Бэр гуйх ёс
2018/01/10
Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь /гол нь аав/ оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх /бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ/ боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарах болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй.
Ямар хүнээр бэр гуйлгавал зохилтой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдхүүн:
Бэр гуйгч нь удам судар сайтай /ядаж гэмээ нь гар сайтай/ нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дах шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй байх нь чухал. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирохгүй жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.
Бэр гуйгчийн намба төрх, үг хэллэг
Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан /өвөртөлсөн ч болно/ хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгөөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөөрөөний эхийг зөв гарган бэлэг дэмбрэлгүй яриа /өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м/ өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт /шал, дэвсгэр дээр/ хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.
Бэр гуйгчийн мэдвэл зохих зүйл
Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар алба хашиж байгаа /охиныхыг нэгэн адил/ мэнгэ, жил, махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.
Бэр гуйх хугацаа
Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно.
Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал.
Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.
Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл
Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судлаж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.
Бэр гуйх хүмүүсийн авч явах идээ ундаа
Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи , бяслаг, ааруул авч очдог байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж янз бүрийн ястан үндэстэн холилдон амьдрах болсноос шалтгаалан хот аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд:
• Дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай)
• Ёотон (урт гонзгой хйрцагтай)
• Архи (Болор юмуу ерөөл ханилан суух хүмүүсийн амьдрал болор шиг тунгалаг байх ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой).
Архи идээгээ байрлуулж, хадаг барихдаа юуг анхаарах ёстой вэ?
Хадгийг эхлээд эцэгт (эцэг байхгүй бол төлөөлөх хүнд) дараа нь эхэд барьдаг. Хадгийг барихдаа доороос нь очиж өгөх ба сайн өнгийг гадагш, задгай амыг барьж байгаа хүнрүүгээ харуулж өгнө. Өвөө, эмээ, өндөр настан байвал хадаг барихад буруугүй. Энэ үйлдэл нь охины эцэг эх гуйлтыг зөвшөөрсөн тохиолдолд үргэлжилнэ. Гурав дахь хадаг (8 тахилтай юмуу бурхантай )-ийг бурханд тавихдаа малгайгаа авч мөргөж хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь ширээн дээр нь буй цөцгийн болон айрагны тосноос багаханыг авч цай, сахарын 4 өнцөг, архины бөглөөнд түрхэж гэрийн хойморт бурхан тахилын ойролцоо байрлуулна.Төгсгөлд нь авч очсон сүүнээсээ аягалж тэнд буй хүмүүст (аав ээжээс нь эхэлж) амсуулснаар бэр гуйх ёслолын эхний үе дуусна.
Бэр гуйхаар очсон хүмүүс идээ архиа яаж байрлуулах ёстой вэ?
Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх Бэрийн идээ архийг гэрт болон өрөө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсгийг ил харагдахаар байрлуулна.
Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч бэлэг сэлт идээ ундаатай яаж харьцах ёстой вэ?
Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна.Тэхдээ малгайтай, энгэр замаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд галын бурхандаа өргөсний дараа зооглож хүртдэг.
Ламжав · 2022/05/15
Бэр гуйх ёсны талаар анхны мэдэгдэхүүн болохуйц зөвлөмж бичсэнд талархаж байна..