Аргадалт ба уучлалт
2018/02/25
Хүмүүний амьдралын явцад хамгийн их бидэнтэй тохиолддог харилцааны алдаанаас угшилтай, сэтгэл эмзэглүүлсэн асуудлыг ГОМДОЛ гэх бөгөөд бусдад гомдож үзээгүй хүн гэж лавтай байхгүй л дээ. *Хамгийн дотно, хамгийн итгэдэг хүндээ л ГОМДДОГ* гэж бичсэнтэй зөндөө л тааралдлаа. Бодоод байхад энэ үнэн юмаа. Эхнэр нөхөртөө, элгэн садандаа, үеэл хаялдаа, үерхдэг найз нөхдөдөө гээд хүнд ямар л дотно хүн байна, түүндээ гомдох шалтаг шалтгаан өдөр тутам биш юм гэхэд үе үесхэн гараад л ирдэг. За бүр том ярилаа гэхэд сүүлийн жилүүдэд бол ТӨР ЗАСАГТАА гомдох гомдол цөхрөл хүртэл гардаг болж байна шт...
Хүүхэд байхдаа өөрийн эрх танхил араншингаасаа болоод ээж аавдаа юм л бол нэг л их гомддог хүүхэд байлаа. Тэгээд ээж аав дээрээ гүйж очоод ЧИГЧИЙ ХУРУУГААРАА тэднийхээ чигчий хуруутай гогцоодож ирээд *Чик чик чик чамтай би муудцөөн* гээд гүйгээд явчихна аа...За ингээд гүрийж гарна. *Хоолоо ид* гээд тэднийг дуудахад очихгүй, гадаа тоглож байвал бүүр зугатаагаад хайлгаж кайф авна, хошуугаа унжуулж хөмсгөө зангидан *хүнд* царайлна, ер нь л аргадахаас нааш нүүр өгөхгүй дээ. Хэрвээ миний буруу байвал ээж төдийлөн аргадаж сүйд болохгүй, зөнгөөр нь л хараад байна. Аав л тэсэхгүй, над дээр ирээд ЭРХИЙ ХУРУУГАА гаргаад *За, хоёулаа САЙНДЧИХЬЯ л даа, тэгэх үү?* гэж ирээд үнсэж аргадна, гоё юм авч өгнө. Энийг нь хүлээж байсан би гэдэг хүн чинь инээд алдаад л эрхий хуруугаа гаргаад *Чик чик чик САЙНДЛАА* гээд бас түүний эрхийтэй нь гогцооруулаад тэгээд л асуудал ДУУСАА...
Намайг арай л удаан аргадуулаад, зөрүүдлээд маяглах үед ижий минь *За ингээд хүн аргадаад байхад маяглаад байвал чинь харин өөрөөр ярина шүү.Хүн буруугаа хүлээгээд уучлалт гуйгаад байхад чинь хүлээж авахгүй маяглаад байвал дахиж аргадах хүн олдохгүй шүү. Ер нь ижий ааваас чинь өөр чамайг аргадаж, эрхлүүлж байдаг хүн гэж хаана байдаг юм? Тэгээд ч зөөлөн сэтгэлтэй, ухаалаг хүн л хүнийг УУЧИЛДАГ. Хатуу сэтгэлтэй чулуу шиг муу хүн бол ингээд зөрүүдлээд илжиг царайлаад байдаг юм шүү* гэчихтэй зэрэг би ч *илжиг* биш ухаантай мундаг хүн болох гээд инээд алдаад эвлэрдэг байв даа.
Харин би ээж аавыгаа гомдоосон бол тэднийгээ аргадах гэж бас хөөрхөн юм сийлнэ ээ.Аавыгаа гомдоосон бол түүнийг хаана л сууна, тэнд нь бараадасхийгээд налж зогсоно, тэгэхээр аав босоод явчихна, би араас нь салалгүй дагаад л налаад явна. Ингээд нүүр өгөхгүй бол гутлыг нь арчина, тамхийг нь маш хурдан ийш тийш очсон газар болгонд нь зөөнө, цай зөөж өгнө. Ингээд өдөр өнгөрчихвөл оройхон тийшээ *Аав? Та намайг өвөртөлж унтмааргүй л байна уу?* гэж хамгийн *эмзэг* сэдвээр нь асуудлыг хөндөж тавина. Учир нь би ээжтэйгээ юмуу ганцаараа л унтах дуртай хүүхэд байсан болохоор аавыг *хамт унтья* гэсэн гуйлтийг нь зөвшөөрдөггүй *хажиг нөхөр* байсан шиг байгаам. Тэгэхээр ийм хүсэлтийг өөрөө тавьж байнаа гэдэг чинь нилээн *БУУЖ ИРСЭН* хүний санал байгаа биз дээ??? Аминдаа хамгийн супер АРГАДАЛТ нь тэр байлаа гэж...хихихи
Манай охин багадаа эмээ өвөөгөө гомдоолоо гэж мэдсэн даруйдаа хөөрхөн гэгч нь аргалдаг аргатай хүүхэд байв. *Эмээ? Өвөө? гэж цоглог нь аргагүй дэргэд нь очоод *Би түрүүн тэгээгүй шүү.ТА МАРТЧИХ Л ДАА, МАРТЧИХ, тэгэх үү?* гээд л шалаад суучихна. Нөгөө хоёр нь ч *За за, хүн МАРТЧИХ гээд гуйгаад байхад нь яаж мартахгүй байх вэ? МАРТЛАА, МАРТЛАА, Чи түрүүн тэгээгүй гэж ТООЦЬЁ* гэлцэж байгаа харагддагсан...
Ингээд бодохоор хүүхэд насны хөгжилтэй, зугаатай адал явдлууд нүдний өмнүүр кино шиг жирэлзээд л өнгөрөх юм. Айл болгонд, хүн бүрт л бага насны элдэв будлиантай, хоржоонтой түүхүүд дүүрэн л байж таараа. Та бүхэн ч бас аргадуулж, тунирхаж явсан л байлгүй.
Насанд хүрсэн хойноо бол хажуу дахь хань нөхөр нь л аргадаж таална уу гэхээс бусад хүмүүс бол ёстой жинхэнээсээ *Чик чик чигчий хуруу гаргадаг* гэдгийг ханатлаа амсдаг нь амьдралын жам юмдаа. Энэ л үед *Ижий ааваас чинь өөр хэн чамайг аргадаж суудаг юм?* гэсэн хатуу ч гэсэн туйлын үнэн сургааль нь сэтгэлд минь сэрдхийтэл орж ирдэг юм билээ.Гэхдээ л миний бодлоор манай монголчууд яагаад ч юм хэн нэгнийгээ гомдоосон бол барагтай л бол *УУЧЛАЛТ ГУЙНА, бас АРГАДНА* гэдгийг *мэддэггүй* юм шиг санагддаг. Ингэж нэг нэгэндээ хатуу ширүүн хандаж, сэтгэл гутрал *бэлэглэчихээд* юман чинээ тоодоггүй учраас үйлийн үрээрээ эргэж тойроод нөгөө нэг өдөр өөрөө бас бусдад гомдоод тэрийгээ тайлах арга чаргагүйдээд уйлаад суудаг ч юм шиг? Сэтгэл доторхоо бусдадаа тэр болгон цэлийтэл нээдэггүй болохоор бусад нь ч бас хажуудахаа элэг зүрх дотор нь ямархан *дайн байлдаан өрнөөд* байгааг мэддэг ч үгүй, мэдсэн ч тоодоггүй явсаар сэтгэлийн эрхтэн хэмээх ЭЛЭГ гэдэг эрхтнээ хамгийн ихээр өвчлүүлдэг ард түмнээр тодроод ч байгаа юм билүү? Ядаж байхад нэг нэгнийхээ хэлсэн ярьсан зовлон гунигийг хаалга давангуут ТҮМЭНД ЗАРЛАДАГ хачин муухай заншилтай болохоор ингэхээс сэргийлээд бас хэлэхээсээ цааргалаад дотроо л БЭТГЭРДЭГ байх гэж би боддог. Байтугай хоёулхнаа сэтгэл доторхоо уудлаад ярьж байх тэр цаг мөчид хэн нэгэн орж ирээд *Та хоёр юу хийж байна?* гэх төдийд л нөгөө нэг сонсч суусан этгээд чинь шууд *Хөөрхий амьтан, ЭНЭ ИНГЭЖ ГЭНЭЭ* гээд шууд л ямар ч хаалт боолтгүй шулуухан зарлаад унадаг нь арай л дэндүү. Уул нь хүний амьдралын нарийн нууцыг нь сонсоод сууж байгаа юм байгаан шт. Гэтэл босго ч давалгүй тэгж зарлаж байгаа хүн, босго давах нь бүү хэл хаалгаар гараад явбал хавийн амьтанд ил цагаан түгээх нь нэгэн бодлын аймшигтай, нөгөө бодлын гунигтай. Ялангуяа найз нөхдийн хүрээний дунд бол ХУВИЙН НУУЦ нтр гэсэн нэр томьёо даанч байхгүй. Өвчин зовлон, өр шир, эхнэр нөхөртэйгөө таарамжгүй байдал, ах дүүгийн ааш араншингаас авахуулаад *хэн нэгэнд хэлчихвэл сэтгэл нь уужирчих* гээд байгаа тэр нэг сэтгэлийн оёгийг нь гадаадад бол *СЭТГЭЛЗҮЙЧ* гэдэг хүн СОНСЧ СУУСНЫХАА ТӨЛӨӨ МӨНГӨ АВДАГ бололтой. Гэтэл манайд энэ бол төдийлөн моданд ороогүй учраас үсрээд л найз нөхдөдөө ярина. Дараа нь ярьснаасаа эс проблема дагуулна. Байтугай сүүлдээ ӨШ ХОНЗОН болдог.
Ямар ч учир шалтгаанаас болж нэг нэгэнтэйгээ муудаж, хэрэлдэж, зодолдсон ч бай заавал ЭВЛЭРЭХ ЗАЙ үлдээх хэрэгтэй шт. Хэрэлдэж муудалцахдаа ч гэсэн хэзээ ч МАРТАШГҮЙ МУУ ҮГ бүү хэлж бай. Хэдийгээр дараа нь эвлэрч сайдсан ч гэсэн яаж ийгээд *нөгөө муу үг* чинь санааны мухарт хадаатай хоцорвол яана? *Салахын аргагүй сайн нөхөртөө мартахын аргагүй муу үг л битгий хэлж байгаарай* гэж аав ээж минь захисан болохоор би болж л өгвөл муухай доромж үг хэлэхээс цээрлэдэг. Харамсалтай нь манайхан бол муудалцах үедээ галзуу юм шиг хамгийн муу муухай үгийг хайр найргүй хэлдэг. Нэг нь хэлж байна гэж тоож байгаа ч юм алга, нөгөө нь ч бас хэлүүлж байгаагаа ч тоосон юмгүй улам л муу муухай үгийг зөрүүлээд шидэлцээд байх нь харагддаг. Нарийн яривал хэрэлдэхэд хүртэл *шинжлэх ухааны үндэслэлтэй* үг хэрэглэх хэрэгтэй шт. Ядаж л энгийн үгээр муудалцаж, хэрэлдэж болдоггүй юмуу? Хүн хүнээс этгээд гаж хамгийн аймаар үгсийн сантай хэрэлддэг *сайхан хүүхнийг* харахаас ч аймаар... бас жигшмээр байдаг шүү...
За, хэрэлдсэн юм байж, муудалцсан юм байж. АРГАДАЖ СУРАХ ЁСТОЙ гэж би хувьдаа боддог. Нарийн яривал АРГАДНА гэдэг чинь УХААН. Уурлуулж чадсан юм чинь АРГАДАЖ ЧАДАХ л ёстой. Сайхан аргадаж гэмээнэ цаашдын харилцаагаа авч үлдэж чадна. Эс бөгөөс тэгээд зам замаараа явах байлгүй дээ... Аргадна гэдэг бол ухаантай хүнээс л гарах үйлдэл бөгөөд түүнийг нь хүлээн авч чаддаг хүн бол ИЛҮҮ УХААЛАГ ХҮН болоод явчихаж байнаа даа???
Сайнтай муутай хорвоод САЙНДАЖ МУУДАХЫГ алийг тэр гэх вэ? Гол нь дараа нь л нэг нь АРГАДАЖ нөгөө УУЧИЛДАГ байвал тэгээд л болоод явчихна даа.