2017 он нь дулаанаараа түүхэнд дээрээсээ хоёрдугаарт буюу 2016 оны араас бичигдсэн тухай АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинжлэн судлах төв буюу НАСА агентлаг мэдэгджээ. 1880 оноос дэлхийн цаг агаарын байдлыг судлан бүртгэж эхэлсэн юм.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, НАСА болон АНУ-ын Далай ба агаар мандал судлалын газрын 2017 оны дэлхийн цаг агаарын талаарх мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнийхээ дүнг пүрэв гарагт буюу өчигдөр танилцуулсан байна.

2017 он нь 1980 оныг хүртэлх 30 жилийн дундаж температураас Цельсийн 0.9 градусаар дулаан жил болж өнгөрсөн гэнэ. Мөн өнгөрсөн он нь “Эль Нино" буюу далай-агаар мандлыг хамарсан цаг уурын хүчтэй үзэгдэл ажиглагдаагүй жилүүд дотроос  “хамгийн дулаан жил”-ээр тодорчээ.

НАСА болон бусад холбогдох байгууллагын эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар, хүн төрөлхтөн хүлэмжийн хийг хэт ихээр ялгаруулж байгаа нь дэлхийн дулааралд нөлөөлж буй гол хүчин зүйл юм. 

АНУ-ын Ерөнхиийлөгч Дональд Трамп өнгөрсөн зун улсаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрээс гаргасан билээ Тэрбээр “Дэлхийн дулаарал гэдэг бол зохиомол сэдэв” гэж 2016 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нэг бус удаа мэдэгдэж байв.

Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрс дулаарч, янз бүрийн байгалийн гамшгууд, тухайлбал хар салхи ар араасаа болсоор байгаагаас Д.Трамп “Дэлхийн дулаарал бол зохиомол сэдэв биш” гэдгийг ойлгож, Парисын хэлэлцээрт эргэн нэгдэнэ гэдэгт мэргэжилтнүүд найдаж байна.

Парисын хэлэлцээрийн зорилго нь хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж, дэлхийн дундаж температурын өсөлтийг Цельсийн 2 градусаас доош хэмжээнд барих замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оршино. Энэ хэлэлцээрт нэгдээгүй байсан хоёрхон улс, тодруулбал Сири болон Никарагуа гэсэн хоёр улс өнгөрсөн онд хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Ингэснээр АНУ л энэ хэлэлцээрийг эсэргүүцэж буй цорын ганц улс болж үлдээд байна.

 

 

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг