“Ханш нээх” өдрийг монголчууд талийгаач нарынхаа газрыг эргэж очдог өдөр хэмээн буруу ойлгож байна
2018/04/05
4-р сарын 5-ны өдөр "Ханш нээх өдөр" тохиож байна. Сүүлийн үед монголчууд энэ өдрийн утга учрыг ойлгохгүйгээр өөрийн уламжлалт биш харийн орны зан үйлийг дагаж, элдэв ёслол үйлдэх болжээ.
Иймд энэ талаар цэгцтэй ойлголт өгөх үүднээс МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэвээс тайлбар авлаа.
-“Ханш нээх” өдрийн тухай манай уншигч олонд дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Монголчууд бидний дунд дэлгэрсэн Бурханы шашны ухааны нэг нь зурхайн ухаан юм. Зурхайн ухаанаар Монгол оронд тохиодог цаг улирлуудыг ерөнхийд нь дөрвөн улиралд хуваахаас гадна, бага хорин дөрвөн улирал гэж хуваадаг.
Ханш нээх гэдэг нь энэхүү хорин дөрвөн бага улирлын нэг буюу хаврын нэгэн улирлыг хэлж байгаа юм. Хаврын улиралд хаврын амьсгал орох, хур усны улирал эхлэх, ханш нээх зэрэг багтана. Ханш нээх өдөр нь тусгайлан зан үйл үйлддэг онцгой өдөр биш юм. Үүнийг манай сүсэгтэн олон сайтар анхаарах хэрэгтэй.
-Сүүлийн жилүүдэд энэ өдөр талийгаач нарынхаа шарил дээр эргэж очдог ёс дэлгэрсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү ?
-Монголчууд бид энэхүү өдрийг талийгаач нарынхаа газрыг эргэж очдог өдөр хэмээн буруу ойлгож байна.
Хятад хүмүүс талийгаач нарыгаа өвөл унтаад, хавар сэрдэг хэмээн үзэж дээд тэнгэрт баян цатгалан байгаарай гээд гурван мантуу тавьж, хүж асааж, амьд үедээ хэрэглэх дуртай байсан идээ ундааг нь өргөх, өөрсдийнхөө тухай ярих гэх мэт зан үйлийг үйлдэж хүйтэн хоол иддэг байна.
Энэ бол Монголчуудын ёс биш шүү дээ. Монголчууд бид талийгаачийн газрыг тэр бүр эргээд байдаггүй, ихэд цээрлэдэг ард түмэн юм.
-Нийт сүсэгтэн олондоо хандан энэхүү өдрийн буруу ёс, зан үйлийг бүү үйлдээрэй хэмээн уриалга хүргэнэ үү?
-“Ханш нээх” үеэр жил бүр л Гандан хийдэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирж энэ талаар асуудаг. Дахин хэлэхэд энэхүү өдөр нь талийгаач нарыгаа эргэж очдог өдөр биш шүү. Газар тариалангийн ажил эхэлж, ичсэн амьтад ичээнээс гарч өвлийн улирлыг өнөтэй сайхан давж, хаврын улирал ирж байгааг илтгэж байгаа өдөр юм.
-Танд баярлалаа.
Эх сурвалж: Монголын Бурхны шашны төв Гандантэгчэнлин хийдийн "Билгийн мэлмий" сонин