Монголын урлагийг Д.Жамсранжав, Б.Нармандах наргүйгээр төсөөлөхөд бэрх. Бүх л амьдралаа урлагийн алтан тайзан дээр ард олныхоо алга ташилтан дунд өнгөрүүлсэн тэдний амьдралд сайнтай муутай өдрүүд цөөнгүй.

Насны хувьд 20 насны зөрүүтэй тэднийг нэг гэрийн хоёр гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тухайн үедээ нилээдгүй хүмүүсийн хэл ам таталж байсан ч тэдний хайр сэтгэл энэ бүхнийг даван гарч хэдийн 16 жилийг хамтдаа ханилан өнгөрүүлжээ. Хэдий Д.Жамсранжав гуай амьд сэрүүн биш хэдий ч түүний гэргий Б.Нармандах одоог хүртэл эр нөхрөө дурсан санана. Тэрээр Д.Жамсранжав гуайг Жаамаа хэмээн дууддаг байсан бөгөөд Жаамаадаа "Нулимсанд ургасан хайр" дуугаа зориулсан нь олон ч хүний сэтгэлд гуниг хуруулж, нэгийг бодогдуулсан дууны нэг болж дээ.

Харин тэдний хүү Ж.Батдөл өдгөө 21 настай том залуу болжээ. Тэрээр "The Voice Mongolia" шоуны өчигдрийн дугаарт оролцож аав ээжээс өвлөгдөн авсан авъяас чадвараараа шүүгчдийг гайхшруулж чадсан юм. 

Б.Нармандах "Нулимсанд ургасан хайр"

Б.Нармандах 2009 онд өгсөн нэгэн ярилцлагандаа тухайн үед хичнээн хүнд хэцүү байсан ч энэ бүхнийг бие биенээ гэсэн хайрынхаа хүчээр хэрхэн даван туулснаа ийнхүү дурсан ярьжээ: 

"Сургуулиа төгссөнийхөө дараа Жаамаатай суух болоод ёс суртахууны доголдолтойгоороо цоллуулж , театр руу орох эрхгүй болчихсон байсан үе. Тухайн үед дуулдаг байсан учраас “Баян Монгол” чуулгад дуучнаар ажилласан. Филармонид нэг  жил дуулсан. Уг нь төгсөөд театрт хуваарилагдсан ч театрын хаалга миний өмнө хаагдсан учраас тухайн үед өөр арга надад байгаагүй. Х.Төмөрбаатар гавъяат, дуучин Баяраа, дуучин Оюунчимэг, дуучин Нандинцэцэг зэрэг алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байснаа азтайд тооцдог юм. “Айлын гэр бүл үймүүллээ” гэж бүх хүн ад шоо үзэж байсан тэр үед намайг Филармонидоо авсан Д.Ухнаа даргад би үргэлж баярлаж явдаг. Тэр үед би хаашаа ч явахад бэлэн байсан шүү. Театр руу оруулалгүй өнгөрөх ч юу ч биш, гэр бүлийн талаар асуудал гаргасан хүмүүсийг хөдөө хөөдөг байсан цаг шүү дээ. Намчирхах үзэл гаарчихсан тэр үед 20 насны зөрүүтэй Жаамаа бид хоёрын хайр маш том асуудал үүсгэж байлаа даа. Хэцүү байсан уу гэвэл үнэхээр хэцүү байсан. Гэхдээ ачааны хүндийг миний хань л үүрсэн. Би зөвхөн ширвэлтийг нь амссан. Талийгаачийн маань эхнэр дарга нар дээр орж “Арга хэмжээ авч өг” гэж хэл ам хийсний буянаар би театрт орох эрхгүй болж, манай хүн хурлаар орж, цалингаа хасуулж хайр сэтгэлийнхээ горыг амсч байлаа. Омголон залуу байж, шартай ч байж. Хорих тусам хүний сэтгэл улам гаарч дэврээд байдаг юм билээ. Хориглох тусам хайр сэтгэлийнхээ төлөө тэмцсэн. Эсэргүүцэж байсан хүмүүс бид хоёрыг улам  хурцалсан байх. Миний амьдралд нууц юм хэзээ ч байгаагүй. Хайрласан хайр нь, алдаа оноо нь бүгд ил байсан. Далдуур нууц амьдралтай, явдалтай хүмүүс бид хоёрын хайр сэтгэлийг доромжилж басамжилж байсан болохоор “Эд нар болоод байхад би яагаад болохгүй гэж, яагаад?” гээд зүтгээд байсан хүн шүү дээ. Бид хоёрыг буруутгахын хажуугаар дэмждэг хүмүүс байгаагүй биш байсан. Одоо нэрийг нь хэлээд яахав. “Нармандах аа, миний дүү хайр сэтгэлийнхээ төлөө тууштай яваарай. Битгий шантар. Бидний давж гарч чадаагүйг заавал давж гардаг юм шүү” гэж зоригжуулдаг хүмүүсийн урманд тэр хүнд үеийг давсан даа"...

Эх сурвалж: www.Seen.mn