СӨХ нийслэлд олон. Нийслэлийн ихэнх орон сууцны хороолол мөсөндөө дарагдсан. Түүнийг нь хэн ч цэвэрлэхгүй. Унаж гэмтлээ гэхэд хариуцах эзэн байхгүй. Унасан хүний хохь болоод үлдэж байна. Хамгийн сүүлд цас орсноос хойш бараг нэг сарын хугацаа болж байгаа. Нийслэлийн гудамж талбай өнөөдрийг хүртэл бага багаар ч болтугай цас мөсөө цэвэрлэсээр л. ТҮК-ийн ажилчид боломжийнхоо хэрээр ажилласаар л байна. Харин орон сууцны хороолол дунд өнөөх сарын өмнөх цас мөс яг хэвээрээ. Бүр зарим газар илүү гялгар болсон харагдана. Үүнээс үүдэн иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. 

НЭГ УДАА ХАЛТИРЧ УНААД ГЭМТЭХЭД... 

Монгол Улсын иргэн бүрийн цалин харилцан адилгүй. Иргэн А Зурагтад гэртэй. Сард 700 мянган төгрөгийн цалинтай. Нэг сард ажлын 22 хоногтой гэж тооцдог. Тэгвэл иргэн А-гийн нэг өдрийн цалин 32 мянган төгрөг болж байгаа юм. Иргэн А нэг өглөө гэрээсээ гарахдаа, эсвэл орой гэртээ харихдаа халтирч унаад хөлөө хугалжээ. Түүний хөл бүрэн эдгэж, ажлаа хэвийн хийх хүртэл хамгийн багадаа нэг сарын хугацаа хэрэгтэй. Ингээд бодохоор иргэн А мөс цасыг нь цэвэрлээгүй гудамж, эсвэл орон сууцны хороололд халтирч унаад гэмтсэнийхээ төлөө нэг сарын цалингаа авч чадахгүй нь. Дээрээс нь хөлөө эдгээхийн тулд өдөр бүр эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хөлний хугаралын зураг авахуулах, автобус, таксинд мөнгө төлнө. Рентген зураг авахуулахад 35 мянган төгрөгийн үнэтэй. Автобусанд суух бол хамгийн багадаа өдөрт 1000 төгрөг төлнө. Харин таксидах бол багаар бодоход 3000 төгрөг. Хугарсан ясаа бороолуулахын тулд зөвхөн гипсдүүлээд байхгүй. Өдөр бүр эмчилгээ хийлгэж, эм уух хэрэг гарна. Ингээд бодохоор цас мөсөө цэвэрлэдэггүй орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжнаас болж ганцхан сарын дотор бараг нэг сая төгрөг иргэн А-гийн төсвөөс гарах нь. Энэ бол түүний тооцоолоогүй зардал. Нэг ёсондоо иргэдийн хариуцлагаас болж өөр нэг иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Магадгүй иргэн А халтирч унаснаас болоод группт ч шилжих боломжтой. Халтиргаанаас үүдэлтэй гэмтэл ийм аюултай. 
Эцэст нь дахин дурдахад, 2017 оны нэгдүгээр сарын байдлаар зөвхөн халтиргаанаас болж 70 мянга гаруй иргэн ямар нэгэн байдлаар гэмтжээ. Үүний 20-иод хувь нь групп тогтоолгох хүсэлт гаргасан байгаа юм. Энэ бол дайны хэмжээний гамшиг. 

 

Үндэсний шуудан сонин