Эмнэлгийн барилгад “дэлбэрэлт” болсныг эх сурвалжууд баталлаа
2014/01/08
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг саяхныг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Харин жилийн өмнөөс тус эмнэлэгийн өргөлтгөлийн барилгыг зориулалтын бусаар ашиглахаар болсон билээ. Тиймээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг та бидний нэрлэж заншснаар “цэргийн коспиталь”-тай нэгтгэж Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/ болгосон. Ингэж эмнэлэгүүдийг нэгтгэхдээ Монгол улсын хамгийн өндөр хүчин чадал бүхий MRI болон CTI аппаратыг эзэнгүйдүүлсэн юм. Тэдгээр аппаратыг өнгөрсөн хугацаанд ашиглалтад оруулж, хэвийн ажиллагаатай болгож, хянах ажлыг тус эмнэлэгт нийлүүлсэн “Пролианс” ХХК хариуцан ажиллаж байжээ.
Тэгвэл өчигдөр тус төхөөрөмж дэлбэрч, утаа их хэмжээгээр гарч энэ үеэр цагдаа нар хамгаалалтад гарсан гэдгийг эх сурвалж манайд мэдээлсэн юм. Мэдээллийн дагуу бид тодруулахаар хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, одоогийн БХХСАХНЭ-ийн салбарт очсон юм.
Биднийг очиход тус эмнэлэгийн ажилтан албан хаагчид хуралдаж байсан бөгөөд мэдээлэл өгөх хүн байсангүй. Улмаар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Т.Алтантуяагаас цөөн зүйл тодрууллаа.
- Өчигдөр орой болсон явдлын талаар та ярьж өгнө үү?
- Өчигдөр орой бие засах гээд 00 орсон чинь нэг их ногоон гэрэл гараад, дуу чимээтэй байсан. Тэгээд ойр орчимд нь хууль сахиулагчид их байсан. Тэд ойр орчмыг хамгаалж байсан. Удалгүй их хэмжээний утаа гарсан.
- Өвчтнүүдээс өөр үүнийг харсан хүн байгаа юу?
- Өвчтнүүдээс харсан хүн байгаа. Дэлбэрэлт болсон гэж байсан. Өчнөөн олон хүн санаа зовоод шөнөжин амарч чадаагүй. Өчнөөн олон хүн даралт нь ихэссэн. Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалагүй, шөнөдөө засварын ажил хийж байгаагаас болж байгаа юм. Шөнө бүр унтуулахгүй байнга ажилладаг.
- Эмнэлэгийнхэн энэ талаар хэн нь ч мэдээлэл өгөхгүй , нууцлаад байна?
- Мөрдөс зүүсэн хүмүүс болохоор аргагүй байхаа. Дээрээсээ угаасаа мэдээлэл битгий өгөөрэй гэсэн юм шиг байна лээ.
Ийнхүү ярилцаж байхад тус эмнэлэгийн эмч, ажилтнууд цуглан сэтгүүлчдийг гарахыг шаардсан юм. Харин тус эмнэлэгийн чанарын менежер Р.Оюунчимэгтэй уулзсан юм. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа камер, диктафоноо унтраахыг шаардсан. “Би ярилцлага өгөхгүй.” хэмээн сэтгүүлчдийг зандарч байсан ч мэдээлэл өгсөн юм. БХХСАХНЭ-ийн чанарын менежер Р.Оюунчимэг: Та нартай л адилхан би болсон явдлын талаар ямар ч мэдээлэлгүй байна. Тэр 4 тэрбум төгрөгийн үнэтэй аппарат манай эмнэлэгийнх биш. Манайтай ямар ч холбоогүй болохоор энэ талаар мэдэхгүй байна. Тэр алдагдсан гээд байгаа гели гээд байгаа бодисын талаар би юу ч мэдэхгүй. Хор хөнөөлтэй эсэхийг нь мэдэхгүй. Бид нар өөрсдөө ч энэ барилга руу /Эмнэлэгийн өргөтгөлийн барилгыг хэлэв/ орж чаддаггүй ш дээ. Дотоодын цэргийн 805-р ангийн албан хаагчид байнга хамгаалдаг юм. Ерөөсөө энэ талаар огт мэдээлэлгүй байна” хэмээн хэлсэн юм.
Дэлбэрэлт болсон гэдгийг тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтнүүд баталж байлаа. Тиймээс үнэхээр дэлбэрэлт болсон эсэх талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад манайд тийм дуудлага ирээгүй гэсэн юм. ЦЕГ-аас энэхүү хэрэгтэй холбоотой ямар дуудлага ирсэн талаар лавлахад барилгын хавтан цахилгааны утсан дээр унасан талаар мэдээлсэн юм.
“Пролианс” ХХК нь оношлгооны хоёр аппаратыг манай улсад оруулж ирсэн бөгөөд тэрхүү төхөөрөмж нь Монгол улсад байгаа хамгийн өндөр хүчин чадал бүхий аппарат аж. Уг аппаратуудыг өнгөрсөн хугацаанд ашиглаагүй ч хэвийн ажилуулж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү барилгын жинхэнэ эзэн тодрох хүртэл уг аппаратыг арчилж байсан бөгөөд энэ ажлынхаа хүрээнд 4 тэрбум төгрөгийн үнэтэй гэгдээд байгаа аппаратуудыг эргэж, хэвийн ажиллагааг хангаж байсан байна.
Тиймээс дэлбэрэлт болсон эсэх талаар өнгөрсөн хугацаанд оношлгооны MRI болон CTI аппаратыг арчилж, хэвийн ажлуулж байсан “Пролианс” ХХК-ийн захирал Б.Түмэнцогтоос тодруулга авснаа хүргэж байна.
- Та төхөөрөмж болон гели алдагдсан талаар тайлбарлаж өгөхгүй юу?
- Манай байгууллага жил гаруйн өмнө 3.2 тэрбум төгрөгийг өртөг бүхий төхөөрөмжийг гэрээний дагуу нийлүүлсэн, суурилуулсан. Ингээд хүлээлгэж өгөхөд бэлэн болоход Хууль зүйн сайдын шийдвэр гарч Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийг татан булгаж, Хууль зүйн яамны эмнэлэгтэй нийлүүлсэн. Бидний нийлүүлсэн төхөөрөмжийг шинэ эмнэлэг рүү нүүлгэ, тэр үед нь бид гүйцэтгэж өгөөрэй гэсэн яриа гарсан. Тухайн үед нь бид олон янзаар тайбарлаж байсан боловч төрийн шийдэл нэг гарчихсан болохоор эргэдэггүй юм билээ. Гэхдээ бид нүүлгэж өгье, харин туслалцаа үзүүлээрэй гэж тохирсон.
Нөгөө талаас бид тоног төхөөрөмж нийлүүлснэ нь үнэн боловч өнөөдрийг хүртэл эзэн нь хэн бэ гэдэг нь тогтоогдоогүй байна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг татан буугдчихсан. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах болон хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгийнх нь барилга ашиглалтад ороогүй. Тэгээд хүлээж аваагүй болохоор манай өмч биш гээд халгаадаггүй. Өмчийн эзэн нь хэн бэ гэж Төрийн өмчийн хороонд хандаж хүлээлгэж өгөх гэхээр баланс балансдаа шилжүүлсэн бөгөөд шинэ эмнэлэгийн өмч, эмнэлэг ашиглалтад орохоор хүлээлгэж өгөөрэй гэдэг. Хамгийн сүүлийн үеийн энэ тоног төхөөрөмж эзэнгүйдчихээд байгаа. Бид нар мөнгөө хүлээн авсан. CTI бол 126 зүсэлттэй, хүнд үзүүлэх хор нөлөө бага, MRI бол хавдар, мэдрэл, зөөлөн эдийн гэмтлийг маш сайн оношилдог. Ийм төхөөрөмж оруулж ирчихээд байхад өнгөрсөн хугацаанд ашиглаагүй. Өнгөрсөн хугацаанд бид инженерээ явуулж тоног төхөөрөмжиндөө хяналт тавиулдаг байсан. Энэ хугацаанд хэд хэдэн удаа ноцтой асуудал гарсан байгаа. Тухайлбал цахилгааныг нь тасалчихдаг. MRI их хүчтэй соронз байгаа. Тэр нь тогтмол халдаг болохоор хөргөхийн тулд шингэн гели хэрэглэж, түүнийг тогтмол эргэлдүүлж байдаг. Ингэж эргэлдүүлж байгаа шингэн гели 60 хувиас доошоо буурвал төхөрөөмж аюултай болж, автоматаар гелиэ цацчихдаг юм. Анх ашиглахад бэлэн болоход хувийн гелитэй байсан. Өөрөөр хэлбэл гелиг нь тогтмол байлгахын тулд 24 цагын турш ажиллуулж байх ёстой юм. Тэгтэл бидэнд мэдэгдэлдгүйгээр гурваас дөрвөн удаа цахилгаан тасарсны улмаас гели нь багассаар байсан. Ингэж багассаар сая 9-р сард 56 хувь хүртэл багассан. Ийм байхад ажиллах ямар ч бололцоогүй. Ийм үед нэг бол шингэн гели нэмэх эсвэл бүх шингэн гелиг гадагшуулах ёстой байдаг. Тэгээд хадгалалтын журамд оруулах ёстой байдаг. Тэгээд шингэн гелигээ нэмэхээр болсон. Шингэн гели нь өндөр даралттай -260 гаруй градуст хадгалагддаг болохоор аюултай бараа гээд экспорт болон тээврийн нөхцөл асар хүнд байдаг. Цаг хугацаа шаарддаг. Ингээд бэлтгэл хийж байхдаа өнгөрсөн баасан гарагт төхөөрөмжийг эргэсэн. Тэгэхэд төхөөрөмж хэвийн ажиллаж байсан. Улмаар өчигдөр 11 цагт манай инженерийг эргэхэд гелийн даралт ихэсэж, хэмжээ нь багассан байсан. Тэгээд нэг цагийн дотор шалтгааныг нь тодруулахад гадна байдаг төхөөрөмжийн дээр долоон давхараас гадна пасадыг нааж байсан чулуун хавтан унасан. Тухайн унасан хавтан нь хөргөлтийн систем, цахилгаан шугамыг тас цохьсон байсан. Үүнээс бол шингэнээ алдаад, компрессор ажиллахаа больсон. Өөрөөр хэлбэл шингэнээ алдана гэдэг нь шингэн гели нь агаарт ууссан байгаа юм. /Гели нь байгаль дээр хий хэлбэртэйгээр байдаг. Түүнийг өндөр даралт, асар хүйтэн градусаар барьдаг болохоор шингэн байдаг. Хэрвээ уг шингэн алдагдбал агаар хий хэлбэрээр тархдаг. Хүний биед хоргүй бөгөөд асар хүйтэн хий./ Ингээд хий болоод ирэхээрээ даралт нэмэгдэж, тэр нь зориулалтын хоолойгоор автоматаар гадагшилдэг юм. Гели нь хүний биед хоргүй бөгөөд асар хүйтэн хий болохоор гадагшлуулах үед нь л хүмүүсийг ойрхон байлгадаггүй. Харин өөрөө даралт нь ихэссэн тохиолдолд дараа нь буудахаас эхлээд олон сөрөг тал гардаг. Тиймээс гар аргаар удирдахад дараа нь эрсдэл харьцангуй бага байдаг. Мэдээж олон янзын зардал гарах ч сэргээх боломжтой. Бид өчигдөр гар аргаар ажиллассан ингэхдээ Батлан хамгаалах яамны эмнэлэг, Хууль зүйн яамд мэдэгдсэн ч хүмүүс ирээгүй. Үйлдвэрлэгчидтэйгээ ярилцаад нэгэнт компрессор нь ажиллахгүй байгаа болохоор гар аргаар хийг нь гадагшлуулахаар болсон. Ингээд дотоодын цэргийн ангийн хамгаалалтан доор хийг гадагшлууж, төхөөрөмжийг бүрэн зогсоосон. Одоо төхөөрөмжийг хадгалалтын горимд шилжүүлсэн байгаа. Одоо төхөөрөмж ажиллахгүй ч агааржуулалтын системийг тасалж болохгүй, өөрөөр хэлбэл цахилгааныг нь л тасалж болохгүй.
- Хүчний байгууллага ажилласан гэсэн. Энэ талаар тодруулбал
- Мөрдөн байцаах албанаас ажилласан. Хэний буруугаас болсон гэдгийг тогтоох байх. Бидний хувьд ажиллагаанд оруулах гэж үзсэн, улмаар гар аргаар буудуулсан.
- Буудуулсан гээд байгааг нь дэлбэрсэн гэж ойлгож болох уу?
- Бид 21 цагийн орчимд гар удирдлагатайгаар хийг гадагшлуулахад даралттай байгаа. Тэр нь буудаж, дэлбэрч байгаа юм шиг дуу гардаг юм. Хамгаалалт гаргасан болохоор ойр хавьд хүн байгаагүй. Таван минутын дотор уусаад алга болсон.
- Уг төхөөрөмжийг хэвийн ажилуулахад хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй вэ?
- Шингэн гелиг нэмж хийхэд 300 сая төгрөг шаардлагатай. Үүн дээр хөргөлтийн системийг засварлана.
Хэрэг байдал нэгэнт ийм дээрээ тулсан тул өнөөдрийн байдлаар хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Уг нь манай улсад байгаа хамгийн сүүлийн үеийн, хүчин чадал бүхий энэхүү тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулж, хүн ардынхаа эрүүл мэндийг эртнээс сахин хамгаалах шаардлагатай байгааг Х.Тэмүүжин, Д.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар анхаарах шаардлага байгааг энэхүү сурвалжлагаараа дуулгаж байна.
Хэрвээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн өргөтгөлийн барилгыг зориулалтаар ашиглах байсан бол өнгөрсөн жил ашиглалтад орж, өнөөдөр эвдэрсэн, “дэлбэрсэн” гээд байгаа тоног төхөөрөмж хэвийн ажиллах байсан юм.
Тиймээс байр сав булаацалдахаа эн тэргүүнд бус бүх нийтийн эрүүл мэнд, тоног төхөөрөмжийг бодох цаг болсон гэдгийг анхааруулж байна.
Зочин · 2014/01/10
yu ch helhev dee ene temuujind mongolchuudiin eruul mend ene hynd yu ch bish yum bna daa